Улс төр
2020 ОНЫ УИХ-ын сонгуульд хэн хэн хаанаас нэр дэвших вэ
УИХ-ын ээлжит сонгууль айсуй. Нэр дэвших эрхийн төлөөх тулаанд олон хүн мордсон. Өрсөлдөгчөө гэж харсан бүхнээ намнаж буй нь ч нууц биш. Улс төрийн намуудын их, бага хуралдай зарлагдах хүртэл хичнээн хүн аавын хаалга татахыг таашгүй. Намынхаа даргад ойр, ам тохироогоо сайн хийж чадсан нөхдүүд л бүтэн нойртой хонож байгаа болов уу. Буланд шахагдсан, ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийн тухайд хувь заяатайгаа эвлэрэхээс өөр арга үлдээгүй. Ингээд УИХ-ын 2020 оны сонгуульд хэн хэн хаана нэр дэвшихээр байна вэ гэх таамгийг хүргэе.
Архангай аймаг. Улс төрийн нөхцөл байдлын хувьд харьцангуй тайван тойрог. Бэл бэнчинтэй нөхдүүд сүүлийн 20 жилийн турш бууриа засах гэж тэмцэлдэж буй учраас хурдан удмын адуу, сүүтэй үнээ зэрэгт хууртахаа больсон байна лээ. Өнгөрсөн сонгуульд Ардчилсан намаас Р.Гончигдорж, Д.Ганхуяг, Н.Батбаяр, МАХН-аас Ц.Цэдэндамба, Б.ГаЫнцэцэг нар нэр дэвшиж байсан бол Б.Мөнхзул, Б.Мэндсайхан хоёр бие даасан юм. Харин 2020 оны сонгуульд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё. Баатарбилэг хоёр бараг л тодорхой болж байгаа бол Г.Тэмүүлэнгийн хувьд М.Энхболдын фракц гэдгээрээ буланд шахагдаад байгаа аж. Ардчилсан намын хувьд Сангийн сайд асан Болор, Портунаагийн охин Б Жаргалан, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга, Д. Золжаргал, Багшийн дээд сургуулийн ректор Б. Мөнхзаяа нар намдаа дэнчингийн 40 саяаа тушаачихсан гэх яриа байна.
Баян-Өлгий. МАН-аас ХХААХҮЯ-ны дэд сайд А.Сауле эмэгтэйчүүдийн квотод нэр дэвшихээр яригдаж байна. Харин Г.Солтан гишүүний хувьд ЖДҮ –ээс зээл авсан гэдгээрээ буруудан торгуулийн суман руу илгээгдээд байгаа. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы тухайд нам нь дэмжвэл буцах юун хэмээж буй. Шинэ хүний тухайд Засаг дарга А.Гылымхан намын даргаас хариу хүлээж байгаа гэх тайлбартайгаар орон нутгаа тойроод эхэлсэн гэх яриа байна. Харин Ардчилсан намаас А.Бакей, Х.Ержан, Мурат гэсэн нэр яригдаад эхэлсэн. Өмнөх сонгуульд АН-ын гурван нөхөр гурвуулаа нэр дэвшин өвдөг шороодсон байдаг. БН-аас Н.Самат гэх эр нэр дэвшиж байсныг өгүүлэх хэрэгтэй болов уу.
Баянхонгор. МАН-аас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Э.Содномжамц нар энэ тойрогт өрсөлдөнө. Хүчтэй тулаан Засаг ноён Э. Содномжамц хоёрын дунд болж буй сурагтай. Эмэгтэйчүүдийн квот дээр М.Билэгтээс өөр хүний нэр дуулдахгүй байна. Намд эмэгтэйчүүдийн суудал хэрэгтэй гэж үзвэл түүнийг “залах” л байх. Харин Ардчилсан намаас Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, УИХ-ын гишүүн асан “битон” Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн “Номгон санчир” ХХК-ийн захирал А.Адъяасүрэн нар горилж яваа. Өмнө нь энэ тойрогт АН-аас Д.Ганбат, Н. Түвшинбаяр, Х.Баттулга, О.Амартүвшин МАХН-аас А.Одончимэг, Б.Ууганбаяр, А.Батдорж, Монголын Ардчилсан хөдөлгөөний намаас М.Чинзориг, бие даагчдаас Ж.Төмөрхуяг, Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшин өрсөлдөж байв.
Булган. Энэ тойрог хоёр мандаттай. МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, хуульч Б.Гүнбилэг, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, “Содмонгол”-ын Н.Анандбазар нар хүч үзнэ. Хэн нь нэр дэвших нь Ж.Бат-Эрдэнээс бусад нь таамагт орсон нөхдүүд. Хуульч Б.Гүнбилэгийн хувьд нам нь дэмжлэг үзүүлэхгүй бол бие даах бодолтой байгаа бөгөөд тэрбээр Уухай хөдөлгөөний тэргүүн эгнээнд яваа юм. Ц.Цэнгэл даргын тухайд Элчин сайдад зүтгэх үед нь Ерөнхийлөгч зөвшилцсөнөөсөө ухарсан учраас гомдолтой үлдсэн тэрбээр нэр дэвшинэ хэмээж буй бол Н.Анандбазар өмнөх сонгуульд намайг шоронд суулгаа биз дээ хэмээн зүтгэх нь зүйн хэрэг. Ардчилсан намаас Н.Түвшинбаяр , ХУАҮ-ийн танхимын дарга О.Амартүвшин нарын нэр одоогоор яригдаж буй. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх, МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир бие даан нэр дэвших бодолтой яваа гэсэн. Өмнө нь тус тойрогт АН-аас О.Амартүвшин, МАХН-аас Б.Шижирбаатар, Эх орон эвсэлээс М.Болормаа нар нэр дэвшиж байв.
Говь-Алтай. Хоёр мандаттай тойрог. Өмнө нь нэг л мандаттай байсан юм. МАН-аас тус намын генсек Д.Амарбаясгалан, Уул уурхайн сайд агсан Д. Дашдоржийн төрсөн дүү Д. Баянмөнх нарын нэр бараг л тодорхой болжээ. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд таван жил нэр дэвших эрхгүй болоод байгаа. Нам нь түүнийг шийтгэсэн хэрэг. Ардчилсан намаас Засаг дарга асан О.Амгаланбаатар, Ерөнхийлөгчийн оюутны бодлого хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж хоёрын нэр сонсогдох болсон. МАХН хошууч генерал Н.Жалбажав гуайд нэр дэвших санал тавьжээ.
Дорноговь. Хоёр мандаттай тойрог. МАН-аас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал О.Одбаяр нэр дэвших бололтой. Тэрбээр саяхан ажлаа өгсөн. Энэ хоёроос гадна МАН-ын дарга, Засаг дарга Т.Энхтүвшин нам дэвжвэл нэр дэвшинэ хэмээж буй. Харин Ардчилсан намаас одоогоор яригдаж байгаа нэрс тодроогүй байна.
Дархан-Уул аймаг. Мандатын тоо гурав. МАН-аас Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар нэр дэвшихээр зэхэж буй. Мөн УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар санаатай байгаа. Шинэ хүн гэвэл Монголын төмөр замын дарга асан Б.Цэнгэл. Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн тухайд энэ удаад нэр дэвшихгүй . Учир нь түүнийг МАН-ын дарга У. Хүрэлсүх сонгуулийн дараа Сангийн сайдаар томилох санал тавьсан хэмээн саарал ордны бор шувуу жиргэж эхэлсэн. Ардчилсан намаас Н.Мөнхдаш, Л.Наранбаатар нар горилж яваа сурагтай.
Дорнод аймаг. МАН-д тус тойрогт шинэ нэр дэвшигчдийг илгээх сонирхол буй. Юутай ч ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нэр дэвшихээр ажлаа өгөөд байгаа. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд асан Б.Энхбаяр нэр дэвшихээр горилж буй. Тэрбээр нам дэмжихгүй бол Уухай хөдөлгөөнийг төлөөлж, бие даан нэр дэвшинэ гэдгээ хэвлэл мэдээллийнхэнд ам алдсан удаатай. Ардчилсан намаас П.Алтангэрэл өрсөлдөх болов уу. Түүнчлэн АПУ-ийн П.Батчимэгийн нэр эмэгтэй квотод дуулдах болсон. Өмнө нь тус тойрогт МАН-аас Х.Болорчулуун, Н.Номтойбаяр АН-аас М.Зоригт, МАХН-аас Ж.Энхжаргал нар нэр дэвшиж байв.
.
Дундговь аймаг, Говьсүмбэр. Хил залгаа орших боловч нутгийн олон хоёр аймгийн нэгтгэн нэг тойрог болгож буйд ихээхэн дургүйцэж буй. Дундговьчуудын хувьд Б.Наранхүүгээсээ уйдсан гэх яриа гараад байгаа. Энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Засаг дарга Г.Батсуурь хоёрын нэг нь МАН-аас нэр дэвших байх гэсэн сураг гарсан. АН-аас Б.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо нэр дэвшиж магадгүй. Дашрамд сонирхуулахад, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир зорихоор бэлтгэж байсан боловч нам нь таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ сургаар Оюутны холбооны Б.Амарсанаа гэх залуу тус тойргийг сонирхоод эхэлсэн гэнэ.
Завхан аймаг. Сонирхол татахуйц тойрог. МАН-аас заан Ц.Цэрэнпунцаг, Ш. Сайхансамбуугийн дүү .Ш.Батсамбуу, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар нэр дэвшихээр яригдаж байгаа гэнэ. Эмэгтэй квот дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг зүтгүүлж магадгүй гэх бор шувуу нисч буй. АН-аас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Я.Санжмятав, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нарын нэрс яригдаж байгаа юм.
Орхон аймаг. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ нар Орхон аймгийг тойглож яваа. Хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нутгийн түмнээ түшин Орхон аймгийг зорихоор зэхэж байгаа гэх мэдээлэл бий. АН-аас хэн нэр дэвших нь одоогоор бүрхэг байгаа бол МАХН-аас О.Баасанхүү өрсөлдөнө. Мөн түүнтэй хамт С.Ганбаатар нэр дэвшинэ гэх дам яриа гараад амжсан.
Өвөрхангай. Энэ аймагт МАН-аас магадлал өндөр ганц хүн нь С.Чинзориг л болоод байна. Д.Тогтохсүрэн, Я.Содбаатарын тухайд өнжиж, намдаа ажиллах үүрэг аваад буй. Иймд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан боломж олгохыг хүлээж буй. АН-аас Асашёорү Д.Дагвадорж, ” Нутгийн буян” ХХК-ий захирал н. Баторшихын нэр дуулдаж эхэлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тус аймгийг сонирхож байсан ч судалгаандаа бүдэрсэн гэх яриа гарсан.
Өмнөговь. МАН-ын намаас МСНЭ-ийн дарга Х.Мандахбаярыг дэвшүүлэхээр болсон гэх яриа байгаа ч түүний хүчтэй өрсөлдөгч бол аймгийн Засаг дарга Н.Наранбаатар. Л.Энхболдын хувьд “ЖДҮ” гэх зүйлд холбогдсон учраас намаас нь нэр дэвших эрхийг нь таван жил хассан.
Ардчилсан намаас тус аймагт нэр дэвших “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд асан Ц.Баярсайхан нарын нэр дэвших болов уу гэсэн таамаг байгаа. МАХН-аас шадар сайд асан Ц.Оюунбаатар. Бие даагчийн тухайд “Монголоо аваръя” хөдөлгөөний тэргүүн сэтгүүлч А.Эрдэнэ баярын нэр дуулдах болов.
Сүхбаатар аймаг. МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөхөөр яригдаж байгаа бол гавьяат эмч Ө.Чинбүрэн, Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ хоёрын нэг гэх яриа гараад байгаа. Ч.Улаан сайдын тухайд тэрбээр 2020 оны сонгуульд нэр дэвшихгүй гэх ам өчигтэйгөөр ХАА-ны салбарыг тэргүүлэх болсон гэх яриа байдаг ч тэрбээр нэр дэвших бэлтгэлээ ханган үе үехэн нутгийн зүг хүлгийн жолоо залах болсон. Ардчилсан намаас экс Засаг дарга Ж.Батсуурь, ХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Н. Ганибал дахин хүч үзэх болов уу. Мөн М.Зоригт гишүүн ч өрсөлдөж мэдэхээр байгаа.
Сэлэнгэ. Энэ удаагийн горилогчид Д. Эрдэнэбатаас бусад нь шинэ хүмүүс байгаа. Гэхдээ нам нь мань хүнийг энэ удаад өнжүүлэх шийдвэрийг гаргаж мэднэ. Тиймээс түүний оронд аймгийн МАН-ын дарга, аймгийн Засаг дарга Ш. Оргилыг хүчээр оруулж ирнэ. Түүнтэй мөр зэрэгцээд МАН-ын ЗТХЯ-ны дэд сайн асан Б.Цогтгэрэл, эмэгтэй гэх тодотголоор МУИС-ийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан эдүгээ Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон Ч.Ундрам нарын нэр яригдах болсон. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Таванбогдын Баатарсайханы дүү Ц.Отгонбаатар нэр дэвших нь тодорхой байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр УИХ-ын гишүүн Ж. Энхбаяр тус аймагт бизнес хийдэг гэх утгаараа нэрээ дэвшүүлэх ихээхэн сонирхолтой байгаа гэнэ. Уг нь түүний нэр БЗД-т яригдаж байсан юм. Гэвч мань эр ЖДҮ-гээсээ болоод энэ удаад өнжих даалгаврыг намаасаа авах болов уу гэсэн таамаг буй.
Төв. Тус тойргийн сонгогчид шинэ нэр дэвшигчийг сонирхож байгаа ч М.Энхболд, Н.Энхболд, А.Сүхбат нарын тойргоо өгөхгүй хэмээн гэдийцгээж буй. Одоогоор МАН энэ тойрогт хэнийг илгээх тухайд нам өөрөө тэвдэж буй. Ардчилсан намаас Төв аймагт Төв аймгийн АН-ын дарга, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, Ардчилсан намын генсек Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр яригдаж байгаа. Харин эмэгтэйчүүдийн квотын тухайд хүчтэй эмэгтэйчүүд өрсөлдөхөөр байгаа. “Зэс эрдэний хувийн” Алтанхуяг, Ерөнхиий сайд Бямбасүрэн гуайн охин Энхбайгаль, Эрдэнэсувд нарын нэр дуулдаж буй.
Увс. МАН-аас Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат нар бэлтгэлээ базааж байгаа бол Ардчилсан намаас “ТЭСО” корпорацийн захирал О.Цогтгэрэл, С.Отгонбаяр нар өрсөлдөх болов уу. С.Отгонбаярын тухайд Хотын даргын төрсөн ах. Мөн дээрх нэр дэвшигчдийн өвдгийг чичрүүлэх хүн бол ерөнхий сайд асан Н.Алтанхуяг.
Ховд. МАН-аас УИХ-ын гишүүн Л.Батнасан, С.Бямбацогт, Ц.Цогзолмаа нар итгэл төгс байгаа. Ардчилсан нам УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорждоо ихээхэн итгэл өгч буй. Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Адьшаа дөрвөн жилийн турш тус тойргийг усалж яваа. Энэ хоёр дээр Ардчилсан намаас залуучуудын төлөөлөл болгож, Монгол Улсаас АНУ-ын Сан франциско хотод сууж байсан Ерөнхий консул асан Э.Галбадрал орж ирж мэдэхээр байна.
Хөвсгөл. МАН-ын итгэл бүхий тойрог. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар нарыг дахиад нэр дэвшихэд үгүйсгэх сонгогч байхгүй л болов уу. Ардчилсан намаас ИТХ-ын дарга асан, уяач Болдбаатар, уяач Мөнхтөр, Ц.Оюунгэрэл гурваас өөр хүний нэр одоогоор дуулдахгүй байна.
Хэнтий. МАН-аас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Засаг дарга С.Ганбямба нар хэдийнэ тойргоо өмчлөөд авцгаасан. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Засаг дарга асан Ж.Оюунбаатар, М.Хүдэрбаатар нарын нэрс дуулдаж буй ч Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Г.Баасан эмэгтэйчүүдийн квотоор хүч түрэн орж ирж байгаа сурагтай.
Баянзүрх дүүрэг. Улстөрч гэж өөрийгөө үзэж буй хэн бүхэн энэ тойргийг сонирхож буй гэхэд буруудах зүйлгүй. МАН-аас УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НОСК-ын дарга асан Б.Сүхбаатар нарын нэр одоогоор яригдаж байгаа аж. Дүүргийн МАН-ын дарга Э.Бат- Амгалангийн тухайд УИХ-ын хоёр ч сонгуульд дүүргээ тавьж туусан “гэмтэн” болоод буй. Тиймээс 2020 онд намынхаа даргыг солихгүйгээр сонгуульд оролцох боломжгүй хэмээн МАН-ын төв удирдлагууд тооцоолж байгаа гэх сураг байна. Намын даргаар гүйлгээ ухаан, эдийн засгийн чадавхи сайтай гэдгээр нь Б.Саранчимэгийг томилохыг үгүйсгэхгүй.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Пүрэвдаваа дэд сайд Булгамаа, БЗД-ийн дэд дарга Т. Батцогт, Элбэгборжийн хүү Э. Эрдэнэ нарын залуучууд өрсөлдөх гэнэ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан ШИНЭ намаасаа өрсөлдөж магадгүй. Зарим эх сурвалжаар мань хүн Сүхбаатарыг сонгож байгаа гэх. Эхийнхээ талаар Хэнтийд хүч үзэхийг ч үгүйсгэхгүй. Мөн тус дүүрэгт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу бие даан нэр дэвших бололтой.
Баянгол дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн А.Ундраа, Ж.Ганбаатар тэргүүтнүүд дахин өрсөлдөнө. Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяад нам нь дэмжлэг үзүүлбэл тус дүүрэгт нэр дэвших сонирхолтой байгаа ч нам дэмжлэг үзүүлэхгүй бол Уухай хөдөлгөөнөөс бие даан нэр дэвшихээр яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Ардчилсан намаас тус намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтнүүд бэлтгэлдээ ороод буй. Мөн Д.Оросоо АН-аас нэр дэвшигчдийн дунд бий.
Хан-Уул дүүрэг. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ж. Алдаржавхлан, Д.Сарангэрэл нар өрсөлдөхөөр яригдаж буй. С.Алдаржавхлангийн хувьд өмнөх УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон намаа авч гарсан гавьяатай нэгэн. Тарж бутрах дээрээ тулаад байсан дүүргийн намыг эв нэгдлэтэй болгосон гэдгээрээ МАН-ын шинэ удирлагад үнэлэгддэг цөөн Засаг дарга нарын нэг. Сайд Д.Сарангэрэлийн хувьд эмэгтэй квот гэдгээрээ улаан гэрэл асаалттай байгаа. Дэлхийг цочроосон короно вриусыг барьж чадаж байгаа гэдгээрээ түүний нэр хүнд ахисаар байгаа нь нууц биш. Ардчилсан намаас одоогоор Засаг дарга асан Ж.Ганхуяг, “Эрдэнэс монгол”-ын захирал асан Б.Ариунболд нарын нэр сонсогдож буй. Эмэгтэй квот дээр Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгальмаагийн нэр яригдаж байсан ч тэрбээр СЕХ—ны гишүүн болж, тангараг өргөсөн тул оронд нь тэмцэгч бүсгүй цагдаагийн эхнэр Энхсайханы нэр мэр сэр дуулдах болов. Харин УИХ-ын гишүүн Л.Болд ШИНЭ намаасаа нэр дэвшинэ.
Чингэлтэй дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Хассуурийн гэх тодотголтой Х.Ганхуяг , Д.Ганболд нар нэр дэвшихээр тойргоо усалцгааж буй. АН-аас УИХ-ын гишүүн Баярсайханаас өөр хүний нэр тодорхойгүй байгаа. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх асан Г.Уянга тус дүүрэгт бие даан нэр дэвших сурагтай.
Сүхбаатар дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нар урьдын адил нэр дэвшинэ. Харин Ардчилсан намаас Боловсролын сайд Г.Гантөмөр, АН-ын Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар тойргоо хэдийнэ тамгалсан.
Сонгинохайрхан дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Н.Учрал нарын нэрс яригдаж байна. Гэхдээ Учралаа жийж болзошгүй гэх яриа гаргаад амжсан. Ардчилсан намаас тус дүүрэгт УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нэр дэвшихээр яригдаж байна.
Багахангай, Налайх, Багануур. Тус гурван алслагдсан дүүргийг нэгтгэж, нэг юм уу хоёр мандаттай болгохоор зэхэж байгаа бөгөөд МАН-аас одоогийн Хотын дарга С.Амарсайхан өрсөлдөхөөр яригдаж байна. АН-аас энэ талаар тодорхой байр суурьгүй байгаа.
С.Бүрэнжаргал
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр23 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө