Улс төр
Хүрэлсүх Жак Дерридагийн текстийг яаж мэдэж байна?

Э.Бат-Үүлийн нийтлэлийг хүргэж байна.
Философийн доктор Молор-Эрдэнэ нэгэн удаагийн ярилцлагадаа “Шударга ёс гэдэг үгийг монгол хэлний үгийн сангаас хасах хэрэгтэй” хэмээн хэлсэн. Түүний энэ “текст” тун гүн гүнзгий утгатай юм. Гэхдээ Молор-Эрдэнэ бээр энэ бичвэрийнхээ цаад санааг олигтой тодруулаагүй байсан санагдана. Өөрөө юу бодож хэлснийг таашгүй. Юу ч гэлээ, Хэлний асуудлыг хөндсөн нь тодорхой.
ХХ зуунд, өрнийн философид Людвиг Витгенштейн (Ludwig Wittgenstein), Мартин Хайдеггер (Martin Heidegger) гэдэг хоёр хүний манлайлсан “Хэлний хувьсгал” гээч болжээ. Витгенштейн, Хайдеггер нараас өмнө философичид хэлний тухай хэлэлцдэг байсан л даа. Гэхдээ Хэл бол бодол санаагаа илэрхийлэх хэрэгсэл төдий хэмээн үзжээ. Гэтэл мань хоёр эр, үнэндээ Хэл нь ухамсар, оюун ухаан, бодол санааг удирддаг зүйл болохыг илчилжээ.
Бодоод үз дээ! Философич зөндөө мундаг юм бодоод түүнийгээ Хэлний тусламжтай буулгаад илэрхийлээд буй гэсэн чинь, ашигласан Хэл нь эргээд өөрийнх нь эргэцүүлэл, бодлыг удирдан чиглүүлж шүү дээ! Компьютер буюу хиймэл оюуны үйлдлийг софтвер удирддаг шиг!
Людвиг Витгенштейн “Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар” хэмээх алдарт айлдвараа буулгав. Мартин Хайдеггер дутсангүй, “Хэл бол Ахуйн (Байхуйн) гэр орон” гэж барьцав. Тэр хоёр философичид учраас жир хүн үг хэлийг нь ойлгохооргүй “нууцлаг утгатай” айлдана шүү дээ. Миний ойлгосноор хэн хэн нь, Ухамсарын хувьд Ертөнц биш, Хэл анхдагч гэдгийг л хэлээд байгаа юм. Хэл бол Ертөнц ба Ухамсарыг хооронд нь холбон зуучлагч. Нүд, Ертөнц хоёрыг гэрэл зуучилдагтай эгээ адилхан. Ухамсар, Хэлний цаана гарч Ертөнцийг шууд “харж” чадахгүй, зөвхөн Хэлээр дамжина. Тэгэхээр философидох гэдэг нь хэлийг судлах ажил болов.
Витгенштейн хэл судлал (философи)-аа цааш нь “хэлний тоглоом” гэдэг ойлголтоор үргэлжлүүлэв. Ухаан нь хөгжмийн ноот бүр тусдаа байхдаа ая болж чаддаггүй, тодорхой дүрмээр холбон нийлүүлэхэд өнгө өгч аялгууг бий болгодог. Ноотны энэ шинж чанарыг ашиглан хөгжимчид “тоглодог” байна. Хөгжим бол ноотоор тоглох тоглоом юм. Хэлний тоглоом үүнтэй төстэй, үгээр тоглох тоглоом аж.
Аливаа үг ба түүний цаана хөтлөгдсөн үзэгдэл нь тодорхой дүрэм бүхий хэлний тоглоомд орж чадвал “ноот” шиг утгаа олж авах, бас шинэ утгатай болдог аж. Жишээ нь, би нэг удаа Лүндээжанцанд “Бурхан, морь унаад явж байна лээ” гээд хэлээдэхсэн чинь “Тийм юм яаж байдгийм” хэмээн ундууцаж билээ. Уг нь Лүндээжанцан “бурхан байдаг” гэдэгт бат итгэдэг хүн сэн. Гэтэл, мөнөөх “бурхан” гээч нь ердийн хэлний тоглоомд орж чадахгүй байсан тул утгагүй сонсогдохуйд мань Лүндээ бурхан байдгийг өөрийн мэдэлгүй үгүйсгэж “нүгэл үйдсэн” нь тэр юм.
Харин, яруу найрагч Өлзийтөгс:
Эвхрэн, эвхрэн
Бурханы өмнө сөгдсөн
Эмээгийн эрхи! хэмээн шүлэглэхүйд “бурхан” гэдэг үг өөрийнхөө төгс утгыг олж авах аж.
Витгенштейн; олон янзын хэлний тоглоом дотроос танин мэдэхүйн хувьд ач холбогдолтой нь шинжлэх ухааны хэл, филосифи бол хэлний будилааныг цэгцлэх судалгааг эрхлэх үйл ажиллагаа, метафизик бол хэлний будилаанаас үүдэлтэй гажуудал гэх зэргээр лүндэгнэжээ.
Мэдээж, аугаа метафизикч Хайдеггер боож үхээд хүрэлсүх мэт “битгий шаа!” хэмээн хариу барилгүй яахав.
Хайдеггер; Хэл бол Байхуй (Ахуй)-г нээгч “цонх”, европчууд энэ “цонх”-ыг шинжлэх ухаанжуулснаараа явцуурч, иргэншлийнхээ хувьд эргэлтгүй уналт руугаа явсан, Витгенштейний “хорон санаа” бүтэх аваас хүн бол шинжлэх ухааны хэлээр л ярьдаг яг робот шиг болно. Тийм учраас шинжлэх ухаан бус яруу найраг хүн төрөлхтнийг аварна, яагаад гэвэл яруу найрагчид л Ахуй (Байхуй)-тай ярьж чаддаг гэх зэргээр хариу “гал нээсэн” юм.
Хайдеггерийн философийг Өлзийтөгс:
Би шүлэг бичдэг учраас л
Би ариун
Би амьд
Би цэвэр хэмээн тунхаглаж байна.
Яг ч үнэндээ Хайдеггер; Витгенштейний нэрийг ч, бүтээлийг нь ч, нэг ч удаа “хэлэндээ ойртуулж” байгаагүй. Витгенштейний тухай огт дуулаагүй юм шиг байдаг. Би л уншигч та бүхэндээ өөрийн ойлгосноо зохиомжлон хүргэж байгаа юм шүү!
Нээрээ “дурлал” гэдэг үгийг шинжлэх ухаанчаар хэлэх гээд үз л дээ! Шинжлэх ухааны хэлэнд яагаад ч утгатай болж чадахгүй. Боллоо гэхэд роботын л “дурлал” болно. Энэ үгэнд яруу найрагчид л утга өгч чадна. Жишээ нь, Б.Явуухулан:
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана гэж шүлэглээд дурлалыг утга төгөлдөр болгож байна.
Бертран Рассел (Bertrand Russel) “Өрнийн философийн түүх” номыг бичиж байх үед философи нь шашин ба шинжлэх ухаан хоёрын дунд “зогсож” байсан бол Витгенштейн, Хайдеггер нараас хойш философи нь шинжлэх ухаан ба яруу найргийн дунд “зогсох” болсон юм даа.
Витгенштейн, Хайдеггер нарын эхлүүлсэн хэлний хувьсгалыг цааш нь тултал явуулсан хүн бол Жак Деррида (Jacques Derrida) гэгч еврей гаралтай франц хүн. 1981 онд, тэр үедээ социалист орон байсан Чехословакийн нууц цагдаагийн алба, нутагт нь лекц уншиж явсан Жак Дерридаг марихуан авч явсан хэмээн гүжирдэн Прагийн шоронд цагдан хорьжээ. Манай Баабар бас тэнд хоригдож байсан юм.
Монголыг бодвол Франц оюуны томчуулдаа нөхцөлгүй хүндэтгэлтэй ханддаг бөгөөд тэдэнд нь хүрвэл маш их эмзэглэдэг. Тэр ёсоор болж Францын ерөнхийлөгч Франсуа Миттеран (Francois Mitterrand) “Вольтерийг маань сулла!” хэмээн Чехословакийн удирдагч нарт шүд зуусан тулган шаардалт явуулсан гэдэг. Сандарч ичсэн коммунист удирдагчид мань эрийг шоронгоос тавьж явуулав. Коммунист варваруудаас суллагдсан Деррида Парист баатрын ёсоор эргэж ирсэн билээ. Харин, Баабарыг Прагаас авчраад Ганц худгийн шоронд чандлан хорьсон. Түүнийг Александр Солженицыний “Худал хуурмаггүй амьдрах нь” гэдэг захидлыг монгол хэл рүү орчууллаа гэж тэгсэн юм шүү дээ!
Деррида хэлний хувьсгалыг “тэмдэгтийн хувьсгал” болгон цаашлуулав. Деррида, Хэлийг тэр чигт нь бичвэр (текст) гэж үзэв. Яриа ч гэсэн “чихээр сонсож буй бичвэр” гэнэ. Бичвэр (текст) бол үгнээс бүрдэх тэмдэгтийн тогтолцоо. Үг нь тэмдэглэгч болохынхоо хувьд бусад тэмдэглэгчээс ялгарч байгаагаараа л утгатай болдог. “Улаан” гэдэг үг “ногоон” гэх зэрэг бусад үгнээс ялгарч байгаа учраас л утгатай болж байна. Түүнээс биш цаана нь утга өгдөг ямар нэгэн “улаан” гэгч оршихуй байгаа учраас утгатай болоод байгаа юм биш.
Бас, үг нь өөрийнхөө үгүйсгэл болон саармаг утгаа “нөөцлөн” өөртөө авч явдаг гэнэ. Тийм учраас үг өөрөөсөө шинэ шинэ утга төрүүлэх чадвартай аж. “Улаан ногоон” гээд л завсрын үг хэрэг болоход гараад л ирнэ.
“Үнэн” гэдэг бол зүгээр тэмдэглэгч үг л юм. Түүнээс биш “Үнэн” гэдэг оршихуй байгаа юм биш. Тийм оршихуй байх ч бололцоогүй. Барууны сэтгэлгээний гол алдаа “үнэн” гэдэг үгний цаана Үнэн гэдэг оршихуй байгаа мэт ойлгож түүнийг хайсан явдал гэнэ. Тэгэхээр, Ухамсарын хувьд тэмдэглэгчийн тогтолцоо болох “бичвэрээс гадна юу ч үгүй” ажээ. Ухамсарт, тэмдэглэгчийн цаана байгаа Ертөнц хүртээлгүй болой. Деррида ингэж философидсон байна.
Деррида, мань мэт ойлгоход маш түвэгтэйгээр философиддог. Миний ойлгож буйгаар, хүний ухамсар компьютераас нэг их ялгарахгүй, тэмдэгтийн командаар ажиллаж “зөвхөн тэмдэгтээр л сэтгэдэг” байгалийн компьютер гэж хэлээд байгаа бололтой. Тэгээд, тэмдэгтээс бүрдсэн “софтвер”-ийн гадна юу ч байхгүй, тэр тусмаа Үнэн гэж байхгүй гэчихлээ.
Ийнхүү Жак Деррида философийг 2500 жилийн тэртээ эхэлсэн тэр цэгт нь буцаагаад “шидчихсэн”! Үнэнг үгүйсгэгч софизм эргэж ирэв. Философичид ёстой паникдсан. Дерридагийнхаар бол софистуудын зөв болж, сократчууд буруудсан мэт. Тэгэхээр, философичид 2500 жилийн турш сократч ёсоор Үнэнийг хайлаа гээдэхсэн чинь тэр Үнэн гээч нь ерөөсөө байдаггүй болж таараад, үг хэмээх тэмдэгтээр тоглуулж суусан гэхээр гомдолтой байлгүй яахав! Ямар сайндаа постмодерн философийг Дерридатай нэгэн зэрэг үндэслэж явсан Ричард Рорти (Richard Rorty) философийн тэнхимээ орхиж урлаг судлалын тэнхим руу шилжиж байхав.
Софистууд бол Афины мэргэдүүд. Тэд; хүн л бүхний хэмжүүр, Үнэн гэж байхгүй, үгээр зөв тоглож чадвал юуг ч Үнэн мэт ойлгуулж болно гэх зэргээр номлодог байв. Тэдний энэ номлолыг л Деррида хэл шинжлэлийн аргаар нотолсон мэт санагддаг юм. Афин ардчилсан хот-улс байсан. Хурлын гишүүн, шүүхийн шүүгч зэрэг төрийн өндөр албанд сонгуулиар очдог байж. Тийм учраас мөнгөтэй олигархиуд нь төрийн албанд сонгогдохын тулд софистуудад мөнгө төлөн шавь орно. Софистууд олигархиудад риторик буюу хэлээр “ховсдох” аргыг зааж өгнө.
Хэл бол маш мэхтэй, шидтэй эд гэдгийг анх софистууд ухаарсан байдаг. Хэлний ачаар л бид төсөөлдөг, фантаазалдаг, зохиодог, худлаа ярьдаг, эмоцоо “нисгэж” чаддаг юм. Жишээ нь, “Уур хүрээд боож үхлээ, талбай дээр цуглаанд очъё!” гэдэг коммент интернэтээр шидчихээд, цаг нь болохоор цуглаанд очдоггүй нь хэлний л ач юм. Хэрэвзээ хэл байгаагүй бол “цуглаанд очъё!” гэдгийг заавал биеэр очиж илэрхийлэх байлаа шүү дээ!
Хэлний мэх, шидийг зөв ашиглаж чадвал хүнийг ховсдож болно. Өөрөөр хэлбэл хүн бол хэлээр тоглуулдаг амьтан. Түүнийг улс төрд ашиглах урлагийг софистууд риторик хэмээсэн юм.
Өнөөгийн Монгол, афинчуудын нэгэн адил төрийн өндөр албан тушаалаа нэр дэвшигчид дундаас сонгож ажиллуулдаг. Сонгуульд оролцдог улстөрчдөд нь сонгогчдоо ховсдох риторик бас хэрэгтэй. Гэтэл Монголд, үгээр ховсдохыг заадаг софистууд байхгүй. Байлаа ч, хэдийгээр улстөрчдийн ихэнх нь боловсрол муутай боловч, тэд мөнгө төлж үгээр ховсдох урлагт системтэй суралцах гэж үгүй.
Гэхдээ гайхалтай нь манай популистууд мэдлэггүй, харанхуй хэрнээ хэлээр тоглож ховсдохдоо гарамгай. Риторикийн онолыг ямар ч софистоос дутахгүй зөнгөөрөө мэднэ. Жишээ нь, Жавхлан гишүүн! Дуучин хүн байсан тул боловсрол гэхээр юм байхгүй л дээ. Улс орныхоо түүхийн талаар мэдлэг тун чиг нимгэн дээ. Ямар сайндаа, Коминтерний даалгавраар Монголын эх орончдыг гэмгүй олон мянган иргэнтэй нь хамт устгаж, эх орноо Зөвлөлтийн колоничлолд оруулж байсан ногоон малгайтнуудыг “эх орончид” хэмээн “шааж” хувцас формоор нь гангаран дөвчигнөж байхав.
Ер нь мань эр “эх орон”, “тусгаар тогтнол” гэдэг ойлголтуудын утгыг үнэндээ огт мэдэхгүй юм билээ. Тэгээд, Зөвлөлтийн колони байсан БНМАУ-ыг жинхэнээсээ тусгаар тогтносон улс байсан хэмээн мунхаглана. Хэдий тийм ч “тусгаар тогтнол”, “эх орон” гэдэг үгээр ямар лут бөгөөд ичгүүргүй тоглодог гэж санана! Сонгогчдоо ёстой “аваад халина даа”. Жавхланг, худлыг үнэн болгох шидтэй софист Горгий ч шүтэж үхмээр!
Гэтэл, Засгийн газрыг огцоруулах асуудлыг тойрсон, саяны долоо хоногийн улс төрийн хэрүүл Жавхлан ч бас гавихгүй юм байна гэдгийг харууллаа. Нэн ялангуяа уг асуудлыг хэлэлцсэн 11-р сарын 30-ны УИХ-ын чуулган! Энэ чуулган “шударга ёс” гэдэг үгээр гишүүдийн хэн нь сайн тоглож, олон түмнийг ховсдож чадах вэ гэдэг “конкурс” боллоо. Конкурст Ерөнхий сайд Хүрэлсүх яллаа! Гишүүд бие биеэ хулгайч гэв. Хэлээд зогссонгүй “нотлох баримтууд”-ын захыг дор дороосоо харуулав. Тэгээд зогссонгүй “хулгайч” бүр шударга ёсыг нэхэн “бөөлөв”. Ерөнхий сайд Хүрэлсүх ерөнхийлөн, бүгдийг нь хулгайчаар нь дуудав. Хулгайч нарыг устгаж, шударга ёс тогтоохоо зарлав!
Шударга ёс гэдэг үгээр Хүрэлсүх үнэхээр гайхалтай тоглосоон. Шударга ёс гэдэг үгийг үзэн ядалт, атаархал, уур хилэнгийн “индэр (философийн хэлээр контекст)” дээр гаргаж тавьж байгаа нь супер байв. Бас өөрийнхөө дүр төрх, нүүр царай, дуу хоолойгоор шударга ёс гээчийг хөглөж байгаа нь супер байв. Өөрийг нь бас хулгайч хэмээн харуулчих санаатай гишүүдийг, шударга ёсоор уйгагүй “шааж” байгаа нь супер байв. Хөөрхий муу, нэр хүндээ нэгэнт барсан М.Энхболдыг “бай” болгоод шударга ёсоор дайрч олны бахыг хангаж байгаа нь супер байв.
Ерөнхий сайд Хүрэлсүх шударга ёс гэдэг үгээр гаргуун тоглож олон түмнийг аймаар ховсдсон. Хүрэлсүхийг “шааж байгаа юм” гэх хүн хүртэл түүний төлөө огшиж, цохилж байлаа шүү дээ. Үг, хэлээр ховсдох конкурст маргаангүй ялсан!
Хүрэлсүх, хүн бол учир шалгааны үүднээс сэтгэдэггүй, тэмдэгтээр л сэтгэдэг гэсэн Жак Дерридагийн текстийг туршлагаар нотоллоо. Хачирхалтай нь, Дерридагийн текстийг мэддэг байхаар боловсролтой хүн биш сэн.
Хожмын түүхэнд “11-р сарын 30-ны хэрэг явдал” хэмээн нэрлэгдэх УИХ-ын чуулганыг харж суухдаа би, Молор-Эрдэнэ докторын “Монгол хэлний үгийн сангаас шударга ёс гэдэг үгийг хасах хэрэгтэй” хэмээн хэлсэн нь ямар гүн гүнзгий утгатай болохыг бодон бодон байлаа. Өнөөдөр манайд “шударга ёс” гэдэг үг харанхуй популистуудаас массыг ховсдоход зориулсан тэмдэгт болжээ! Угаасаа ч тийм юм болов уу яруу найрагч минь!

Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм23 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа
-
Улс төр19 минут өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Бусад18 минут өмнө
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна
-
Энтертайнмент13 минут өмнө
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов