Улс төр
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог яагаад ДЭМЖИХ ёстой вэ?
Дэлхийн Эдийн Засгийн Форумын гаргадаг Жендерийн тэгш оролцооны тайланд Монгол Улсын хамгийн муу үзүүлэлт нь эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл байна.
Улс төр дэх жендерийн тэгш оролцооны хувьд Монгол Улс 152 орноос 120-р байрт жагсаж байгаа юм.
Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Мөн энэ долоо хоногт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиохтой холбоотойгоор Монгол ТВ-ийн “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгээр “Улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.
Нэвтрүүлэгт оролцогчдын онцлох эшлэлийг хүргэж байна.
“ХОРВОО ДЭЭР ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙГАА ЗҮЙЛ БОЛ ЦАГ ХУГАЦАА. ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЬД МАШ ИХ ЦАГ ХУГАЦААГ УЛСАА ҮРГЭЛЖҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛЖ БАЙДАГ”
Ц.Оюунгэрэл УИХ-ын гишүүн асан, “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн
- Эмэгтэй сонгогчид эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих хандлагатай байдаг.
- Эмэгтэйчүүдийг илүү дэмжих магадлалтай тойрог дээр нэр дэвшүүлдэггүй, өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд хүссэн тойрогтоо нэр дэвшиж чаддаггүй.
- Даргаар томилох гэхээр эмэгтэйчүүдийн чадвар хүрдэггүй гэсэн ойлголт буруу.
- Хорвоо дээр хязгаарлагдмал байгаа зүйл бол цаг хугацаа. Эмэгтэй хүний карьераа өсгөх цагаас маш их хугацааг хүн амаа өсгөж, хүмүүжүүлэхэд зарцуулдаг.
- Монгол улсыг үргэлжлүүлье гэвэл Монгол хүн байх хэрэгтэй. Монгол хүнийг байлгая гэвэл монгол эмэгтэй амаржих хэрэгтэй. Амаржсан эмэгтэй хүүхдээ хөхүүлж, асран хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ бүх зүйлд чинь цаг хугацаа л их зарцуулагдана. Энэ алдагдсан хугацааг эргэж олгож байгаа нь квот юм.
- УБ хот байгуулагдаад 365 жил болоход хотын даргаар нэг ч эмэгтэй хүн байж үзээгүй. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, сангийн сайдаар, хууль зүйн сайд эмэгтэй хүн ажиллаж үзээгүй. Эдгээр удирдах шатанд эмэгтэй хүн ажиллаж байж эмэгтэй хүн өөр байдаг юм байна гэсэн баталгааг өгөх шаардлагатай.
- Амьдралд юу болохгүй байна, ямар салбарт асуудал гарч байна тэр салбарыг эмэгтэй хүнээр удирдуулж үзэх хэрэгтэй.
- Сонгуульд нэр дэвших хүмүүс ардчилсан зарчмын дагуу иргэдээс хандив босгож болох боловч Сонгуулийн тухай хуульд сонгуулийн хандив босгох дансыг нэр дэвшсэнийхээ дараа нээлгэнэ гэж байдаг. Тэр данс нээдэг өдөр нь сонгууль эхлээд гурав хоночихсон байдаг үе. Бидэнд цаг хугацаа хэрэгтэй.
- Бусад ардчилсан оронд төрөөс нь мөнгө өгч чадахгүй өөрсдөө мөнгө босго гэдэг бол тэдэнд хангалттай цаг хугацааг өгдөг. Харин бидэн цаг хугацаа ч өгдөггүй мөнгө ч өгдөггүй, боломж ч өгдөггүй.
- Би сонгуулийн санхүүжилтээ ихэвчлэн зээл авч шийдэж байсан. Цаг хугацаа гэдэг зүйл байхгүйгээс болоод эмэгтэйчүүд болон шударгаар явж байгаа хүмүүс байнгын санхүүжилттийн асуудалд ордог.
- 2011 онд Америкийн сонгуулийн хөрөнгө босголтын туршлага судлахаар очиход тухайн үед сонгуулийн хороон дээр нь ирээдүйд Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд дансаа нээлгэчихсэн 5 хүн байгаа гэж хэлж байсан. Тэрний нэг нь одоогийн ерөнхйилөгч Доналд Трамп байсан. Юу гэхээр Америк улсад ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн 5-6 жилийн өмнө, конгрессд нэр дэвшиж байгаа хүн 2-3 жилийн өмнө хандивын дансаа сонгуулийн хороон дээрээ нээлгэчихсэн байдаг.
- Одоогийн Сонгуулийн хууль, дүрэм мөнгөтэй хүмүүсийн тойрогт л үйлчлээд байна.
“ХОЁР СОНГУУЛЬ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНЫ ДОТОР МОНГОЛ ТӨРИЙН ТОП ТҮВШИНД БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, ИХ ХУРЛЫН ДАРГААР ЭМЭГТЭЙЧҮҮД ГАРАХ ТУН МАГАДЛАЛТАЙ”
Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд
- 2017 оны сонгуульд бид мөрийн хөтөлбөртөө АЗХ-ны Удирдах зөвлөлийн 50 хувийг эмэгтэйчүүд байна гэж тусгасан байсан. Тэгээд ялж гарч ирээд удирдах бүрэлдэхүүнийхээ 50 хувийг эмэгтэйчүүд болгосон. Гэхдээ энэ нь дотоод сонгуульдаа зориулсан зүйл байгаагүй.
- Эмэгтэйчүүд илүү хэцүү замыг туулж байж эрэгтэйчүүдтэй ижил гарааны цэг дээр очдог. Тиймд реформ хийх гэж байгаа бол хүйсийн эрх тэгш байдал дээр ч гэсэн анхаарах ёстой байх гэж бодоод энэ реформыг хийсэн.
- Шинжлэх ухааны судалгаагаар эмэгтэй хүн байгалиасаа 20-оос дээш өнгө ялгах чадвартай, эрэгтэй хүн 7 өнгө л ялгах чадвартай байдаг байна. Үүнээс эмэгтэйчүүд асуудалд олон талаас хандах чадвартай гэдэг нь батлагдаж байна.
- Мэдээллийн эрин үед амьдарч байгаа залуучууд барууны нээлттэй либерал үзлийг дэмжих болов уу гэж бодож байгаа. Хоёр сонгууль хүрэхгүй хугацааны дотор Монгол төрийн топ түвшинд буюу ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын даргаар эмэгтэйчүүд гарах тун магадлалтай гэж үзэж байна.
- Бид бодлогоор эмэгтэй лидерүүдийг дэмжих зайлшгүй шаардлагатай.
- Сонгуульд нэр дэвшигчийн шадар туслах, ухуулагч гээд нийт 700 гаруй хүний цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодоход л хамгийн багадаа 300 сая төгрөгийн зардал гарахаар байна. Мөнгө биш зарчмын дагуу явъя гэж байгаа хүмүүст энэ бол том саад бэрхшээл болдог.
- Ардчилсан Нам өнгөрсөн жилийн үндэсний бодлогын хорооны шийдвэрээр эмэгтэйчүүдийг эрчүүдээс 40 хувь бага мөнгө босгох жишиг гаргасан.
“АЖЛЫНХАА ГҮЙЦЭТГЭЛИЙН ТООГООР ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХАМААГҮЙ ИЛҮҮ БАЙНА”
УИХ-ын гишүүн А.Ундраа
- Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэг. Улаанбаатарын хотын дүүргүүдэд эмэгтэй нэр дэвшигчийг эмэгтэйчүүд дэмжих магадлал өндөр, орон нутагт аймгуудаар аваад үзвэл баруун аймаг руу дөхөх тусам эмэгтэйчүүдийг дэмжих байдал буурах хандлагатай байдаг.
- Эмэгтэйчүүдийн нам дотроосоо нэр дэвших боломжтой мандатын тоо эрэгтэйчүүдийнхээс хэд дахин цөөн байдаг.
- Нам доторх эмэгтэйчүүд шат шатандаа ихэнх гол ажлыг нугалж гүйцэтгэдэг мөртлөө нэр дэвших болохоор эмэгтэйчүүдэд боломж маш бага олгож сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөх шалтгаан болдог.
- Жендэрийн асуудлыг эмэгтэй хүний асуудал гэж харалгүй манай нийгмийн асуудал гэж харж эр, эмгүй оролцож байж асуудлуудыг шийднэ. Улс орны хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө л жендэрийн асуудлыг яриад байгаа юм.
- Эмэгтэй гишүүдийн ажлыг дүгнэхийн тулд хэд хэдэн тоо баримтыг харах нь зүйтэй. Жишээ нь хурлын ирц, эмэгтэй гишүүд хэр зэрэг олон хууль, тогтоол санаачилсан болох, хэдэн ажлын хэсэгт орж ажилласан юм, ажлаа хэр зэрэг сайн хийдэг юм гэдгийг харах хэрэгтэй. Ажлынхаа гүйцэтгэлийн тоогоор эмэгтэй гишүүд хамаагүй илүү.
- УИХ-д нэр дэвших шаардлага хангасан эмэгтэйчүүд олон байлаа гэхэд та нар тэгээд мөнгө гаргаж дийлэх юм уу гэсэн яриа гарч байна.
- Сонгуулийн зардал өндөр байгаа цагт гаргасан зардлаа нөхөх байдал үүсэх юм биш биз гэж өөрийн эрхгүй хардах байдал үүсдэг. Тэгэхээр сонгуулийн зардал өртгийг бууруулж байж тухайн нэр дэвшигчээс гарах шаардлагатай мөнгөний хэмжээ буурна.
- Эмэгтэй нэр дэвшигчид эрэгтэйчүүдийг бодвол санхүүгийн боломж бололцоо нь бага байдаг. Иймд мөнгөтэй хүмүүст боломж олгосноороо эргээд төрд байгаа тендэр болоод бусад төрлийн авлигын асуудлыг өөгшүүлэх үндэс болоод байх шиг.
- Би сонгуулийн зардлаа танах үүднээс сайн дурын ажилтнуудыг олноор ажиллуулах, сурталчилгааны самбараа жижиг хэлбэрээр хэвлэж байршуулах, мөн аль болох сонгогч нартайгаа биечилж уулзахыг илүүд үздэг.
- Сонгуульд нэр дэвшихдээ хэтэрхий их мөнгө зарцуулаад, үрэлгэн хандаж байгаа хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Тэр их мөнгөний цаана ихэвчлэн буруу зүгийн мөнгө байгаа гэж хардахаас өөр аргагүй.
БОЛОВСРОЛЫН КАРЬЕРААР ЭМЭГТЭЙЧҮҮД ИЛҮҮ СУРАЛЦААД, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭЭД БАЙГАА МӨРТЛӨӨ АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ЭСРЭГЭЭРЭЭ БОЛЧИХДОГ
Жендэрийн үндэсний хорооны НБД бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр
- Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 оны байдлаар дэлхийн улс төрийн эрх мэдлийн индексээр эмэгтэйчүүдийнх 23.7, Ази Номхон далайн бүсийн дундаж 19.7, Монгол Улсын хувьд сүүлийн сонгууль буюу 2016 оны байдлаар сонгогдсон эмэгтэй сонгогчдыг хувилаад үзэхээр 17.1 хувь гэхээр бүсийн дунджаас бага байгаа юм. 144 улсаас 109-д эрэмбэлэгдэж байгаа.
- Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймгийн засаг дарга, ИТХ-ын даргаар эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэхдээ шууд захирах түвшний ажил хийж байгаа эмэгтэйчүүдийн тоонд ахиц гарахгүй байна.
- Боловсролын карьераар эмэгтэйчүүд илүү суралцаад, мэргэжил дээшлүүлээд байгаа мөртлөө ажлын байран дээр удирдах албан тушаалд ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг. Харин одоо эмэгтэйчүүд ахих дэвших нэг боломж нь төрийн албаны тухай хуульд боловсролын түвшингээр дэвших боломжтой заалт нэмэгдсэн байгаа.
- Эмэгтэй хүнд тулгарч байгаа асуудлыг эмэгтэй хүний нүдээр харж шийдэхэд эмэгтэй төлөөлөл зайлшгүй байх ёстой гэдэг үндсэн суурь жендэрийн үзэл баримтлал дээр тулгуурлаж ярьж байгаа юм.
- Хувийн хэвшил нэг ижил ажлын байран дээр ажиллаж байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цалин ялгаатай байх цаашлаад тэтгэврийн зөрүүг бий болгож байна. Энэ нь хөдөлмөрийн харилцаан дахь хүйсийн явгаварлан гадуурхалт байгааг судалгаанууд харуулж байна.
- Манай улсын хувьд хөдөлмөрийн насны хүн ам бага тэгэхээр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ энэ тэнцүү ажилуулж байж Монгол Улсынхаа хөгжил дэвшлийг бүтээн байгуулж чадна.
- Эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд гэрээсээ ажлаа хийх боломжийг олгох, мөн ажлынх нь хажууд цэцэрлэгийнх нь асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд хувийн хэвшлийн эмэгтэй удирдагчдын оролцоо маш чухал.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот