Улс төр
СОНГУУЛЬ 2020: ТОЙРОГ 19 & ТУЛААН
Залуусын хот гэгдэж байсан Дархан өдгөө аль хэдийн 60 жилийнхээ ой руу дөхөж, бас ч үгүй аймгийн статустай болсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эргэн хотын статустай болох дарханчуудын хувьд УИХ-ын 2020 оны сонгуульд олон хүнээс сонголт хийх төлөвтэй байгаа аж. Нийт 102014 хүн амтай тус аймгийн 66127 иргэн нь санал өгөх насных гэсэн бүртгэл бий. Гэхдээ тэд гурван мандатын төлөө сонголт хийнэ. Одоогоор зөвхөн МАН-аас тав, АН-аас дөрвөн хүний нэр яригдаж буй энэ тойрогт УИХ-ын сонгуульд өрсөлдөх бусад намын гишүүд ч алгаа үрчин суугаа биз ээ.
МАН-аас УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар нэр дэвшихээр яригдаж байсан ч дахин өөрчлөлт орж мэдэхээр байгаа аж.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хувьд олон жил тус аймгийн Засаг даргаар ажиллаж, төрд ч төлөөлөл нь болон дэвшиж ирсэн. Харин энэ удаа мань хүнийг Ерөнхий сайд, намын дарга нь “жийж” мэдэхээр яригдаж буй. Учир нь нөгөө л МАН-ын 33, 32-ын бүлэгтэй холбоотой. Түүнээс бусдаар бол Д.Хаянхярваа намаасаа л эрхээ өвөртөлчихвөл, тойргоосоо сугараад гараад ирчихдэг нэгэн. Түүнийг сонгуультай жил бүр Хонгорын цианидаар “бөмбөгддөг”. Гэвч хонгорынхон түүнд нь ихэд дургүй. Биднийг хордсон, ураг, садан ч “бохирдсон” мэтээр илэрхийлж, ярьдаг гээд таатай хүлээж авдаггүй. Тиймдээ ч Д.Хаянхярваадаа итгэл үзүүлсээр ирсэн байдаг.
Түүнтэй хамт зуузай холбохоор УИХ-ын гишүүн Б.Жавхлан аль эртнээс тойргоо усалж яваа. Өмнөх сонгуулиар парламентын гишүүн болсон түүнийг энэ удаа дарханчууд хэрхэн хүлээж авах бол. Мань хүн мөн л МАН-ын даргын ам алдсан ЖДҮ-чдийг нэр дэвшүүлэхгүй гэдэг жагсаалтад багтах нэгэн. Гэхдээ үүнийгээ тийм ч их ойшоохгүй байгаа нь Ерөнхий сайдын ойрын хүрээнд багтдагтай нь холбож болохоор. Дарханы унаган иргэд буюу өөрийн үеийнхнээ гайгүй сайн “харж үздэг” ч яг тойрогтоо хийсэн ажил нь юу бол гэдэг асуудал олны анхаарлыг татсаар байгаа. Нэгэнт сонгуулийн жил эхэлсэн тул мань хүн гэнэт нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйл хэрэгтэй гэж санасан бололтой саяхан тойрогтоо очиж “лүндэн” буулгаж байгаад ирсэн. Улсын онцгой комисс, Засгийн газраас хөл хорио тогтоож, 5-аас дээш хүн цугларахыг хориглож, нийтийг хамарсан үйл ажиллагаа, хурал, цуглааныг ч цуцлаад байхад УИХ-ын гишүүн Б.Жавхлан л 30-аад хүн цуглуулчихсан хурал нэрээ баахан хүн зандарч байгаа харагдсан. Яах вэ, энэ нь Дархан-Уул аймагт баригдаж буй спорт цогцолборын барилгын ажилтай л холбоотой асуудал л даа. Ёстой л өдрөө алдаж шөнө гэгчээр өмнө нь яаруулаагүй хэрнээ өнөө жил гэнэт ийн бухимдаж, сандарч байгаа нь сонгуулийн жилээс л болсон хэрэг.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ч мөн дарханчуудыг төлөөлье гэх санаатайгаар нэр дэвшихээр зэхэж байгаа аж. Гэхдээ мань хүний хувьд нэгэнт ЖДҮ-тэй нэр холбогдсон. Ядахад МАН-ын даргатай хамаарал бүхий биш учраас чимээгүйхэн явж байгаад намаас л эрхээ л өвөртлөхийг хичээж буй аж. Түүний хамаарал бүхий “Мондем” ХХК нь ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл авсан тухай нь олон нийт шуугьж байсан нь саяхан билээ. Яг тухайн жил буюу 2018 онд түүний гэр бүлийн орлого нь огцом нэмэгдэж 84 сая болсон тухай мань хүн өөрөө ХОМ-тээ дурдсан байдаг. Тэгэхээр цаад утгаараа бол ЖДҮХС-гийн хөрөнгийг гайгүй сайн “ашигласан” гэсэн үг болох нь ээ.
Дарханчуудыг 2016-2020 онд төлөөлнө хэмээн тангараг өргөсөн МАН-ын дээрх гишүүдээс гадна УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар дэвших “мөрөөдөл”-өө гээгээгүй яваа гэнэ. Өмнө нь УИХ-д тухалж явсан түүнд дарханчууд итгэл үзүүлэхгүй хаясан ч энэ удаагийн боломжийг алдахгүй сиймхий харж суугаа аж.
Түүнээс гадна Монголын төмөр замын дарга байсан Б.Цэнгэл ч мөн Дархан-Уул аймагт нэр дэвшинэ хэмээн МАН-аас нэр дэвшихээр тус аймгийг тойглож яваа. МТЗ-ын даргын албаа өгсөн түүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүхийн улстөрийн зөвлөх болсонд гайхаад байх ч зүйл үгүй. Учир нь тэдний хувьд нэлээд дотно нөхөрлөдөг бөгөөд Б.Цэнгэл нэр дэвших гэхээр “лааз өшиглөгч” гэлтэй биш ямар нэг албан тушаалтай байх нь зөв шийдэл учраас “зөвлөх” гэдэг статустай болгосон хэрэг. Тиймээс ч МАН-аас нэр дэвших эрхийн төлөө зүтгэгчдээ ч “мөргөж” унагах боломжит артай хэмээгдэж буй ажээ.
АН-аас энэ удаа Дархан-Уул аймагт Н.Мөнхдашийн нэр яригдаж байгаа. Угаас Дарханы АН-ынхан гэж шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байдаг хүмүүс сүүлийн үед ихэд эе эвээ хичээх болсон. Тиймээс ч Н.Мөндашийг нэр дэвших сураг гарахад “дажин” дэгдээгээд байхааргүй болжээ. “Бурхан халдун” группээр олон нийтэд танигдсан тэрбээр улстөрд ч багагүй хугацааг өнгөрүүлж, дарханчуудаас итгэл хүлээж буй нэгэн.
Гурван мандатын төлөө гар, сэтгэл нийлж ажиллах нь зайлшгүй болсон учраас дарханы АН-ынхан эвлэлдсэн хэмээн хардах нэг шалтгаан нь Н.Мөнхдаш, Л.Наранбаатар нарын эвлэрэл гэсэн үг. Учир нь Л.Наранбаатар ч “үзээд алдан” гэсэн итгэлтэй яваа аж. Нэгэнт түүнд томоохон тээг болж байсан УИХ-ын гишүүн асан М.Сономпил нь “аавынд заларсан” тул оронд нь зүтгэнэ гэж явна.
АН-ынхан дарханчуудад зориулсан гурван мандатын нэгийг эмэгтэй гишүүндээ зориулна хэмээн толхилцож байгаа энэ үед намын дарга нь өөрийн хүн болох Жаргал гэгч эмэгтэйг зүтгүүлж буй аж. АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөх Жаргал нь өөрөө одоохондоо нэр дэвшиж олонд танигдахыг яарахгүй байгаа гэх мэдээлэл намынханд нь түгжээ.
Хэрвээ Жаргал нэр дэвшихгүй бол ХХААХҮ-ийн сайд асан Р.Бурмаа сиймхийг ашиглахаар чих тавьж байгаа аж.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр43 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Улс төр43 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм40 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна