Улс төр
М.Билэгт гишүүн ЭМ-ийн сайдыг шахаанд оруулж, Засгийн газрыг шүүхэд өгөх үү
УИХ-ын гишүүн М.Билэгтийн эзэмшлийн “Ачлалт трейд” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Энэр мед” ХХК-ийн 120 ортой эмнэлгийн барилгыг ХСҮТ-д ашиглуулах тухай асуудал гацаанд ороод байгаа. Тэгвэл энэ асуудал чухам юунаас болоод гацчихав. М.Билэгт гишүүн болон ХСҮТ-ийнхэн хавдрын өвчинд шаналж буй өвчтөнүүдийн эрүүл мэндийн төлөө хэмээдэг ч ажил нь урагшлахаа байсан. Тиймээс бид УИХ-ын гишүүн М.Билэгттэй холбогдоход “Бүх асуудал шийдэгдчихсэн. Өмнөх захирал Ж.Чинбүрэн эмч бүхий л хүчээ дайчлан, барилгыг эмнэлэгтээ түрээсээр ашиглахаар хичээсэн. Одоо төсөвт мөнгө хөрөнгө нь суучихсан. Гэтэл одоогийн захирал Н.Эрдэнэхүү нь ажлыг гацаачихаад байна” хэмээн гомдоллосон.
Харин бид Н.Эрдэнэхүү захиралтай уулзахад “Асуудал үргэлжилсээр байгаа. Надад шилжиж ирсэн гэрээний зарим заалт хуулийн заалттай зөрчилдөж байгаа учраас санал солилцож, тохиролцож бүгдийг хуулийн хүрээнд шийдвэрлэхээр хичээж байна.” гэдгийг хэлж байсан.
Өнгөрсөн онд “Энэр мед” эмнэлгийн барилгыг ХСҮТ-д түрээсээр ашиглуулахаар болж, Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдаж, шийдэгдэн, 2020 оны улсын төсөвт ттухайн эмнэлгийн түрээсийн зардлыг ч суулгаж өгсөн. Гэтэл өнөөдөр хоёр тал гэрээгээ эцэслээгүйн зэрэгцээ ХСҮТ-ийнхэн энэ янзаараа хуулийн дагуу төсвийн мөнгөө буцаан татуулж ч мэдэхээр болжээ.
Анх 2017 онд М.Билэгт гишүүний хувьд эмнэлгийн барилгаа төрд түрээслүүлэх бус зарах сонирхолтой байсан аж. Энэ тухай нь холбогдох байгууллагууд шалгаж, УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр ч яригджээ. Тухайн үед 18 тэрбум төгрөгөөр баригдсан тул худалдаад авчихъя гэдэг яриа ч хийгдсэн байна. Гэтэл М.Билэгт гишүүн зарвал 60 тэрбум төгрөгөөр зарна гэж үнэрхсэн байдаг. Тиймээс худалдах, худалдан авах тухай яриа эцэслэгдсэн байна. Харин өнгөрсөн жил нэгэнт түрээсээр ашиглахаар болж, төсөвт хөрөнгийг нь суулгасан.
ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн ажлаа өгч, Н.Эрдэнэхүү эмч томилогдсоноор гэрээний асуудлыг дахин нягталжээ. Ингээд үзэхэд гэрээнд таван асуудал хууль бус байгааг гаргаж, өөрчлөлт хийхийг хүссэн аж. Тодруулбал, төсвөөс заасан түрээсийн төлбөрөөс гадна НӨАТ-ын мөнгөний асуудал үүссэн байна. “Энээр мед” эмнэлэгт түрээсийн 3.7 тэрбум төгрөг төлөхөөс гадна НӨАТ-т 3.7 сая төгрөгийг ХСҮТ төлөх ёстой гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн М.Билэгт илэрхийлжээ. Эмнэлгийн барилгыг нь түрээслэхийн тулд ХСҮТ-ийнхэн урсгал зардлаасаа ч болов хэмнээд тухайн хөрөнгийг гаргаж өгье хэмээн бууж өгсөн байна. Гэтэл дараагийн асуудал нь сөхөгдсөн байна.
Энэ нь төр төсвийн хуулийн дагуу хавдрын тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор түрээсийн төлбөр 3.7 тэрбум төгрөгийг баталж өгснөөс яг хэнээс, ямар байгууллагаас түрээслэх вэ гэдгийг заагаагүй. Хуулиараа ч заах ёсгүй. Иймээс Ж.Эрдэнэхүү захирал төсвийн шууд захирагч учраас түрээсийн эмнэлгээ сонгон шалгаруулахаар тендер зарлах тухай М.Билэгт гишүүнд хэлжээ. Гэтэл эрхэм гишүүн 2020 оны нэгдүгээр сарын 17-нд Эрүүл мэндийн сайдад албан бичиг хүргүүлжээ.
ХСҮТ-ийн хувьд хуулийн дагуу тендерээ зарласан ч “Энэр мед” байтугай өөр ямар ч байгууллага оролцоогүй аж. Угаас ХСҮТ-ийн шаардлагыг хангах байгууллага нь ч “Энэр мед”. Энгийнээр харахад л ХСҮТ-ийн хашаанд хамгийн ойр байрлаж байгаа нь хүртэл тэдэнд давуу тал болж байгаа юм. ХСҮТ хоёрдахь удаагаа тендер зарлахдаа болзлоо улам багасгасан байна.УИХ-ын гишүүн М.Билэгт нэгэнт эмнэлгийн барилгаа түрээслүүлэхгүй гэдэг албан бичгээ өгсөн хэрнээ тендер зарлагдсан хугацаанд явц нь ямар байгааг байнга утасдаж асуудаг байжээ. Тендерт ямар ч байгууллага оролцоогүй, М.Билэгт гишүүн бичиг илгээсэн ч сонирхол нь буураагүй зэргээс шалтгаалан дахин хамтран ажиллах талаар яригдсан байна. Тодруулбал, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү тендерт ямар ч байгууллага орж ирээгүй, бид танд хүсэлт илгээвэл та бидэнтэй хамтран ажиллах уу хэмээхэд М.Билэгт гишүүн ч зөвшөөрчээ. Гэтэл одоогийн асуудал болоод байгаа мэс заслын өрөөний асуудал дахин сөхөгдсөн байдаг. Ингээд ТӨБЗГ-аас ХСҮТ өөрсдөө хагалгааны өрөө тохижуулах асуудлын зөвшөөрөл авах гэсэн ч хуулийн дагуу боломжгүй гэдэг хариуг авсан байна.
Тиймээс холбогдогч байгууллагууд дахин яриа хэлэлцэл хийж, М.Билэгт гишүүн мэс заслын өрөөгөө гаргаж, тохижуулж өгвөл зардлыг нь ХСҮТ мөн л дотоод хэмнэлтээр төлбөрийг нь төлөхөөр тохирчээ. Үндсэндээ дээрх бүх асуудал хууль бус хэдий ч эрхэм гишүүний таалалд нийцүүлэхийн тулд уулзалт ярилцлага бүртээ бууж өгсөөр иржээ.
Харамсалтай нь УИХ-ын гишүүн М.Билэгт өнөө л мэс заслын өрөөгөө хийж өгөхгүй гэдэгтээ гүрийгээд суучихдаг аж. Ингээд мухардалд орсон талууд зөвшилцлийн шатанд явах үеэр М.Билэгт гишүүний талаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хаягласан албан бичиг хүрчээ.
Энэхүү бичигт Н.Эрдэнэхүү захирал, түүний багийг “Энэр мед” эмнэлгийг түрээслэх гэрээг хийчих чадвартай хамт олноор солих, эс бөгөөс тухайн компанийн барилгыг ашиглаагүйгээс хүлээж буй алдагдал болох 3.6 тэрбум төгрөгийг нөхөн төлж “Энэр мед”-ийг алдагдалгүй болгохыг хүсчээ.
Үндсэндээ гэрээний ажил нь өөрийнх нь хүссэнээр явагдах болохоор эцэст нь ХСҮТ-ийн захирлыг солих, хэрэв үгүй бол ЭМЯ хувийн байгууллагад алданги төлөх гэсэн хувилбараар шантаажилж эхэлсэн байна.
Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн М.Билэгт Н.Эрдэнэхүү захиралд “За яах вэ, сонгууль болоод өнгөрөг. Тэрний дараа би Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгнө. Нэг жил л хүлээх биз. Тэгээд би хохирлоо гаргуулчихна. Засгийн газар манайхыг алдагдалгүй болгохын тулд буруутай этгээдээр хохирлыг барагдуул гэнэ. Тэгэхээр та төлж чадахгүй юм чинь шоронд л орох байх даа” хэмээн сүрдүүлсэн гэнэ. Төрийн түшээгийн энэ үг өөрийн бизнесийн төлөө хэнийг ч юуг ч гаргуунд нь гаргаж мэдэхээр байгааг нь ч нотолж буй бололтой.
Дээрх албан бичгүүд болон гэрээний заалтуудыг харахад М.Билэгт гишүүн үнэхээр өөрийнхөө яриад байгаа шиг хавдраар шаналж буй иргэдийн төлөө анхаарал, хандуулж ажиллаад байна уу, аль эсвэл хөрөнгөө хэд дахин өсгөж төрөөс нэхэмжлэх гээд байна уу гэдэг нь ч харагдах биз ээ.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр45 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр46 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм43 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна