Улс төр
Үхэх сэхэхийн зааг ба сонгууль
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийв. Уг нь Ерөнхий сайдын хувьд аль эрт л ингэх байсан юм. Гэтэл тэрбээр “Бусад улсын Ерөнхий сайд нарыг хар…, Ерөнхий сайд яагаад өнөөдрийг хүртэл дуугүй байна вэ… “гэх зэрэг олон шүүмжлэл дагуулсны эцэст сая нэг юм “тайз”-наа гарч ирэв.
Улстөр тоглоом гэдгийг намууд тун саяхан баталчихсан болохоор тайз гэсэн хэрэг. Намууд хуулийн хугацаанд багтаж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгөх гээд хошин шогийнхноос ч дутахгүй тоглолт хийлээ.
Үүний дараахан Ерөнхий сайд маань тайзнаа гарсан хэрэг л дээ. Тоглолтоо ёстой л эх орончийн дүрээр эхлэв.
Эхлэл хэсэг бол ер нь л дажгүй.
Тэрбээр “Монгол Улс өнөөдөр үхэх сэхэхийн зааг дээр байна. Монгол хүн эх орноо зорих эрхгтэй. Монгол хүн битгий хэл монгол морь нутгаадаа гүйдэг юм” гэхтэй зэрэгцэн аньсага чийгтэв.
Ерөнхий сайд үргэлжлүүлж “Тэр хүмүүс эхнэр хүүхэд, ээж, аав, гэр бүл, хань ижлээ орхиод гадаадад хөдөлмөр эрхлэхээр, сурахаар явсан юм. Тэдний явуулсан мөнгө Монголд орж ирдэг юм. Тэр мөнгөөр нь байрны мөнгө, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг юм. Тэд хүзүүгээ гилжийж, нуруугаа бөхийтөл боолын хөдөлмөр эрхэлдэг юм… Бид дайны цагийн байдалд ажиллаж амьдарч байна. Нэгнийгээ хайрлах хэрэгтэй. “Амьддаа бие биенээ хайрла” гэж агуу найрагч О.Дашбалбар хэлсэн байдаг шүү дээ…” гэхтэй зэрэгцэн өр нимгэн олон хүний самсаа шархирсан нь мэдээж. Ингээд сайхан өрнөж байснаа төгсгөл хэсэг рүүгээ биш болоод явчихлаа.
Үхэх сэхэхийн зааг дээр байна, дайны цагийн байдалд ажиллаж амьдарч байна гэж олны сэтгэлийг огшоосон…
Тэгснээ “Зургадугаар сарын 2-нд сонгуулийн компанит ажил эхлэхээр ярья” гэж сонгууль болох болохгүй тухай асуусан сэтгүүлчийн асуултад хариулав.
Ойлгосонгүй. Ямар найруулга муутай жүжиг вэ…
“Үхэх сэхэхийн зааг дээр, дайны цагийн байдалд байна” гэх хэрнээ бараг л “Сонгууль болдгоороо болно” гээд хэлчхэв.
Улсынхаа Ерөнхий сайдын хийж буй мэдэгдлийг харж байсан иргэдийн урам яасан их хугараа бол. Сонгуулийн тухай ярьчих зай завсар Ерөнхий сайдад хаана ч олдоно. Ёстой л хэл ам нь загатначихсан, хэлэхгүй л бол бүтэж үхэх гээд байдаг нэг тийм барьцгүй нөхдүүд байдаг. Яг л түүн шиг юм боллоо. Уг нь намбайж сууж байгаа шигээ “Сонгуулийн тухай арай өөр цагт ярих нь зүйд нийцэх байх” гэчихсэн бол “Браво Хүрэлсүх” гэж малгайгаа дээш шидэх байлаа. Тоглолт ч сайхнаар төгсөх байв. Даанч Хүүк “Заавал, ямар ч үнээр болов сонгууль явуулна” гэсэн бодолдоо хөтлөгдөөд эхлэл, өрнөл давгүй байсан ч төгсгөлийг нь ёстой л “солиоруулж, найруулга гэж найгүй болчихлоо.
ЭБЭ гэх товчлолыг уг нь Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд гэж тайлж уншдаг. Гэтэл сүүлийн үед экс ерөнхийлөгчийг ийн хэлэх болсон. Энэ удаа Хүүк ЭБЭ-гийн хэмжээнд уран гоё ярьдаг гэдгээ ч бас нотолчихлоо.
Гэхдээ найруулга нь “NICE” байж болох л байв.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр52 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр53 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм50 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна