Улс төр
ЖДҮ-гээ ярьсан бол жинхэнэ “Бүрэн зураглал” болох байв
Монголын телевизүүдийн толгой контентуудын нэг нь яахын аргагүй “Ийгл”-ийн “Бүрэн зураглал” байдаг юм. “Мандухай цэцэн хатан” киногоор хийсэн “Бүрэн зураглал” одоо ч үзэгчдийн дунд яригддаг. Мэргэжлийнхэн үнэлсэн, үзэгчид таашаасан, судлаачид үгээ хэлсэн. Бараг л судалгааны хэрэглэгдэхүүн, түүхийн баримтат товчоон гэдэг.
“Бүрэн зураглал” гурван жилийн өмнө улс төр рүү хазайж тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан М.Энхболдыг оролцуулж байв. Гэхдээ М.Энхболдын гэх тэр нэвтрүүлэгт маш олон ховор зочин уригдаж бизнес эдийн засаг, хууль эрх зүй, урлаг соёлын талаар ярьсан. Товчоор хэлэхэд тэр нэвтрүүлэгт оролцогсдын үгэнд Монголын төр будаа идмээр олон санаа байсан юм. Тэр утгаараа бас л үзүүштэй нэвтрүүлэг болж үлдсэн.
Харин хэдхээн хоногийн өмнө манай УИХ-ын дарга Г.Занданшатарын “Бүрэн зураглал” хэдэн өдрийн турш хоймор эзлэв. Ерөнхийлөгчөөс эхлээд сүм хийдийн тэргүүнүүд хүртэлх зочид тэр нэвтрүүлэгт уригджээ. Тэр дотор Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга гээд сонирхол татсан зочид бас байв. Бас АТГ-т шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжсэн экс Ерөнхий сайд улсын ирээдүйг өөрийнхөө өнгөрсөнтэй ярьж суусан. Нэг үгээр, манай УИХ-ын даргын нэвтрүүлэгт яллагч, яллагдагч хоёр оролцоод сууж байв.
Нэг үгээр, манай УИХ-ын даргын нэвтрүүлэгт яллагч, яллагдагч хоёр оролцоод сууж байв.
Хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл гэвэл манай УИХ-ын дарга Г.Занданшатарын “Бүрэн зураглал”-ыг үзээд юу хэлэх гээд байгааг нь, энэ нэвтрүүлгийг “алж” орсны бодлогыг ойлгож чадсангүй. Манийхаас арай өндөр “антенн”-тай үзэгчдэд зориулсан байж мэднэ л дээ. Гэхдээ л түмэнд ойлгогдох төрийн хүний бодлогыг тэндээс олоогүй. Үнэнээ л хэлье. Манай УИХ-ын дарга “Бүрэн зураглал”-даа бүх сэдвийг багтаах гээд төөрөөд давхичихав уу гэж л ойлгосон.
Тавилт нь танил. Бярдсан. Зодсон. Гоёсон. Хийц сайтай. Тийм нэг нэвтрүүлэг болжээ.
Магадгүй, манай УИХ-ын дарга Г.Занданшатар гэдэг хүнийг Монголын улс төрд товойлгох, удахгүй болох УИХ-ын сонгуульд нэмэр өгөх, удирдаж байгаа УИХ-ынх нь унасан нэрийг босгох гээд олон санаа зорилго энэ нэвтрүүлгийн цаана байсныг үгүйсгэхгүй. Мань эр ч тиймэрхүү хүлээлттэй маягтай, тун чиг сэтгэл хангалуун зураглаж сууна лээ. Ингэж л харагдсан.
Гэтэл дээр дурдсан Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын “Бүрэн зураглал” ийм зорилготой ч агуулга нь том байсан юм. Ялгаа нь энэ. Бас манай УИХ-ын дарга Г.Занданшатар “Бүрэн зураглал”-даа хорвоогийн бүх сэдвийг багтаасан ч хамгийн чухал нэгийг мартсан байна лээ.
Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга байхаас эхлээд УИХ-ын дарга болсных нь дараа, өнөөг хүртэл өндрөөсөө буугаагүй байгаа нэг том сэдэв бий. Тэр бол өөрийнх нь даргалдаг УИХ-ын талаас дээш хувь нь нэр холбогддог ЖДҮ-гийн хэрэг юм.
Энэ хэргийн талаар хамгийн сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хаврын чуулганы нээлт дээр “…УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн дөрөвдүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрээр “Эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан…” гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бүгд мэднэ.
УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье” гэв.
Энэ асуудалд манай УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр ч дуулддаг. Зургаа ч бил үү, хэд ч билээ компанид зээл авч өгөхөөр ярьсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Ойр дотныхон нь өмөөрөх болохоороо “…Тэр үед дарга маань УИХ-ын дарга биш ЗГХЭГ-ын дарга байсан” гэдэг юм. Тэр тайлбарыг сөргөвөл манай УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн хэлснээр “…Иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой” байтал ЗГХЭГ-ын даргаас дэвшээд УИХ-ын дарга болсон нь бас л ойлгомжгүй үсрэлт болж харагдана.
Ингэж аль ч утгаараа манай УИХ-ын дарга Г.Занданшатарт ЖДҮ-гийн хэрэг хамаатайгийн цаагуур хамаатай болж байгаа юм.
Харамсалтай нь манай УИХ-ын дарга энэ сэдвийг алгасчээ. Зүй нь тэрээр УИХ-ынхаа 40 биш гэхэд 20 гишүүн суулгаж байгаад ЖДҮ-гээ ярьж, ядаад “…Уучлаарай” гэсэн бол “Бүрэн зураглал” нь бүтэн болох байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент23 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр3 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа