Улс төр
“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-уудын 49 хувийг төрийн мөнгөөр хувьчилж авах гэж байснаас үүдэлтэйгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон. Үүнийг сунгах эсэх асуудлыг өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 127-р тогтоолоор дээрх газруудын онцгой дэглэмийг дахин 6 сараар сунгахаар болсон.
Уг тогтоолыг танилцуулах, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлуудтай газар дээр нь танилцах зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт ажиллав. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус үйлдвэр санхүүгийн болон олборлолт, баяжуулалтын хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад ашигтай ажилласан байна.
2019 оны гүйцэтгэлээр нийт 105,9 мянган тонн жонш олборлож, 34,6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд байгаагүй үзүүлэлт аж. Үүнээс өмнө уулын баяжуулах үйлдвэр ашиг байтугай зарим жилд алдагдалтай ажилладаг байсан талаар тус үйлдвэрийн удирдлагууд танилцуулсан. Мөн төсөвт төлөх татвар, шимтгэлийн хэмжээ нь ч эрс өсч, төмрийн хүдрийн олборлолтоо 37,6 мянган тонноор нэмэгдүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр 1219 ажиллагсадтай бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажилчдынхаа цалинг тус бүр 30 хувиар хоёр удаа нэмж, дундаж цалингийн хэмжээг 2 сая 335 мянган төгрөг болгожээ. Өөрөөр хэлбэл “Бор-Өндөр” УБҮ-ийн үйл ажиллагаанд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар онцгой анхаарч, Сангийн яам, ТӨБЗГ-аас санхүүгийн сахилга батыг сахиулж, хяналт тавьж ажилласны бодитой үр дүн гарсан гэж тус үйлдвэрийн хамт олон үзэж байгаа аж. Тус үйлдвэр төрийн мэдэлд өнгөрсөн нэг жилд ажилласан нь хамгийн гол шалтгаан байсан гэдгийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат онцолж байсан юм.
Харин Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд “Өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагаанаас “Бор-Өндөр” УБҮ цаашид төрийн өмчит хэлбэрээр ажиллах бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна. Ер нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төрийн өмчийг ашиггүй гэж ойлгуулдаг, орд газруудын нөөц удахгүй дуусах гэж байгаа мэтээр нийгэмд ойлгуулж ирсэн байдаг. Ингэх тодорхой зорилго байсан нь улам бүр тодорхой болж байгаа. “Эрдэнэт”, “Багануур”, “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” гэх мэт олон жишээнээс улам бүр тодорхой болж байгаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан хэсэг бүлэг хүмүүс “Бор-Өндөр”-ийн уурхай ашгаа өгөхгүй гэж байгаад л бас төрийн мөнгөөр хувьчлаад авчихсан байсан. Төр ашигтай ажиллуулж, ажилтнууддаа үр өгөөжийг нь хүртээж болдог гэдгийг уурхайчид маань бодитой харуулж чадлаа. Ганцхан жилийн хугацаанд түүхэндээ байгаагүй ашигтай ажилласан байна. Цаашдаа онцгой дэглэм үргэлжлэх 6 сарын хугацаанд бизнес моделио сайжруулахад илүү анхаарч ажиллаарай” гэлээ.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр7 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр7 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа