Улс төр
С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Өнөөдөр Монголын ардчиллыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулагчдын нэг С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Энэ өдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй журмын нөхөд нь түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
С.Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болж мэндэлжээ. Тэрбээр 1980 онд “Орос” гэх тодотголтой нийслэлийн 23-р дунд сургуулийг төгсч, 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн философийн ангийг дүүргэсэн байна. 1985-1990 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимийн багш, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд зааварлагчаар ажиллаж байв. 1989 он – Нийгмийг ардчилахын төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсч, түүний идэвхитэй гишүүдийн нэг нь тухайн үед дөнгөж 27 настай байсан С.Зориг байжээ.
Тэрбээр 1989-1990 онд Монголын Ардчилсан Холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байв. 1990 оны гуравдугаар сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны долдугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг Ардын Их Хурлын депутатаар, улмаар Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон юм. Гэвч 1990 оноос ардчилсан үйл явцад алдаа гарч байгааг тэрбээр ажиглаж, 1991 онд МоАХ-ны удирдлагаас сайн дураараа огцорч, Бүгд Найрамдах Нам байгуулав. Тус намаас 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдов. 1996-1998 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байв.
1998 оны аравдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч, Монголын ард түмнийг цочроосон юм.
Түүний дүү С.Оюун 1999 оноос эхлэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байв. Тэрбээр ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ хэмээн Иргэний Зориг Намыг байгуулсан юм. С.Зориг 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгсөж ирээд, МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимд багшаар ажиллаж байхдаа ардчилсан хөдөлгөөнд татагдан орж, Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/-г үндэслэж, Ерөнхий зохицуулагчаар нь сонгогдсон. Түүний удирдсан МоАХ хэд хэдэн томоохон цуглаан зохион байгуулж, улмаар 1990 оны 3 дугаар сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зохион байгуулж, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад хүргэжээ.
С.Зориг Монголын ардчилсан хөдөлгөөн олон улсын дэмжлэг авах шаардлагатай гэж үзэж, ЗХУ, Унгар, БНАГУ, Чех, Польшоор явж, Москвад “Эхо планета” болон “Московские Новости” сонинд ярилцлага өгч, Унгарт Чөлөөт ардчилсан нам зэрэг нам, хүчний төлөөлөгчидтэй, Германд Загалмайтны ардчилсан нам, Чехэд Иргэний чуулга хэмээх ардчилсан байгууллагынхантай, Польшид “Эв санааны нэгдэл”-ийнхтэй уулзаж, холбоо тогтоожээ.
1990 оны 7 дугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг Ардын Их Хурлын депутатаар, улмаар Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон билээ.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр7 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр7 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа