Бусад
Аялал жуулчлалын салбараас Улаанбаатар хот 325 тэрбум төгрөгийн шууд бус алдагдал хүлээв
Шинэ коронавирусийн халдварын нөлөөгөөр хамгийн хүнд цохилтод ороод байгаа салбарын нэг нь АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ.
Энэ салбар дэлхий даяар анх удаа ТЭГ ЗОГСОЛТ хийж байна.
Тэгвэл Монгол Улсын аялал жуулчлалын салбар, тэр дундаа Улаанбаатар хот өнгөрсөн гурван сарын хугацаанд ямар алдагдал хүлээсэн талаар Монголын Үндэсний их сургуулийн багш, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн гишүүн, судлаач Б.Ербахыт сонирхолтой судалгаа хийжээ.
Түүний тооцоолсноор өнгөрсөн гурван сарын хугацаанд Улаанбаатар хотын эдийн засагт аялал жуулчлалын салбараас шууд олох боломжтой байсан 30.5 тэрбум, шууд бусаар 325 тэрбум төгрөгийг алдаад байгааг дараах тооцооллуудаар гаргаж тавьжээ.
НЭГ. ШУУД АЛДАГДАЛ
Өнгөрсөн он Монгол Улсын аялал жуулчлалын салбарт өсөлт авчирсан жил байв. Нийт жуулчдын тоо 570,262 буюу дээд хэмжээнд хүрч, 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашиг олсон статистик(БОАЖЯ, 2020) байна.
Зураг 1. Шинэ коронавирусийн нөлөө (МҮХАҮТ)
2019 онд Монгол Улсын ДНБ 36.9 их наяд төгрөгт хүрсэн. Тэгвэл аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-ий 6.48%-ийг бүрдүүлсэн гэсэн үг.
Зураг 2. Монголын аялал жуулчлалын салбар(2018, 2019 он ба 2020 оны төсөөлөл)
2019 онд нийт ирсэн жуулчдын 78.7% нь буюу 452,957 жуулчин Улаанбаатар хотоор дайрч, 2-3 хоног саатсан байдаг. Гэвч 2020 оны эхний гурван сарын байдлаар Улаанбаатар хотыг дайран өнгөрсөн жуулчдын тоо өмнөх онтой харьцуулахад -91.3%-аар буурсан дүнтэй байна.
Ийнхүү буурснаар хотын эдийн засагт жуулчдын оруулах орлого -96.9%-аар буурчээ. 2019 онд нийслэлийн эдийн засагт гаднаас ирсэн жуулчид 155.7 сая ам.доллар буюу 432 тэрбум төгрөгийн шууд орлого оруулж байж.
Сар сараар нь задлаад харвал шинэ коронавирусийн улмаас нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбараас ирэх орлого ийнхүү буурсан байна.
- Нэгдүгээр сард -7%
- Хоёрдугаар сард -61.8%
- Гуравдугаар сард -96.8%-аар тус тус буурчээ.
Зураг 3. Улаанбаатар хотын эдийн засагт учрах шууд алдагдал
2019 оны эхний гурван сард 18 сая ам.доллар буюу 50 тэрбум төгрөгийн орлого оруулж байсан бол 2020 оны эхний гурван сард 7 сая ам.доллар буюу 19.6 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Өөрөөр хэлбэл, эхний улиралд 11 сая ам.доллар буюу 30.5 тэрбум төгрөгийн “шууд алдагдал” хүлээгээд байна.
ХОЁР. ШУУД БУС АЛДАГДЛЫН ХЭМЖЭЭ
2018 онд Улаанбаатар хотын ДНБ 21.4 их наяд төгрөгт хүрч, улсын ДНБ-ний 64.7%-ийг бүрдүүлжээ. 2020 оны нийслэлийн төсвийг 915 тэрбум төгрөг байхаар баталснаас төсвийн орлого 889.9 тэрбум төгрөг байхаар тооцжээ.
Тэгвэл нийслэлийн төсөвт ямар дам нөлөө үзүүлэхээр байгааг судлаач Б.Ербахыт тооцохдоо дараах салбаруудад өнгөрсөн гурван сард гарсан өөрчлөлтүүдийг нэг бүрчлэн авч үзсэн байна.
ДЭН БУУДЛУУДЫГ ХААСНААР ₮1.97-2.4 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХЭЭР БАЙНА
Цар тахалтай холбоотойгоор 2020 оны хоёрдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл дэн буудлуудын үйл ажиллагааг түр буюу 64 хоног зогсоох шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 2020 оны судалгаагаар Улаанбаатар хотод нийт 2,648 өрөө, 3,636 ортой 312 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээр ихэвчлэн дотоодын иргэд үйлчлүүлдэг бөгөөд жилийн турш ор дүүргэлт дунджаар 33.3 хувьтай байдгийг судлаач тооцоолжээ. Үүнээс нарийн судалгаа байдаггүй тул ор дүүргэлтийг өдөрт 33.3%-аар тооцсон бөгөөд нэг өрөөний үнийг 35,000-45,000 төгрөг гэж дундачлан гаргасан байна.
Зураг 4. Улаанбаатар хот дахь дэн буудлууд ба алдагдлын хэмжээ
ЗОЧИД БУУДЛУУД 24 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖ БАЙНА
Улаанбаатар хотод 290 зочид буудал ажиллаж байгаагаас 75 нь одны зэрэглэлтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Зочид буудлын нийт үйлчлүүлэгчдийнх нь 20 орчим хувь нь гадаадын жуулчид, үлдсэн нь дотоодын үйлчлүүлэгчид байдаг бол одны зэрэглэлтэй буудлуудын хувьд гаднын жуулчид 90 хувийг нь эзэлдэг ажээ.
Зураг 5. Зочид буудлуудын мэдээлэл
Цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд зочид буудлын үйл ажиллагааг зогсоогоогүй ч хилийн хорио цээр тогтсон, хүмүүсийг гэртээ байхыг зөвлөсөн зэрэг нь тус салбарын үйлчилгээнд шууд нөлөөлжээ. Тандалт судалгаагаар энэ хугацаанд зочид буудлуудын ор дүүргэлт 1-10%-тай байгааг Монголын зочид буудлуудын холбоо мэдээлсэн байна.
Нийслэлийн хэмжээнд байгаа зэрэглэлтэй 215 зочид буудал нэг өдөрт 111.4-139.3 сая төгрөг, хорио цээр цуцлагдах хүртэл 7-9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нь. Харин одтой зочид буудлууд энэ хугацаанд өдөрт 377.4 сая, нийт 24 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоололтой байна.
АМРАЛТЫН ГАЗАР ЖУУЛЧНЫ БААЗУУДЫН АЛДАГДАЛ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГТ ШҮРГЭНЭ
Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 576 амралтын газар, жуулчны бааз байдгаас 151 нь нийслэл орчимд байрлалтай. Жуулчны баазуудын дийлэнх нь 5-10 дугаар сард ажилладаг.
Харин Улаанбаатар хот орчимд жилийн турш ажилладаг 1,064 өрөө бүхий 51 амралтын газар байгаа ба ихэнх нь амралтын өдөр зочид хүлээж авч, бусад өрдүүдэд зочингүй эсвэл хаалттай байгаа аж.
Тиймээс 80%-ийн дүүргэлттэй байдаг амралтын өдрүүдээр тооцоолоод үзэхээр 2020 оны 2, 3, 4 дүгээр сард нийт 20,500 хүн хүлээж авах боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл, 717.5-922.5 сая төгрөгийн алдагдал хүлээсэн дүр зураг харагдаж байна.
ЖУУЛЧДЫН ХУДАЛДАН АВАЛТААС ОЛОХ БОЛОМЖТОЙ 260 ТЭРБУМ ТӨГРӨГ ҮГҮЙ БОЛОВ
Багц үнийн аяллаар ирж байгаа жуулчдын төлсөн мөнгөн дүнгийн тодорхой хэсэг нь хоолны салбар, үзвэр үйлчилгээ, жуулчны тээврийн салбарт ордог. Харин багц үнэд ордоггүй нэг чухал зүйл бол жуулчны худалдан авалт.
2010-2014 он буюу 5 жилийн хугацаанд жуулчдын худалдан авалт Улаанбаатар хотын эдийн засагт 1,272 сая ам.доллар буюу 3.3 их наяд төгрөгийн орлого оруулжээ (Маркетметрикс, 2015).
Зураг 6. Улаанбаатар хотын жуулчдын шууд худалдан авалтаас олсон орлого(сая.дол)
Уг тоонуудыг үндэслэн тооцоолсноор 2019 онд жуулчдын шууд худалдан авалтаар 562.9 сая ам доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлогыг Улаанбаатар хотын эдийн засагт оруулжээ.
2020 онд энэ дүн 10.1%-аар өсөж, 619.8 сая ам.доллар хүрэх төлөвтэй байв. Тэгвэл энэ дүнгээс 90%-ийг цар тахлын нөлөөгөөр алдах төлөвтэй.
Хорио цээр тогтоосон 2,3,4 дүгээр сард нийт 94.03 сая ам.доллар буюу 261 төгрөгийн ашгаа хэдийн алдчихаад байгаа билээ.
3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛОХ БОЛОМЖОО АЛДЖЭЭ
Улаанбаатар хотод нийтийн хоолны 3,482 газар ажилладаг бөгөөд хотод саатсан жуулчид зөвхөн ресторан, баар, кофе шопоор үйлчлүүлдэг. Уг тоонд зочид буудлын дотор ажилладаг ресторан, кофе шопуудыг ч багтаажээ. Ингээд тооцвол Улаанбаатар хотын нийтийн хоолны газруудын 52.6 хувиар нь жуулчид үйлчлүүлдэг байх нь.
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газрууд 2010-2014 онд нийт 147.7 сая ам.доллар буюу 410 тэрбум төгрөгийн ашгийг зөвхөн аялал жуулчлалын салбараас олжээ (Маркетметрикс, 2015).
Энэхүү тооцоонд үндэслэснээр 2019 онд тус салбар 65.3 сая ам.доллар буюу 181 тэрбум төгрөгийн ашгийг аялал жуулчлалын салбараас олсон байна. Прогноз өсөлтийг хувьчлан тооцож үзэхэд 2020 онд жилийн турш 71.87 сая ам.доллар буюу 199 тэрбум төгрөгийн ашиг олох тооцоолол гарсан байна. Үүнийг сар бүр ирдэг жуулчдын ачаалалтай харьцуулахад 2, 3, 4 сард нийт 1.09 сая ам.доллар буюу 3 тэрбум төгрөгийн ашиг олох боломжоо алджээ.
Үүнээс гадна үзвэр үйлчилгээ, тээврийн салбарыг оролцуулаад тооцвол дараах байдлаар боломжууд алдагдсан байна.
Зураг 7. Үзвэр үйлчилгээний салбар
Зураг 8. Жуулчны тээвэр
Ийнхүү 2020 оны 2, 3, 4 дүгээр сарууд буюу коронавирусийн эсрэг арга хэмжээ авч, хорио цээр тогтоосон үед Улаанбаатар хотын эдийн засаг бүхэлдээ зогсонги байдалд орж, нийт 31,500 хүний ажлын байранд шууд нөлөө үзүүлжээ. Аялал жуулчлалын салбараас ашиг хүртдэг дээрх салбарууд ихээхэн алдагдал хүсээлнийг уг судалгаа харуулж байна.
Зураг 9. Салбаруудын алдагдал
Товчхондоо
- гаднын жуулчдаас шууд олох боломжтой 30.5 тэрбум төгрөгийн “шууд алдагдал”
- аялал жуулчлалын нийт салбараас 320-325 тэрбум төгрөгийн “шууд бус алдагдал хүлээжээ
Уг мөнгөн дүн шууд болон шууд бус, дам байдлаар эдийн засагт борлуулат үүсгэж, тэрхүү нийт орлогын 60% нь ажилчдын нийгмийн даатгал, ХХОАТ, ААНОАТ, нийслэлийн 1%-ийн татвар, төрөл бүрийн хураамж хэлбэрээр нийслэлийн төсөвт төвлөрөх боломжтой байв.
Зураг 10. COVID-19 цар тахлын аялал жуулчлалын салбарт үзүүлэх нөлөө
2020 оны турш зөвхөн аялал жуулчлалын салбараас нийслэлийн төсөвт төвлөрөх ёстой 600 тэрбум төгрөгийг алдах ба энэ нь Улаанбаатар хотын ДНБ-ний 6%-тай тэнцэж байна.
Үндсэндээ аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсноос болж тус салбараас Улаанбаатар хотын ДНБ-ий 1.49-1.51%-тай тэнцүү хэмжээний алдагдал буюу нийслэлийн төсөвт төвлөрөх ёстой байсан 195 тэрбум төгрөгийг алджээ
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр1 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ