Улс төр
У.Хүрэлсүхийн сонгуулийн хөзөр МАН-д айдас хүйдэс дагуулав уу
УИХ-ын сонгуулийн босго хаяанд тулж, зургадугаар сард бүрэлдэх шинэ УИХ-ын бүрэлдэхүүнд багтах чин хүсэлтэй 76 нэр дэвшигч нам намын хаалга тогшиж, намын дарга нарын таалалд нийцэхээр чармайн буй энэ үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүний тоо 65-аас 62 болж гурваар уналаа. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял сонсож, өдгөө хоёр жилийн хорих ялаа эдэлж байгаа бол УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр бүрэн эрхээсээ татгалзчихаад автомашин тоноглосон шигээ сошиал ертөнцөд гэгээнтний дүр эсгэх болсоор удав.
Цагийн сайханд гэх үү, эрт эдүгээ цагт гэх үү МАН-ын дарга хийгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хуурай дүүсийн багт гол дүр бүтээж байсан тэдний бүрэн эрхээсээ татгалзсан шалтгаан нэгэнт хууль хяналтын байгууллагын албан хаагчдыг араасаа гүйлгэх маягтай шийдэгдсэн бол өнгөрсөн долоо хоногт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хийгээд УИХ-ын гишүүн асан Д.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, УИХ-ын олонхийн саналаар амаргүй хүнд шийдвэр албажиж, төгсөх нь тэр. Д.Батзориг гишүүний тухайд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албыг хашсан богинохон хугацаандаа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийг нэр бүхий гишүүдийн эрх ашигт нийцүүлэн олгосон гэдэгт буруутгагдсан бөгөөд өөрөө ч энэхүү ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээхээ мэдэгдсэн.
Жирийн нэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн хүсээд ч олж авч чаддаггүй зээлийг намынхаа гишүүдийн хамаарал бүхий болон хүсэлт гаргасан нэр бүхий компаниудад “Үл ойлголцол үүсгэмээргүй байна. Хүсэлт гаргасан зээлийг нь өгчих” гэдэг үгийг бамбай болгон доод албан тушаалтнууддаа аман тушаал өгөх замаар хуваарилсан нь яаж ч бодсон өршөөж боломгүй үйлдэл. Гэхдээ цаашид асуудал ийн нэг хүн, нэг сайд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хасуулсан төдийгөөр хэмжигдэхгүй бөгөөд МАН-ын дарга хийгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд ЖДҮ-гээс зээл авсан, бусдыг зээл авахад нөлөөлсөн гэдгээрээ УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзахад хүрсэн тодорхой нэр бүхий гишүүдээ дахин УИХ-д нэр дэвшүүлэхгүй хэмээн албан ёсоор болон албан бусаар зарлаад удаж байна.
Гайхмаар нь тэдгээр зээлдэгч, зээлд зуучлагч нарын дунд зөвхөн МАН-ын гишүүн гэлтгүй, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойр дотно харилцаатай ах дүү төдийгүй анд нөхдийн арвин түүхтэй улстөрчид чамгүй олон бий. Ийм үед тэд дахин УИХ-ын гишүүн болохыг хүссэн хүсэл мөрөөдөлд нь бартаа саад учруулсан МАН-ын даргад яавч сайхан сэтгэлийн ерөөл өргөхгүй нь тодорхой. Тэр дундаа, МАН-аас УИХ-д нэр дэвшигч 76 горилогчийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг хөзөр, таамаг У.Хүрэлсүх гэдэг хувь улстөрчийн тархинд хэрхэн зурагдаж буйг тааварлах хар зургийг гаргахад ч бэрхтэй болж хувирсан гэхэд болно.
МАН-ыг УИХ-ын дарга асан М.Энхболд тэргүүтэй 60 тэрбумын буюу хотын фракциас чөлөөлөх хатуу ширүүн тэмцэлд ханцуй шамлан орж байна хэмээн зарлаж, тэдний эсрэг хийсэн тэмцлийнхээ үр дүнд дөнгөж МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг авахтай нь зэрэгцэн түмний өмнө нүүрийг нь түлсэн ЖДҮ-ийн зээл гэгч мандсан болохоор арга ч үгүй. Товчхондоо тэрбээр, яг одоо цагт өрөөлөөс тусламж гуйхаас илүүтэй өөртөө итгэх цорын ганц хамгаалалтад ач холбогдол өгчихөөд сууж буй нь гарцаагүй. Тиймээс ч УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг явуулсан. Д.Гантулгын тухайд ажил амьдралын гараагаа МАН-аас эхэлсэн төдийгүй өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн шинэчлэлийнх нь ажилд шинэ залуу үеийн төлөөлөл гэдгээрээ яг л нэрийн хуудас шиг хатуу чанад зүтгэж явсан.
Гэсэн ч хувь хүнийх нь буруу үйлийг нутаг нугын ах, нэг фракцийнх нь түшиг гэгдэж ирсэн намынх нь дарга У.Хүрэлсүх хаацайлаагүй. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухайд анх МАН-д элсэж орох үеэсээ эхлэн тухайн үеийн намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхэд хадаг яндар барих нь холгүй хөл алдаж явсан цаг саяхан. Гэсэн ч гүйцэтгэх засаглалын баг бүрэлдэхүүнд багтаж, УИХ-ын гишүүнээр сонгогдохтойгоо зэрэгцэн тэрбээр удирдлагыг гартаа авна гэж тооцоолсон нь дэндүү түргэдсэн алхам байсан юм. Тиймээс ч бушуу туулай борвиндоо баастай гэдэгчлэн хувь улстөрчийнхөө хувьд удаа дараа ёс зүйн алдаа гаргаж, үг үйлдлийнх нь хөнгөн хуумгай алдаа, нэр бүхий улстөрчийн үхэлд сэрдэгдсэн гашуун үйл явдал нь түүнийг нь МАН-аас, УИХ-аас явуулахад хүргэсэн. Энэ үед У.Хүрэлсүх мөн л хамгаалаагүй. Уг нь нэгэн цагт анд нөхдийн дайтай хуурай ах дүү бололцсон сайн цагаа эргэн дурссан бол УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бодоход УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт илүү сайн түүх үргэлжлүүлэн бичигдэх боломж байсан л байх. Гэсэн ч У.Хүрэлсүхийн тооцоод тийм уучлал бичигдээгүй бололтой юм билээ. Тавдугаар сараас хойш тавьсан ганцаарчилж уулзах хүсэлтэд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх таатай хариу өгөөгүйг бодоход шүү дээ.
Харин хамгийн сүүлийн жишээ болох Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн асан Д.Батзоригийн тухайд өнөөдөртөө ЖДҮ-ийн зээл олголтын шударга бус хуваарилалтад ганц хүн хариуцлага хүлээж буй мэт харагдаж байгаа боловч түүний араас тодорхой нэр бүхий УИХ-ын гишүүд хариуцлага хүлээх нь нэгэнт тодорхой болчихоод байгаа үйл явц. Тодорхой хэлбэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ирэх тавдугаар сард багтан УИХ-д хэлэлцүүлэгдэж мэдэхээр нөхцөл байдал үүсчихээд буй.
Харин бусад гишүүдийн тухайд тойргийнхоо компаниудыг дэмжсэн, зээлээ зориулалтын дагуу зарцуулсан гэх мэт үндэслэлээр хууль хяналтын байгууллагын шийтгэлээс чөлөөлөгдөж болох ч МАН-ын дарга болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн олонд зарласан зарчмаас гажиж “өршөөгдөхгүй” гэдэг нь нэгэнт тодорхой болов. Гэхдээ У.Хүрэлсүх өөрөө хууль цааз, бүр шүүгч биш учраас хатуу хариуцлага тооцож, ял шийтгэл оноох тухай асуудал бол мэдээж энд байхгүй. Тэр бүхэн нь хууль шүүхийн байгууллагын зарчмаараа явна. Харин У.Хүрэлсүхийн өнөөдрийн эрх мэдлийн хүрээнд ганц чадах ажил бол УИХ-д нэр дэвших эрхийг нь олгохгүй, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх гэдэг ганц л барьцтай шийдвэр.
Дээрхи, гурван тохиолдлоос харахад энэ шийдвэрийн биелэлт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж, олон нийтэд зарлах тэр өдөр олонд ил болох бөгөөд гагцхүү олонд хандаж хэлсэн үг, албан бусаар задарсан мэдэгдэл зэргээс нь харахад У.Хүрэлсүхийн ЖДҮ-гээс зээл авсан болон зээл олгоход зуучилсан намынх нь ах дүү, найз нөхөд, хамтран зүтгэгчдийнх нь цөөнгүй хэсэг нь ийнхүү сонгуулийн хөзрөөс нь албан ёсоор хасагдах нь тодорхой болов. Харин энэ шийдвэр албажихтай зэрэгцэн УИХ-ын гишүүн болсноор баталгааждаг тухайн улстөрчийн дөрвөн жилийн циклийг бүхэлд нь устгаж, үгүй хийсэн МАН-ын дарга болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү онилох хэр олон “дайсан” нам дотор нь төрөн гарахыг таашгүй юм. Нэг ёсны тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуулийн өмнө найз бус дайсан “төрүүлэх” хүнд ачааг ийн үүрэв бололтой. Гэхдээ төдийгөөс өдий хүртэл үргэлжилсэн улс төрийн зам мөр нь энэ зэргийн бэрхшээлийг даваад гарахад, их нүүдлийн түрүүч хаа очиж буудаллах ёстойг саравчилж харах алсын харааг суулгаа л байлгүй дээ, түүнд.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр8 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр8 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа