Улс төр
Эвдэн сүйтгэгч “Терминатор” эргэж ирэхийг хүсчээ
- Тэрбээр тун ч хар мөртэй нэгэн болохоор сэжиг төрдөг
- Өнөөгийн цүнх баригчид, хошного долоогчид хэмээх бүхэл бүтэн сүргийг, армийг тэр л бий болгосон шүү дээ. Одоо тэгээд юу өөрчлөгдөж, яг яаж шинэ Намбарын Энхбаяр бий болчихоод улс төрд эргэн ирэх гэж зүтгээд байна вэ?
Өнгөрсөн долоо хоногийн эцсээр Н.Энхбаярыг баривчилж хорьсны найман жилийн ой тохиолоо. Түүний “оймсыг нь гозолзуулан” тэр жил баривчилсны учрыг нэгэнт хүн бүхэн мэдэх хойно элдвийг нуршаад юүхэв. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, авлига, хахууль их хэмжээгээр авсан хэрэгт нь ял ногдуулж, жил шахам хориод энэ хүнийг суллаж байлаа. Одоогоос таван жилийн өмнө түүний үйлдсэн хэргийг төрөөс уучилсан боловч мань хүн одоо болтол зөвшөөрдөггүй юм. Яагаад гэвэл өөрийгөө тийм уучлуулах хэмжээнд нүгэл үйлдээгүй гэж гүрийнэ. Учир нь өөрийгөө хэлмэгдсэн учраас уучлалт биш, цагаатгал хэрэгтэй гэж үздэг, шаарддаг хүн. 2012 оны дөрөвдүгээр сарын 14-ний тэр өдрөөс хойш яг найман жилийн дараа Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшихээр болж байгаа юм байна. Нэгэн цагт бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, хэмжээгүй эрхт хаан лугаа Монголыг эзэгнэж байх он жилүүдийнх нь намтрыг сонирхох аваас тэр чигээрээ авлига, албан тушаалын хэргийг нийгэмд үрсэлж, цэцэглүүлэн дэлгэрүүлсэн түүхээр баялаг байдаг. Яг 11 жилийн өмнө энэ эрхмийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшихэд нь би вээр “Би ирлээ” гэсэн бэсрэг нийтлэл бичээд хаан шиг, заан шиг байсан хүний уур уцаарыг барж байснаа санаж байна. Монголын улс төрд жинхэнэ эвдэн сүйтгэгч “терминатор” болсон хүн эргэж ирлээ гэсэн санаагаар бичсэн болохоор арга ч үгүй байж. Одоо ч тэр ялгаагүй, түүний талаарх миний үзэл бодол яг хэвээрээ. Огтхон ч өөрчлөгдсөнгүй. Тэр эрхэм ч ялгаагүй мөн ижил, огт өөрчлөгдсөнгүй. Терминатор үхдэггүй, устдаггүй шиг Н.Энхбаяр улс төрөөс хэзээ ч явахгүй хүн аж. Гэхдээ ингэж бичиж буй минь түүнийг үхээсэй гэсэн үг биш юм шүү гэдгээ давын өмнө тодотгосу. Зүгээр л түүнд дургүй олон зуун мянган Монголын нэг. Н.Энхбаяр тэр чигээрээ хав хар төрчихсөн хүн ч бас биш. Сайн тал, сайн чанар олон л байдаг байх. Гэхдээ Монголын нийгмийг авлигажиж, мафижсан бүтэцтэй болгосон гол авторын нэг мөнөөсөө мөн гэдэгт би эргэлздэггүй. Өнөөгийн цүнх баригчид, хошного долоогчид хэмээх бүхэл бүтэн сүргийг, армийг тэр л бий болгосон шүү дээ. Одоо тэгээд юу өөрчлөгдөж, яг яаж шинэ Намбарын Энхбаяр бий болчихоод улс төрд эргэн ирэх гэж зүтгээд байна вэ? Бүр нэг хүний гайхаш барагдаж байна шүү дээ. Одоо тэгээд нам гүм сууж, ач, зээ нартаа тэр уран зөгнөлт үлгэрээ уншиж байхын оронд мань мэтэд яриад зүтгээд байх нь ямар тээртэй байдаг гээч. Монголчууд одоо үлгэрт итгэхээсээ өнгөрсөн шүү дээ л гэж бодох юм. Н.Энхбаярыг болон түүний найз нөхдийн МАХН-ыг сонгох аваас хүн бүр үнэгүй байр, орон сууцтай болох юм гэнэ. Монгол хүний цалингийн доод хэмжээг таван сая төгрөг болгох юм байна. Үнэн гоё сонсогдож байгаа биз. За одоо болно оо! Ингэж доромжлуулах гэмийг бид өөрсдөө хийцгээдэг хойно яая гэхэв. Түрүүчээсээ өрөвдөөд эхэлчихсэн ч байх шиг. Тэгээд мань “хүн мангасыг” сонгох нь л дээ. Түүний хүсэн хүлээж байгаа юм нь зөвхөн энэ шүү дээ. Өөрийгөө их гэнэн байж, одоо бол засарсан, маш хашир суусан гэж ярьж байна. Үнэн. Энэ хүн одоо улам хашир, улам аюултай, улам хорлонтой “сүйтгэгч” болон эргэн ирж байна. Тэрбээр авлигын загалмайлсан эцэг болж, “аалзны торонд”-оо нийгмийг орооцолдуулж хэрсэн хүн. Энэ гэмийг нь уучилж болох ч, эргэж улс төрд хэзээ ч үл орж ирэх ёс суртахууны давж үл болох хаалт босгосон гэдгийг тэр өөрөө мэдэж байгаа ч үл тоомсорлож байна. Түүний энэ бүр нэг цайчихсан, ширлэчихсэн мэт үл ичих үйлдэл, хандлага нь миний дургүй, эгдүүг хөдөлгөөд байдаг юм. Бүр нэг монголчуудыг тэгэхээс тэгэх гэж өдөөд байгаа юм шиг санагддаг. Тэрбээр тун ч хар мөртэй нэгэн болохоор сэжиг төрдөг. Түүнийг дагаж, цүнхийг барьж, өөрийнх нь хэлснээр бөгсийг нь “долоож” явсан залуучуудын ихэнх нь шоронд орсон юмдаг. Өнөөдөр ч зарим нь тэр хэцүү газраас гараагүй байж л байна. Г.Шийлэгдамба (Байгаль орчны сайд асан, П.Цогтбаатар (МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга асан) нар шоронд илгээгдсэн бол Э.Эрдэнэжамъян, З.Баянсэлэнгэ нар түүнтэй холбоотойгоор байцаагдаж байсан. Зарим хүнд одоо ч хэрэг үүсгэгдэн, шалгагдаж, хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж явна. Гэтэл мань “терминатор”-ыг шүтэн биширч, сохроор дагадаг тэдэн шиг залуусыг “сүйтгэгч” маань өнөө зорилгодоо ашигласан хэвээр. Өнөөдөр улс орныг нэг гэр бүлийн хоёр эзэгнэн захирдаг асан үе өнгөрсөн шүү дээ. Монгол Улсын эрх мэдлийн бүхий л өндөрлөгт хүрсэн, өдий насны хүнд одоо улс төрд шунан зүтгэх ямар агуу шалтгаан байна вэ? Ядаж л хаширдаггүй юмаа гэхэд уйддаггүй гэж үү! Ингэж үхэн хатан тэмүүлэх нөр шалтгаан байна л даа. Тэр нь дахин Монголыг бузарлаж, түймэрдэх вий дээ. Түүнээс өөр юуг хүлээх юм. “Оймсоо гозолзуулсан”-ы найман жилийн ойг тань тохиолдуулж, нам гүм намбалаг суугаасай хэмээн хүссэндээ ийн тэрлэлээ. Бүү хилэгнээрэй дээ!
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр8 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр8 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа