Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Шүүхийн тухай багц хуулиудын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай (шинэчилсэн найруулга), Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай (шинэчилсэн найруулга), Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үзэл санаа, зорилгынх нь дагуу хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэх үр нөлөө бүхий хууль, эрх зүйн орчныг шүүхийн багц хуулийн шинэчлэлээр бүрдүүлэх зорилго дэвшүүлж, мөрдөгдөж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэгтгэн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төсөлд:
-анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулахад харгалзан үзэх шалгуур, журмыг тодорхой болгох;
-Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгчийг сонгох, эгүүлэн татах, Шүүгчийн ёс зүйн дүрмийг хэлэлцэх, батлах зэрэг үйл ажиллагаанд шүүгч бүр оролцож санал өгөх эрхийг баталгаажуулах;
-хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан төрийн албан тушаалтныг ангилал, зэрэглэл, томилогдсон болон сонгогдсон байдлаас нь үл хамааран огцруулах буюу чөлөөлөх арга хэмжээ авах;
-шүүгчийн мэргэжлийн болон ёс зүй, сахилгын хариуцлагын ялгаа, заагийг тогтоох, ёс зүйн болон сахилгын хариуцлагаас гадна үлддэг шүүгчийн мэргэжлийн алдаа, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хариуцлага тооцох, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг нь үнэлэх буюу дүгнэх чиг үүргийг давхцуулахгүйгээр тусгаарлах;
-шүүхийн хэрэг хуваарилах нарийвчилсан журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан нийтлэг журамд үндэслэн тогтоох, Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөх;
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн мэргэжлээрээ ажилласан жилийг 10-аас доошгүй байхаар, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг улс төрийн болон бусад нөлөөллөөс ангид байлгах үүднээс гишүүнд тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх;
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тогтвортой, хараат бус байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс олон талын, тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголын хуульчдын холбооны оролцоог хангах, эдгээр нь олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулсаны үндсэн дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг санал болгох, Улсын Их Хурал томилох;
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх гишүүд орон тооны байх, гишүүн бүрийн бүрэн эрхийн хугацааг гишүүдийн тэгш байдлыг хангах зорилгоор адил байхаар тогтоох, Зөвлөлийн гишүүний орон гарсан тохиолдолд нөхөн томилогдсон гишүүн нь тухайн орон гарсан гишүүний бүрэн эрхийн хугацаанд ажиллах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дараагийн гишүүнийг нэр дэвшүүлэх ажиллагааг зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө нээлттэй зохион байгуулах зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгасан байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд:
-шүүгчид тавих болзол, шаардлага;
-шүүгчийг сонгон шалгаруулах, томилох болон шүүгчийг мэргэшүүлэх;
-шүүгчийн бүрэн эрх үүсэх, дуусгавар болох үндэслэл журам;
-шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа;
-шүүгчид хориглох зүйл, иргэний эрхэд тавих хязгаарлалт, ашиг сонирхлын зохицуулалт, хариуцлага, хариуцлага хүлээлгэх ажиллагаанд баримтлах зарчмын асуудал;
-Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэг, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага. хорооны дарга, гишүүдийн эрх, үүрэг, үйл ажиллагааны ерөнхий нөхцөл;
-Шүүхийн сахилгын хороонд гомдол, мэдээлэл гаргах, бүртгэх, шилжүүлэх;
-сахилгын хэрэг үүсгэсэн хорооны гишүүний явуулах ажиллагаа, сахилгын хэргийг хянан шийдвэрлэх хугацаа;
-сахилгын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны дэг, шийдвэр;
-давж заалдах гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх ажиллагаа зэрэг асуудлыг тусгасан байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд:
-Хуульчийн эрхэмлэх зүйл, ерөнхий үүрэг, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим;
-мэргэжлийн дадлага болон хуульчийн мэргэжлийн шалгалт авах журамтай холбогдсон асуудлууд;
-хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам болон тухайн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгохтой холбогдсон харилцаа;
-хуульчийн эрхлэх мэргэжлийн үйл ажиллагаа, түүний дүрэм, хуульчийн тангараг, эрх, үүрэг, хориглох зүйл, үйл ажиллагааны нууцтай холбоотой асуудал;
-Хуульчдын холбоо, түүний гишүүнчлэл, чиг үүрэг, Хуульчдын их хурал, Хуульчдын холбооны ерөнхийлөгч, Хуульчдын холбооны зөвлөл, Хуульчдын холбооны хороод, Тамгын газар, Хяналтын зөвлөлийн эрх хэмжээ болон Хуульчдын холбооны зохион байгуулалт, санхүүжилт
-Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүй, хариуцлагын асуудал эрхэлсэн хороо, түүний бүрэн эрх, хуульчид холбогдуулан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, дүгнэлт гаргах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг мэдэгдэх, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан байна.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа