Бусад
Сүржигнэл & даажигнал

УИХ-ын намрын чуулган завсарлахад тун багахан хугацаа үлдлээ. Төрийн түшээд аль нэг байгууллагын сүлд модны наадамд уригдаж, очиж юу гэж уран донгодох вэ, ямар бэлэг сэлт өгөх бол хэмээн догдолцгоож сууна. Түрүүчээс нь ч яваад ч эхэлж.
Дараа нь цагаан сар гэж байгаа. Хэлхийсэн хэлхийсэн дээлээ өмсөөд дашмаг шиг том том хөөргөө бариад нэг их юм гийгүүлсэн хүмүүс шиг айл хэсээд бадарчилна.
Харин энэ төр “Монгол төр”-ийн ажил энэ нэг 76 хүний тоглоом тохуу болж гүйцээд одоо ард түмэн, улс орноороо даажигнан тоглодог болж.
Сүүлийн үед монгол төр, УИХ, Засгийн газрын нэр хүнд унахын дээдээр унаж доройтохын хэрээр “ардын баатар”-ууд ар араасаа төрөн гарах болов.
УИХ-ын 20 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаад, хуулийн байгууллагад очиж Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан эсэхээ шалгуулна гэж цээжээ дэлдэв. Урьд хожид гарсан мэдээллүүдээс үзэхэд энэ хүмүүс зээл аваагүйдээ нүүр бардам байх шиг. Тэгээд ч бүрэн эрхээсээ татгалзахаа мэдэгдсэн хэвлэлийн хурал дээр үүнээсээ илүүтэй Засгийн газрыг буруутгаж хатуу үг шидэлж байгаагаас нь харахад УИХ-ын дарга М.Энхболдын хуруугаар хөдөлж байгаа нь тодорхой шиг.
Үүний өмнөх ардын баатрууд бол Л.Оюун-Эрдэнэ, Л.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан нар “УИХ-ын дарга М.Энхболд огцор” гэсэн бичиг барин Төрийн ордонд УИХ-ын чуулганы хуралдааны танхимын үүдэнд сууж хэвлэлийнхний од болов. Тэд үүгээр түүгээр явсан хэвлэлийнхэн, телевизэд “Даваа гараг гэхэд УИХ-ын дарга М.Энхболд огцрох өргөдлөө өгөхгүй бол бид тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжинэ” хэмээн сүртэй мэдэгдсэн.
За мэдээж М.Энхболд сандлаасаа зууралдаад салахгүй хэвтчихнэ, энэ нөхөд яах юм бол суулт хийх юм болов уу, өлсгөлөн зарлах нь уу, Сүхбаатарын талбай дээр хэвтэх нь үү гээд харж байтал таг чиг…. Ер юу ч болоогүй л юм шиг Төрийн ордонд алхацгааж явна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гэж нэг сүрхий тэмцэгч, шударга хүн бас гараад ирэв. Ердөө нэгхэн жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаар М.Энхболдыг тэнгэрт тултал нь магтаж, дэргэд нь суугаад бүр нэг үнэн сүсэг бишрэлтэйгээр талимааран ширтэж, алга ташихаа ч умартан байсан энэ хүн өнөөдөр УИХ-ын даргын өрөөнд ороод хатуухан шаардлага тавив. М.Энхболд үнэхээр тэнгэр шиг сайн хүн байж байгаад ганцхан жилийн хугацаанд ингэтлээ муу муухай хүн болчихсон уу, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн энэ богино хугацаанд ингэтлээ шинэчлэгдэн муу муухайг нэвт шувт хардаг болсон уу хэн мэдлээ.
Олон түмэн бол 2016 оны сонгуулийн үеэр бүү хэл, 20-иод жилийн турш л М.Энхболдыг газрын наймаачин, нийслэл хотын хот төлөвлөлтийг баллачихлаа гэж ярьж бичсээр, шүүмжилсээр ирсэн. Энэ үед Л.Оюун-Эрдэнэ таг дуугүй л байсан.
2016 оны сонгуулийн ердөө маргаашаас л 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг худалдах гэсэн хэрэг мандаж хэвлэлээр шуугьж байхад Л.Оюун-Эрдэнэ гуай мөн л таг дуугүй байсан. Өнөөдөр асуудал нэгэнт өндөр аваад ирэхээр гэнэт сэрээд “Ардын баатар” болж байгаа нь энэ. Гэтэл УИХ-ын даргыг өрөөнд нь орж улаан нүүрэн дээр нь шударгаар загнаж хэвлэлийн од болсон хүн зорьсондоо хүрэхийн оронд одоо таг чиг л сууна.
Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 40 гишүүн мөн л “УИХ-ын дарга “М.Энхболдыг огцортол УИХ-ын чуулганд” суухгүй гэж сүржигнэсэн, өнөөдөр юу ч болоогүй юм шиг Төрийн ордонд алаг цоог ирж очоод л явж байх жишээтэй. Энэ талаараа албан ёсоор энд тэнд өгсөн бичиг, шаардлага энэ тэр ч гэж байхгүй. Ер нь эцсийн эцэст шинэ жил, цагаан сар ойртоод байхаар ингэж хэлчихээд хувийн ажлаа амжуулж яваа юм биш байгаа гэсэн хар ч төрөх шиг.
Ж.Энхбаяр гэж нэг гишүүн байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад хуулийн байгууллагад шалгуулъя гээд л сүржигнээд байсан. Яг ингэж хэлснийх нь дараа олон нийтийн сүлжээгээр “За энэ шиг шударга хүн алга аа. Засгийн газар огцорвол дараагийн Ерөнхий сайд” гэж бичицгээсэн. Засгийн газар огцорч, тэр өндөр суудалд хүрээгүйдээ гомдсон юм шиг одоо бүр таг чиг.
Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх гэж нэг хүн байна. “УИХ-ын дарга та огцор” гэж хэлснийхээ төлөө унаж явсан нэр хүндээ жаахан ч гэсэн өндийлгөж, танхимаараа огцрохоос дэн дун үлдсэн энэ хүн юм бол “хариуцлага тооцоод эхэлнэ, хална солино, сэлэмдэнэ, сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гээд байгаа ч яг тодорхой үр дүн нь бас л харагдахгүй. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураахад танхимынхаа эсрэг санал өгсөн БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмааг л халж байгаагаас өөр тодорхой үр дүн гарт баригдаж, нүдэнд харагдахгүй л байна. Одоо утаа улам ихсээд, Засгийн газрыг огцруулах дуулиан жаахан намдаад ирэхээр аяны шувуу шиг Япон-Солонгосын харилцааны асуудлыг шийдвэрлэх гадаад улс руу нисчихлээ. Уг нь өнгөрсөн бямба гарагт БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд нь Монголд ирээд явсан юм шүү дээ. Мөн ганцхан ЖДҮ-ийг хөгжүүлэх сан ч биш, Засгийн газрын бусад бүх санг шалгуулна гээд байсан мөн л таг чиг….
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин өнгөрсөн долоо хоногт “ЖДҮХС-аас зээл олгосон материалуудыг яаралтай татаж авахгүй бол компаниудын нэр нь солигдоод, өмчлөгчид нь өөрчлөгдөөд байна шүү” гэж мэдэгдсэн. Энэ сангаас зээл авсан нь илэрсэн УИХ-ын гишүүд “Би тэр компанид огт хамааралгүй, мэдэх ч үгүй, захирлыг нь таних ч үгүй” гэж хэлээд байсантай Х.Тэмүүжингийн энэ үг аяга ам шиг нийлж байна. ЖДҮ-чид элдэв мэдэгдэл хийж шоудан цаг хожиж байгаад энэ бүхнийгээ засч залруулж, янзалж байгаа юм биш биз.
Ер нь сүүлдээ бодоод байхад МАН-ын нэр хүнд унаад ирэхээр эд бүгдээрээ өөр зуураа хэлэлцэж тохироод “Энхболд даргаа би танд тэгээд хэлчихье”, “Тэгэж хэлсний төлөө та ямар огцорчих юм биш” гэж хуйвалдаад жүжиг тоглож биднээр тохуу хийгээд байгаа юм биш биз гэсэн хар төрөөд болох биш. Ер сүүлийн үед УИХ-ын байгууллагуудын зарласан хурал ирц нь хүрэхгүйгээс тэгсхийгээд өнгөрөх, хойшлуулах нь улам л олширч, эрхэм түшээдийг эрж хайсан хэдэн сэтгүүлчээс өөр хүн Төрийн ордонд бараг харагдахгүй болсон гэхэд хилсдэхгүй. Мягмар гарагт гэхэд л ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэх байсан Эдийн засгийн байнгын хорооны хурлын ирц хүрэхгүйгээс талаар өнгөрсөн.
Эцсийн эцэст бодоод байхад УИХ-ын гишүүн гэж энэ нэг хэдэн хүн “гар хугаравч ханцуй дотроо” гэдэг шиг энэ тэр нам, бүлэглэл гэхгүйгээр үгсэн хуйвалдаж сүржин сүржин мэдэгдэл хийн од болцгоож алдагдсан нэр төрөө аврах гэж хийрхэн ард түмнээрээ тоглож даажигнаад байгаа юм биш байгаа. Бид энэ бүхэнд нь итгээд л “Аа яа яа, тэр гишүүн ч мундаг аа, ёстой шударга”, “Ийм ч дарга болгоё, тийм ч сайд болгоё” гэж хөөрцөглөөд л……Одоо шинэ жил, залгаад цагаан сар болно. Олон нийт ч баяр энэ тэр гээд жаахан сэлтүүрнэ. Энэ сиймхийг ашиглаад энэ 76 хамаг булайгаа нуун дарах ажлаа амжуулчихаад цагаан сараар нэг их шударга улс аймаг сум, айл айлаар дамжин дайлуулж цайлуулан нэг их ажил амжуулснаа гайхуулна даа.
Төрийн эргэлт их болдог улс орнуудад нэр хүнд нь унасан Ерөнхийлөгч, ерөнхий сайдаа хамтрагчид нь түлхэн унагаж байгаа дүр үзүүлээд, гэрийн хорионд тансаглуулан, тэжээж, хамтран иддэг гашуун туршлага байдаг юм гэсэн шүү…..

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Эдийн засаг6 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм6 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Улс төр6 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав