Нийгэм
Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг батлав
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн батлав. 2018-2021 оныг хүртэл хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх юм. Тус хөтөлбөрийн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт олгосон тусгай зөвшөөрлүүдийг харахад хэтэрхий урсгалаараа явж байсан нь харагдаж байгаа. Мөн эрчим хүчний технологийн онцлогтой нь тохируулахгүй, найдвартай үйл ажиллагааг нь бодолцохгүй шийдсэн зүйлүүд их байна. Энэ бүхнийг цэгцлэх зорилгоор дунд хугацааны хөтөлбөр баталж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд богино хугацаанд буюу 2021 он хүртэл тодорхой шинэ эх үүсвэрүүдийг барина. Тухайлбал, ДЦС-III дээр хоёр ажлыг эхлүүлж, 250 МВт-аар өргөтгөж, 75 МВт-аар хүчин чадлыг нэмнэ. ТЭЦ-IV-ийн 1-4 генераторын шинэчлэл хийж хүчин чадлыг 92 МВт-аар нэмэгдүүлнэ. Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэдэг болгоно. Тэгвэл жилийн дөрвөн улиралд ашигтай ажилладаг станц болно. Энэ станцууд баригдсанаар манай улс 2021 он хүртэлх хэрэглээний өсөлтийг хаана. Энэ станцуудын дэд бүтэц нь байгаа учраас шинэ станц барихын оронд богино хугацаанд хямд зардлаар 400-500 МВт-ын эх үүсвэр нэмэгдүүлэх юм. Энэ жил 300 кВ-ын шугамыг Улаанбаатар Мандалговь хоёрын хооронд барьж байна. Үүнийг барьснаар Оюутолгойг эрчим хүчээр хангах боломжтой болно. 400-500 МВт-ын эх үүсвэр нэмэгдүүлбэл Оюутолгойг эрчим хүчээр хангах эх үүсвэр бий болно. Ирэх оноос Оюутолгойг тодорхой эх үүсвэрээр хангаж эхэлнэ” гэлээ.
Өөр нэг асуудал нь эрчим хүчний салбарын аюулгүй байдал. Дулааны цахилгаан станцыг 200 МВт болгож өргөтгөх, 125-ын хоёр генератор тавина. Нэг нь газын генератор. Газын генератор 3-5 минутын дотор эргэлтэд ороод халаалтаа өгнө. Энэ бол маш чухал. Мөн100 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуур тавина. Баруун бүст Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг үргэлжлүүлэх бол зүүн бүст Дорнодын станцыг 50 мегабайтаар өргөтгөнө. Үүнийг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийнэ гэдгийг нэмж хэлсэн юм.
Эх сурвалж: Эрчим хүчний яам
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.