Улс төр
Жилийн 180 хувийн ашигтай Д.Сүндийгийн бизнес
Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшихээр горилогч Доржрэнцэнгийн Сүндий эхнэрээ зоддог хүчирхийлэгч, гаж донтон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж нийгмийг багагүй цочирдуулсан. Тэгвэл саяхан эрэн сурвалжлах албаныхан Д.Сүндий зээлийн асар өндөр хүүгээр иргэдийг тэр ч бүү хэл улсаас тэтгэмж авдаг нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхнийг ч “шулан мөлждөг” тухай баримттайгаар эрэн сурвалжилсан байна.
Гэр бүлээрээ хийдэг “хүүгийн мөлжлөгийн сүлжээ”
Д.Сүндийгийн ээж н.Сүгжлхам нь Дорноговь аймагт “Асманы булаг” ХХК нэртэй ломбард ажиллуулан Монголын төрөөс ядарсан иргэддээ сар бүр олгодог халамжийн тэтгэвэрийг иргэний үнэмлэхний хамт барьцаалан зээл өгдөг байна. Ингэхдээ өдрийн 0,5-0,7 хувийн буюу сарын 15, жилийн 180 хувийн хүүтэй зээл олгодог аж. Уг компанийн захирал нь Д.Сүндийгийн төрсөн ах Д.Бямбадүгэр бөгөөд тэд зургаан жил орчим зөвхөн иргэдийн халамжийн дэвтэр барьцаалан зээл олгож байгаа. Ингэхдээ өөрсөддөө итгэмжлэх хийлгэдэг. Ингээд сар бүрийн нэгэнд Төрийн банкин дээр очин зээл авсан иргэдийн мөнгийг авдаг байна. Тодруулбал, зээлсэн үндсэн мөнгөө суутгаж авдаг ба хүү нь харин өдрөөс өдөрт өсч байдаг. Иргэд сайн дураараа халамжийн дэвтрээ барьцаалж зээл авдаг ч хүүг нь төлж чадахгүй явсаар их хэмжээний өр төлбөрт унадаг байна. Тухайлбал, 20 мянган төгрөгийн зээл авсан иргэн гурван жилийн дотор л гэхэд 500 мянган төгрөгийн өрөнд оржээ. 70 мянган төгрөгийн өдрийн хүү гэхэд л 10 мянган төгрөг байдаг аж.
Халамж барьцаалсан уг зээлийн хүүг тэтгэврийн зээлтэй харьцуулахад 18 дахин их гэсэн тооцоо гарчээ. Зээлээ бүрэн барагдуулахгүй бол сар бүрээр хүү нь өсдөг байна.
53 мянган иргэн оршин суудаг Сайншанд хотод 10 мянга гаруй хүн тэтгэвэр, халамж авдаг байна. Харин Дорноговь аймгийн Халамжийн хэлтсээс өгсөн мэдээллээр 179 иргэн халамжаа барьцаалж зээл авчээ. Дорноговь аймаг дахь “Нэткапитал” ББСБ нь жилдээ 38,4 хувь, дэргэдэх ломбард нь жилийн 180 хувийн хүүтэй зээл олгодог. Үүнийг зээл авсан иргэдийн тоогоор тооцоод үзвэл жилийн орлого нь чамгүй их мөнгө гарч байгаа юм. Гэвч Д.Сүндийгийн ээж н.Сүгжлхамынх нь нэр дээр бүртгэгдсэн “Нэткапитал” ББСБ-ын Дорноговь аймаг дахь салбар нь өнгөрсөн онд дөрөвхөн сая төгрөг ХАОАТатвар гэж орон нутагтаа төлсөн ба ААНОАТ огт төлөөгүй байна.
Тэд хууль зөрчсөн үү?
Сонгуулийн сурталчилгааны явуулах хугацаа албан ёсоор эхлээгүй. Гэвч “хүүгийн мөлжлөгийг” хот хөдөөгүй хийж хөлжсөн ах дүү нар аль хэдийн сонгуулийн ажлаа эхлүүлсэн бололтой. УИХ-д нэр дэвшихээр горилж буй Д.Сүндий Чингэлтэй дүүрэгт, харин түүний ах Д.Алтангэрэл нь Сайншандаас эхлээд Дорноговь аймгийн бүх суманд сэтгүүл, даавуун тор, маск зэргийг тараажээ. Тэд сайн дурын ажилтнуудтай гэрээ хийж 20 мянган төгрөг өгсөн ба сэтгүүл, тор өгсөн иргэдийн нэр хаяг, регистрийн дугаарыг бүртгэж авсан байна. .
Мөн Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т зааснаар “тэтгэвэр тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол суутгал хийж болно” гэж заажээ. Мөн суутгалын хэмжээ сарын тэтгэвэр тэтгэмжийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна. Гэвч тэд халамжийн дэвтрийг нь барьцаалан зээл өгөхдөө өөрсөддөө итгэмжлэх хийлгэн иргэдийн мөнгийг банкнаас очиж авдаг. Ингэж тэд хууль зөрчин иргэдийн мөнгийг соёлтойгоор “дээрэмддэг” болохыг газар дээрээс нь эрэн сурвалжилжээ.
Түүгээр ч үл барам Зээлийн хүүгийн төлбөрийг 90 хоногоор хойшлуулах Засгийн газрын шийдвэрийг үл тоомсорлон зээлтэй иргэдийг зээлээ гурван сар хойшлуулахын тулд гурван сарынхаа хүүг бөөнд нь урьдчилж төл хэмээн шаардаж байгаа аж.
“Хүүгийн мөлжлөгөөр” хөлжсөн ах дүүс эрх мэдэлд шунаж эхэлжээ
Д.Сүндий нь Чингэлтэй дүүргээс УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа бол түүний төрсөн ах Доржрэнцэнгийн Алтангэрэл Дорноговь аймгаас УИХ-д нэр дэвшихээр санаархаж байгаа гэх.
Ядарсан иргэдийн өдрийнхөө хоолыг залгуулах гэсэн хэрэгцээнд дөрөөлж, төрөөс авдаг халамжийг нь барьцаалан өндөр хүүтэй зээл олгож, иргэдийг “шулж” амьдарч байгаадаа сэтгэл нь ханахгүй эрх мэдэл рүү ах дүүсээрээ нийлэн шунаж эхэлжээ. Тэд өдрийн 0,5-0,7 хувийн буюу сарын 15, жилийн 180 хувийн хүүтэй зээл олгох замаар ард түмнийг шулж хөлжсөн. Харин олсон орлогоосоо тус бүр 100 саяыг төлж УИХ-д нэр дэвших эрхээ авцгаасан. Тэр ч бүү хэл өөрсдийн фракцийн хамт нэр дэвшиж байгаа намын нөхрийнхөө өмнөөс 100 саяыг төлсөн гэх.
Ингэж төрөөс олгодог халамжийг нь “дээрэмдэн”, ядарсан иргэдээ хүүгийн дарамтад оруулан хөлжиж, Засгийн газрын шийдвэрийг ч үл тоон хөрөнгө мөнгөнд шунаж байгаа увайгүй ах дүүст УИХ-д иргэдээ төлөөлөх эрх бий юу?
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр11 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр11 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа