Улс төр
АН-ын 100 саяын эх үүсвэрийг АТГ-аас шалгаж эхэлжээ
Ээлжит сонгуулийн сургаар горилогчдоосоо 100 сая төгрөг хурааж эхэлсэн АН-ыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Ингэхдээ нэр дэвших хүсэлтэй хүн бүрээс 100 сая төгрөг хурааж байгаа нь ямар үндэслэлтэй болох, уг мөнгөний эх үүсвэр зэргийг тодруулах ажиллагаа явуулж байгаа юм байна.
Шалгалтын хүрээнд өнөөдрийн байдлаар АН-ын ҮБХ-ны гишүүдээс гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ. АН-ын 100 сая төгрөгтэй холбоотой гомдол мэдээлэл хэнээс очсон, үүний дагуу шалгалт явуулж байгаа эсэх талаар АТГ-аас тодруулахад “ АН-ыг сонгуулийн дэнчингийн 100 сая төгрөгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн нь үнэн” гэлээ.
Харин мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас хэний гомдлоор, хуулийн ямар үндэслэлээр шалгаж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэсэн юм. Ямартай ч хууль хяналтынханд ийнхүү гомдол очсон нь АН-ын өөрийнх нь гишүүдтэй холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл, нэр дэвших хүсэлтэй хүмүүст их мөнгөний босго тогтоож, 100 саяыг төлөхийг шаардсан, чадахгүй бол цаашаа хэмээн түлхсэн нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Улмаар АН-ын даргын зүгээс энэхүү 100 сая төгрөгийн хэмжээг нэмэгдүүлэн, хоёр дахь шатны гэрээ гэх нэрийдлээр 300-400 саяыг нэмж тушаах шаардлага тавьсан нь гал дээр тос нэмсэн явдал болсон юм.
Тийм ч учраас АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн, хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдэж байсан нь ийнхүү бодит ажил болсон бололтой. Энэ тухайд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Чимэддорж “УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн. Доод хязгаарыг тогтоогоогүй. Хүн сонгогдох эрхийнхээ хүрээнд ямар ч зардлаар сонгуульд өрсөлдөж болно. Харамсалтай нь АН эхлээд дэнчингийн 100 сая төгрөгийн доод хязгаар тогтоосон. Ингээд нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд 100 саяыг төлсөн хүмүүст дахиад мөнгөний босго тавьсан. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан сонгуулийн зардлын дээд хязгаарын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг тушаах гэрээг горилогчидтой хийж эхэлсэн.
Үүний цаад шалтгааныг харахад шууд утгаараа санхүүгийн ялгаварлан гадуурхалт яваад байгаа юм шүү дээ. Нөгөөтэйгүүр энэ бол УИХ-ын бүрэн эрхэд халдсан үйл ажиллагаа. Сонгуулийн зардлын доод хязгаарыг улс төрийн нам тогтоох эрхгүй. Тийм ч учраас үүнтэй холбоотойгоор хэрэг үүсгэчихсэн, хуулийнхан шалгаж байгаа юм билээ. Миний бие энэ асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна“ гэлээ.
Ямартай ч төр наймаалцах ажиллагаа ил тодоор явуулж байгаа нь олон хуулийг илтэд зөрчсөн үйлдэл боллоо хэмээн хуульчид дүгнэж, улс төрчид толгой сэгсэрч байсан нь оргүй болох нь ийнхүү тодорхой боллоо.
АТГ-ынхан АН-ын хурааж буй 100 саятай холбоотойгоор шалгалт явуулж эхэлсэн нь тус намд томоохон эрсдэл үүсгэх магадлалтай болов. Учир нь сонгуулийн зардлын доод хязгаарыг улс төрийн нам тогтоох эрхгүй атал тогтоосон төдийгүй нэр дэвшигчид хандив цуглуулж эхлэх хуулийн хугацаа болоогүй байхад 100 саяыг хандиваар цугуулан намдаа тушаасан хэмээн мэдээлж эхэлсэн зэрэг нь хууль зөрчсөнө нийтэд ил тод зарласнаас гадна өөрийгөө барьж өгөхүйц үйлдэл болсон бололтой. Хамгий ноцтой хуулийн дээрх заалтыг зөрсөн учраас эхний ээлжид СЕХ-ноос нэр дэвшигчийн батламж гардуулахдаа АН-ынхгыг хасах магадлал улам өндөр болов.
АН-ын нэр дэвшигчдэд батламж гардуулахгүй байх ганцхан үндэслэл нь хуулийн хугацаанаас өмнө бусдаас хандив цуглуулсан гэх шалтгаан. Сонгуулийн тухай хуулийн энэ заалтыг үндэслэн нэр дэвшигчийн батламж гардуулахгүй байх нөхцөл хангалттай бүрдсэн гэдгийг хуульчид онцолж байгаа юм. Тухайлбал, энэ тухайд хуульч Ү.Амарбат “Нэгдүгээрт, УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар хориглосон байдаг. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш СЕХ тухайн хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, мандат олгосон цагаас хандив авах боломжтой болох учиртай. Гэтэл АН нэр дэвшигчдээсээ мөнгө хураана гэж нийтэд зарлахдаа “Хандив авахаар болсон” гэж тодотгосон. Энэ нь хуулийн зөрчил болоод зогсохгүй улс төрийн нам парламентын сонгуульд нэр дэвших эрхийг үнэлж зарж байна гэсэн үг. УИХ-ын суудлыг үнэлж зарснаар дараа нь энэ мөнгөө авлигын эх үүсвэр болгох, төрөөс буцааж нөхөж авах аюулыг дагуулна. Хоёрдугаарт, нэр дэвшигч бүртгүүлсэн үеэсээ хандив цугуулах боломжтой болох байтал АН 100 саяыг татахдаа “Чи нэр дэвшихийн тулд намдаа хандив босгож өгч байна. Гэхдээ нам руу оруулах мөнгөний хандивыг чи өөрийнхөө нэрээр босго” гээд байгаа юм. Хэрвээ намд цугуулж байгаа бол АН-ын бодлого, үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн хандив байх ёстой юм, хуулиараа. Гэтэл өөртөө хандив цуглуулж байгаа мэтээр олсон мөнгөө намдаа өгчихөөд байгаа нь хэлбэрийн хувьд болоод байгаа юм шиг атлаа агуулгын хувьд сонгуульд нэр дэвшигч цаг нь болоогүй байхад хандив цуглуулаад эхэлсэн гэсэн үг. Хэрвээ үүнийг ул сууриар нь хөөвөл сонгуульд нэр дэвших эрх авахын тулд намдаа 100 саяыг цуглуулж өгсөн бүх нэр дэвшигч хууль зөрчсөн болчихож байгаа биз. Тиймээс АН-аас нэр дэвшихээр намдаа 100 ба түүнээс дээш саяыг хураалгасан бүх хүнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй” хэмээн тайлбарласныг тодотгоё. Ямартай ч түүний дурдсан хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн нь АН-ыг ийнхүү хууль, шүүхийн хаалга татахад хүргэв бололтой.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм12 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр12 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр12 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа