Улс төр
Бие даагчдад битгий найд
Ингэж хэллээ гээд бие даагчдыг сонгохгүй байх нь юу л бол. Гэвч хэлье, битгий найд. Хэдийгээр сүүлийн 30 шахам жил ээлжлэн төрийн эрх барьсан АН, МАН төдийгүй бусад “жижиг”-ээс нь ч нийтээрээ залхаж, найдахаа больж буй ч бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бие даагчдад бус, улс төрийн нам, эвсэлд л бий. Зөвхөн манайд ч биш, бүх улс оронд ийм л байдаг. Үүнийг биеэрээ мэдэрсэн хүмүүсийн хэлсэн үг, хийсэн үйлдэл бэлхнээ батална. Бие даан нэр дэвшихээ илэрхийлээд буй 200 гаруй эрхэм ч, магадгүй намаас илүү тэдэнд найдаж буй сонгогчид ч хэт романтик хүлээлтээсээ одоо ангижирна уу.
ЖАВХЛАНГУУД ХЭРЭГГҮЙ
Эхлээд бүрэн эрхийн хугацаа нь хараахан дуусаагүй байгаа бие даагч гишүүн С.Жавхлангаас дөрвөн жилд юу хийж, ямар хууль санаачилсныг нь асуугаад үз, сонгогчид оо. Архи, тамхины бизнес эрхэлдэг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хориглосон агуулгатай хуулийн төсөл санаачилсан нь түүний хувьд анхных бол “ангийнх” нь зарим нөхөр ЖДҮХС-гаас ойр дотнынхондоо зээл авч өгсөн дуулиан дэгдэх үеэр УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан нь сүүлчийнх байв. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг шуурхай шийдвэрлэхээр тусгасан уг хуулийн төслийг парламент хэлэлцээгүй. Өмнөхийг нь ч мөн адил. Харин хуралдаа суухгүй, албан өрөөндөө амьдарна гэж “эрхэлж” өнгөрөөсөн тэрбээр саналын эрхтэй товчлуураа эрх баригчдад худалдсан юм. Үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн Ардын намынхан өөр хоорондоо хагаралдаж, огцруулах, эс огцрохын төлөөх өрсөлдөөндөө түүнийг тал татаж, ашигласан.
Энэ удаагийн парламентын цорын ганц бие даагч гишүүн тэрбээр сонгогдоод жил ч болоогүй байхдаа “УИХ дахь намын бүлгүүдийн (тэр үед АН-ын бүлэг тараагүй байв) хуралдаан, та бүхний хууль баталж буйг хараад гуниг төрж сууна. Надад энд эрх мэдэл, үүрэг алга. Энд буй 75 хүний эсрэг С.Жавхлан ганцаараа байгаа шүү” гээд УИХ-ыг тараахыг шаардсан жагсаалд нэгдэж байж билээ. Гашуун ч гэсэн бодит үнэнийг ойлгосон хүн л ийм үг хэлэх байх. Дөнгөж сонгогдчихоод “УИХ-ын гишүүн гэдэг энэ эрхэм нандин алба миний хувьд сандал суудал, эрх ямба гэхээс илүү хамгийн өндөр хариуцлагатай, манаанд гарч байгаа харуулын ажил шиг санагддаг” хэмээж явсан хүн шүү дээ. “Таны, нийгмийн, төрийн мөрөөдлийг хөтөлбөржүүлье” гэх уриатайгаар гишүүн болсон дуучин маань төрийн хүн, түшээгийн “хэлбэр”-ээ олохгүй байсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна.
Ганц С.Жавхлангийн үйл хэргээр бие даагчдыг бүгдийг нь “доош хийж” байгаа юм биш. Өнгөрөгч парламентад бие даан сонгогдсон гурван гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болор-чулуун нар албан бус бүлэг байгуулж, даваа гараг бүр мэдээлэл хийж, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлдэг байлаа. Харин бүрэн эрхийн хугацаа дуусахад тэд бие даагч бус, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН, С.Ганбаатар ХҮН-ын гишүүн болсон түүхтэй. 2004 оны сонгуулиар бие даагч хоёр гишүүн сонгогдсон нь Я.Санжмятав, Р.Амаржаргал нар бөгөөд тэд эцэстээ аанай л АН-даа эргэн ирсэн.
…Энэ бол улс төрийн намууд дотроосоо ч, гаднаасаа ч итгэлээ алдаж буйн нэг илрэл. Аливаа нам зохион байгуулалт, дотоод асуудлаа эргэн харах, төрийн эрх барих ажлыг намд эргэлт буцалтгүй даатгахын тулд шаардлагатай хууль, эрх зүйн орчин, тэр дундаа санхүүжилттэй холбоотой зохицуулалтуудыг тодорхой болгох цаг ирсний дохио…
МӨРӨӨДӨЛ ТӨДИЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар анхнаасаа энэ намын гишүүн байсан нь Хөвсгөл, Дорнод аймгийн сонгогчид тэднийг дэмжиж, итгэл хүлээлгэхэд нөлөөлсөн болов уу. Гэвч тэдний хэн нь ч намынхаа гишүүнчлэлийг түдгэлзүүлэх хийгээд сэргээх, эсэхээ сонгогчдоос асууж, зөвшөөрөл эрээгүй. Гагцхүү тухайн үед МАН-ыг даргалж байсан хүнтэй л тохироо хийсэн байх, тэд. С.Ганбаатарыг ч “ХҮН гэдэг намд ороод, дарга нь болоод, бас буцаад гараасай” гэж бодож сонгоогүй. Тэр ч Дархан-Уулын сонгогчдоос хэрхэхээ асуугаагүй. Монголын ардчиллыг өмчилдөг АН-ын нөлөө бүхий лидерүүд болох Р.Амаржаргал, Я.Санжмятав нар нэгэн цагт бие даагчдын эгнээнд багтаж байсан ч төрхөмдөө буцах шийдвэрийг сонгогчид нь бус, тэд өөрсдөө л гаргасан.
Магадгүй тэдэнд үүнээс өөр сонголт үлдээгүй байж болох. Санаачилсан хууль, зарчмын байр сууриа хамгаалж, хичээн зүтгүүлэвч үр дүн гарахгүй, намтай, бүлэгтэй, олонхтой гишүүдэд дарагдан хоцрох нь шантрах шалтгаан болдгийг үгүйсгэх аргагүй. 2008 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдээс ганцаархнаа сонгогдож байсан, “25 дугаар суваг” телевизийн захирал, сэтгүүлч З.Алтай “Бие дааж сонгогдсон гишүүдэд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж байхгүй. Амьд жишээ нь би байна. Бие дааж нэр дэвших гэж байгаа хүмүүст хэлэхэд, ганц дайчин ганцаардахгүй гээд зүтгэлээ ч үр дүн гардаггүй юм билээ. Үүнийг би дөрвөн жилийн турш мэдэрсэн. Үр дүнд хүрээгүй. Бие даагч гишүүн хуулийн төсөл боловсруулахаар “Чи хэн юм бэ” гэх маягаар бүгдийг нь “нясалдаг”. Бие даагчид сайн хүн байж болох ч УИХ-д хэн ч биш гэдгийг ойлгооч. Хайран суудал. Сэтгэлийн хөөрлөөр тийшээ орж, хайран дөрвөн жилээ битгий алд” гэж зөвлөсөн байна лээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАХН-ыг төлөөлөн ганцаараа ажиллахдаа О.Баасанхүү гишүүн хамгийн идэвхтэй байсан ч эцэстээ улс төрийг томоор харж, багаар “тоглохын” тулд АН-ыг сонгоод байна. Ганцаар “дайтах” амаргүй буй заа.
ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ҮГҮЙ ХИЙСЭН АШИГ СОНИРХОЛ
Гэвч нөгөө талаас намтай атлаа бие даан нэр дэвшсэн, дэвших гэж байгаа хүмүүст нийтэд нь хамаатай нэг дүгнэлт бий. Үүнийг УИХ-ын гишүүн, сайд асан Х.Тэмүүжин тун тодорхой хэлжээ. Тэрбээр намынх нь лидерүүд бие даан нэр дэвших гэж байгаа талаар байр сууриа илэрхийлэхдээ “Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр ямар зарчим, үзэл санаанд тулгуурлав гэсэн дундын үнэт зүйлээс илүү хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн бие даан нэр дэвших нь тухайн хүмүүсийн сонголт. Үүнийг буруутгах аргагүй ч ямар ч үед дундын үнэт зүйл, хамтаар бүтээх гэж байгаа зарчимдаа бат зогсож чадах нь улс төрийн намын төлөвшилтэй шууд холбоотой” хэмээн онцолсон. Үнэхээр ч АН-аас Н.Алтанхуяг, Б.Дэлгэрмаа, Э.Бат-Үүл, С.Баярцогт, Л.Гансүх зэрэг манлайлагчаас нь гадна Ш.Адьшаа, Д.Мөнх-Эрдэнэ, Н.Соёмбо, П.Галиндэв, Д.Анхбаяр, Ц.Буянцогтоо гэх мэт цөөнгүй хүн бие даан нэр дэвших гэж буй.
Энэ бол улс төрийн намууд дотроосоо ч, гаднаасаа ч итгэлээ алдаж буйн нэг илрэл. Аливаа нам зохион байгуулалт, дотоод асуудлаа эргэн харах, төрийн эрх барих ажлыг намд эргэлт буцалтгүй даатгахын тулд шаардлагатай хууль, эрх зүйн орчин, тэр дундаа санхүүжилттэй холбоотой зохицуулалтуудыг тодорхой болгох цаг ирсний дохио. Намуудад сонгуулиар хариуцлага тооцдог, бие даагчдын бус, төрийн бодлого хэрэгжүүлдэг, эргэх холбоотой тогтолцоо үгүйлэгдэж байгаа нь энэ.
Энэ хугацаанд бидний сонгож байгуулсан долоон парламентад нийт 235 хүн бие даан нэр дэвшиж, ес нь УИХ-ын гишүүн болж байсан. Ердөө л бүлэг байгуулах хэмжээний бие даагчтай байсан гэсэн үг. Гэвч нэг удаагийн сонгуульд 200 гаруй хүн бие даан нэр дэвшлээ гээд бид хөөрцөглөн, хамаг сэтгэлээ дэвсэх хэрэггүй. Бие даагч гишүүн олон сонгогдлоо гээд санааны сайхнаас хэтрэхгүй. Бодитой, бүтээмжтэй ажиллах орон зай тэдэнд үгүй.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр14 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр14 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа