Улс төр
Бие даан нэр дэвшээд, гишүүн болохыг санаархаж яваа “хамар” Т.Ганболдын хэргүүд хаачив
УИХ-ын ээлжит сонгуульд урьд өмнө үзэгдэж харагдаагүй олон буюу 208 хүн бие дааж нэр дэвшихээр аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Эдэн дундах “но” ихтэй хүмүүс ч олон. Баян хүнийг балаг тойрдоггүй гэгчээр бизнес улстөрийн талбарт ил гарч ирэх бүртээ гай тарьж явдаг нэгэн энэ дунд байна. Тэр нь “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Тордайн Ганболд гэгч л дээ.
Санаснаа хийж, сарвайснаа авч яваа энэ залуу ер нь хэн юм бэ. Түүнийг “хамар” гэх хочоор нь бол улстөр, бизнесийн хүрээнийхэн андахгүй. Монголын улстөр, бизнест “хамар” хочит хоёр л бий. Нөгөөг нь “хамар ах” хэмээдэг МАХН-ын Н.Энхбаяр, нөгөөх нь энэ нийтлэлийн баатар Т.Ганболд.
Монголын баячуудын дунд гэнэт хүчтэй орж ирсэн Т.Ганболдыг нэгэн цагт гарч ирсэн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай зүйрлэж болох юм. 1998 онд баахан сэтгүүлчдийг урьж хоол идүүлээд л “Эрэл” гэж тасарчихсан баян компани байна, Б.Эрдэнэбат гэж баян хүн байна гэлцээд унасан. Нөгөөх нь МАШСН гээч нам байгуулж, 10 мянган төгрөг бэлгэнд өгч 100 мянган “гишүүн” элсүүлж билээ. Ингээд л улстөр рүү харайгаад орчихсон.
Харин бидний өгүүлэн буй Т.Ганболд ардаа “том ах”-тайн хэрэг юу билээ, гэнэт л томорсон доо. Түүний “том ах” нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын гурван даргын нэг асан С.Дэмбэрэл.Т.Ганболд түүний эгчийнх нь хүүхэд.
Түүний намтар товч юм шиг атлаа ардаа асар том асуултуудыг дагуулсаар явдаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлын алба хашиж, улмаар “Алтан Дорнод Монгол”-ыг 23 сая доллараар авч, ХҮН намыг удирдаж, нэр хүндийг нь уландаа гишгэж хаяад, Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг өөрөөс нь хахууль авсан хэмээн бужигнуулсаар өдгөө хүрсэн нэгэн.
Бизнес нь тун амжилттай тэрбээр Баянгол зочид буудлын ард “Корпорейт-1, МҮХАҮТ-ын дэргэд “Корпорейт-2” буудлуудыг болон мөн Нүхтэд зочид буудлаа босгосон. Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд “Шамбалла” хотхоныг барьж байгуулсан аж. Өмнө нь түүнийг авлига авч, өгсөн, валютын ханшийн зөрүүг хууль бусаар ашигласан үндэслэлээр буруутган хуулийн байгууллага шалгаж байсан удаатай.
Улстөрийн түүх нь ч ярих, сануулах юм олонтой. Т.Ганболд МАН-ын гишүүн байснаа 2015 онд гэнэт намаасаа гарч ХҮН-д орж, хэдхэн сарын дараа тус намын даргын суудалд морилсон. Одоо МАХН-д байгаа С.Ганбаатар, Т.Ганболд нар ХҮН-ийг бужигнуулж сонгуульд оролцох эрхгүй болгосон түүх 2016 оных. Энэ удаа харин Т.Ганболд бие даагчдын платформ гэгчийг санаачлан баахан хүн дагуулан нэр дэвшиж явна.
Тэр ийнхүү улстөр рүү зүтгэхдээ сүүлийн үед их л шударга хүний дүрд хувилах болсон. Тэр шударга царайтай дүрээ Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүүгийн эхнэрийн дансанд дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн хэмээн мэдэгдсэнээр эхлүүлсэн билээ.
Харин бие даан нэр дэвшээд УИХ-ын гишүүн болох гэж санаархаж яваа түүнтэй холбоотой хэргүүд хаачив?
Т.Ганболдтой холбоотой хэргүүд:
- Т.Ганболдыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеийн асуудалтай холбоотойгоор хуулийн байгууллага саатуулан шалгаж байв? Түүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нягтлангаар нь ажиллаж байсан эмэгтэй мөнгө завшсан хэргээр шалгагдсан бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авах зорилгоор хуулийн байгууллага хэдэнтээ дуудсан ч очоогүй учраас тийнхүү баривчилсан байдаг юм..
- Т.Ганболдын “Алтан Дорнод Монгол” ХХК-тай нь холбоотой хуудуутай асуудал их бий. Улсад их хэмжээний татварын өртэй энэ компани 74-151 тэрбумын татварын өрөө улсад төлж барагдуулах ёстой гэлцдэг. Энэ асуудал сураггүй болсон.
- Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа өмнө Ерөнхий прокурор Д.Дорлигжавын дансанд “Алтан Дорнод Монгол”-оос 4 сая ам.доллар орсон тухай нэгэн баримт дэлгэж байсан. Түүнд Т.Ганболдыг холбоотой хэмээн шуугиад өнгөрч байлаа.Т.Ганболд энэ тухай “Тухайн үед их хэмжээний мөнгө манай данснаас ерөнхий прокурорын төрсөн дүүгийн эхнэрийн дансанд шилжсэн. Энэ асуудал хууль,хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа учраас илүүг ярих боломжгүй” гэж байлаа.
- АТГ болон ЦЕГ-т иргэн Н.Цогтгэрэл хандаж, “Алтан Дорнод Монгол” компанийн эзэн Т.Ганболдыг шалгуулах гомдол гаргажээ. Уг гомдолд “ Алтан Дорнод Монгол” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Британийн Виржиний арлуудын нутаг дэвсгэрт бүртгэлтэй “Голдстрим Монголиа Инк” компанийн нийт хувьцааны таван хувь болох 650’000 ам.долларын үнэтэй 2500 ширхэг хувьцааны хууль ёсны өмчлөгч болох миний хувьцааг иргэн Т.Ганболд, М.Идэр, Б.Батзориг нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар хууль бусаар Т.Ганболдын эзэмшилд шилжүүлэн авсан.
Улмаар “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд, хувьцааг бусад иргэн аж ахуйн нэгжид дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийн их хэмжээний татвараас санаатайгаар зайлсхийж худалдан шилжүүлсэн. Худалдсан хөрөнгийн орлогоо гадаад, дотоодын иргэн аж ахуйн нэгжүүд, оффшор руу шилжүүлэн их хэмжээний мөнгө угаасан” гэж буруутгаж буйгаа дурджээ. Мөн энэхүү Н.Цогтгэрэл нь төрийн өмчит Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрнгө, мөнгийг өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шамшигдуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь давхар шалгуулах хүсэлт гаргасан юм.
Үүнээс гадна Хан-Уул дүүргийн Зайсангийн аман дахь “Шамбалла” хотхоныг барьж байгуулсан. Иймд энэ обьектод оруулсан санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэг бүрчлэн шалган тодруулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг шалгах хүсэлтийг өгснийгАТГ болон ЦЕГ-аас шалгаж эхэлсэн.
Гэтэл өнөөдөр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө эдгээр хэрэг нь замхарчихсан хэрэг үү? Тэр бие даан нэр дэвшээд Их хурлын гишүүн болчихно гэж санаархаж явна.
Тоймч С.Самбуу
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр14 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр14 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа