Сав шим
Унтаахай ботго
Шар ингэ учиргүй ядарчээ. Хэвлий дэх үрээ арга нь олдвол аятайхан газар төрүүлчих санаатай газар хайсаар аараг толгойн эхний амны жалгыг арайхийж олов. Өнгөрсөн өвөл тэр хавиар идээшилж явахдаа шувуунаас өөр ямар ч амьтны бараа сүүдэргүй энэ жалгыг ботголоход хамгийн тохиромжтой газар гэж тооцсон юмсанж. Салиа нь ч гүйцэд хатаагүй нялх ботгоо харах тусам хайр нь хүрнэ. Хорвоод амьтан болж төрсний шидийг шидийг үзэхийн сацуу ангир уургаа хөхөхийн тулд хөл дээрээ тэнцэх явдал амьтны үр төл бүхэнд ижил заяагддаг болохоор ботго ч тэдний адил тэнцэх гэж хэрэндээ мэрийнэ. Гагцхүү урт хүзүү, данхгар том толгойгоо дааж босох нь хамгаас хэцүү байлаа. Гурван цаг гаруй өсдөж, сөхрөн байж арайхийн хойд хоёр хөл дээрээ босох гэж аядав. Үрийнхээ хөл дээрээ босох гэж чадан ядан байхийг эх амьтны совингоор мэдрэвч туйлдаа хүртэл ядарсан үрдээ туслах тэнхэл байсангүй. Гэвч ингэ хүчлэн байж босов. Эхийнхээ зүг тэнцэж ядан бээцэгнэх ботгоо хараад том алаг нүдэндээ баярын нулимс мэлмэрүүлэн үрээ тослоо. Төд удалгүй эхийнхээ ангир уурганд цадсан ботгоны нүд юу юугүй анилдах нь тэр. Түүнд эхийнхээ бөөрөнд наалданхан урт хүзүүгээ нугалж аваад унтах шиг жаргал даан ч үгүй. Ийм маягаар хавтгайн нялх ботго арав хоног эхийнхээ хөхийг хөхөж унтахаас өөр юуг ч үл бодно. Нарны илч, халуухан сүүндээ “пологдсон” ботго унтаж байгаад эхээсээ хоцрох нь энүүхэнд. Энэ бие өсч тором болсон хойноо ч эцэг эхийн нөмөр нөөлөгт жаргаж, нойрон дундаа ч мөөмөө л зүүдлэх авай. Дашрамд өгүүлэхэд, хавтгайн ботго зургаан сар хүртлээ аюулаас өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй байдаг байна. Мөн хавтгайн ингэ ихэрлэдэг, гэрийн тэжээмэл ингэний адил ботгоо голдог эсэхийг одоогоор тогтоож амжаагүй байна. Гэхдээ хоёр ботго дагуулсан ингэ усанд орж ирэхийг хэдэнтээ харсан ч нэг эхийнх эсэх нь тодорхойгүй аж. (хоёр настайг тором, гуравтайг шилбэ гэж нэрлэнэ). Ботго, торомны аль нь ч их сониуч зантай учир барагтай бол юмнаас айж үргэхээ мэддэггүй гэмтэй. Гэрийн тэмээний ботго гэхэд л сониуч зандаа хөтлөгдөөд хэвтэртээ цагирагласан нохойны ам хамрыг нь дургүйг нь хүргэсний шанг хүртээсний дараа л гэмээ ухаардаг бол хавтгайн ботго ч үнэг, хярс, чоныг дагаж гүйн “тэнэгтдэг” гэнэ. Эл занг нь сайн мэдэх чоно гуай эхийн анхаарлыг сарниулж байгаад зөөлөн амттайхан зууш хүртэхээ ч бас мэднэ.
Сав шим
ӨТЦИ МУМИ ОЛДСОН ӨДӨР
Германы аялагчид болох Хелмут болон Эрика Саймон / Helmut, Erika Simon/ нар 1991 оны есдүгээр сарын 19-ний өдөр Австри-Италийн хил дээр орших Өтцтал Алпийн /Ötztal Alps/ нурууны зүүн хэсгийн Симилаун уулны /Similaun/ Тизенжочийн /Tisenjoch/ давааны орчимд 3210 метрийн өндөрт нэгэн ер бусын цогцостой таарчээ. Тэд анх харсан даруйдаа саяхан шиг нас барсан уулчны цогцос гэдэгт бат итгэлтэй байв. Маргааш нь тухайн уулыг хариуцсан байгаль хамгаалагчид, ойролцоох Симилаунхюттийн /Similaunhütte/ хамгаалагчидтай нийлэн цогцсын мөсөн дор барьцалдан хөлдсөн хэсгийг өрөм болон, сүх ашиглан гаргах гэж оролдсон боловч цаг агаарын таагүй байдлаас болоод чадалгүй буцан буужээ.
Дуулианаар богино хугацаанд найман бүлэг газар дээр очсоны дотор уулчин Ханс Каммерландер, Райнхольд Месснер /Hans Kammerlander, Reinhold Messner/ нар ч байлцав. Эцэст нь есдүгээр сарын 22-нд цогцсыг бүрэн гаргаж авч чадсан бөгөөд маргааш нь аюултай бүсээс холдуулжээ. Түүнийг ойролцоо олдсон бусад эд зүйлсийн хамтаар Инсбрук /Innsbruck/ дахь эмнэлгийн шинжилгээний газарт хүргэв. Олдворыг анх есдүгээр сарын 24-ний өдөр Инсбрукийн Их Сургуулийн археологич Конрад Спиндлер /Konrad Spindler/ судалжээ. Спиндлер хамт ирсэн эд зүйлсийн дунд байгаа сүхний байдлаас хараад түүнийг “дор хаяж дөрвөн мянган жилийн настай” хэмээн анхны он цагийг тогтоожээ.
Цогцос болон дагалдах эд зүйлсийн дээжийг шинжилсний эцэст уг цогцос нь МЭӨ 3359-3105 оны хооронд буюу одоогоос даруй таван мянга орчим жилийн өмнө амьдарч байсан хүн гэсэн эргэлзээгүй дүгнэлт гаргажээ. Түүнийг олдсон уулынх нь нэрээр “Өтци” /Ötzi/ гэж онцлох болсон ч зарим тохиолдолд “Мөсөн хүн” /Iceman/ ч гэж бичсэн байдаг. Өтци бол Хальколитын (зэс зэвсгийн үе) /Chalcolithic (Copper Age)/ үеийн төлөөлөл болж Европоос олдсон хамгийн эртний байгалийн хүн муми юм.
Мөн анх олсон Саймоны гэр бүл олон жил түүхэн дурсгал олсны 25 хувь авах талаар маргаан үүсгэсэн. Тэдний дундуур ахиад хоёр ч “нээлт хийгч” гарч ирсэн ч баталгаа олдоогүй. Харин мужийн зүгээс тэдний нэхэмжилсэн 300 мянган ам.доллар их хэмээн давж заалдаж байх хооронд 2004 онд нөхөр Хелмут нь нас баржээ. Ийнхүү 2008 онд мужийн захиргаа хатагтай Саймонд 150 мянган евро олгох шийдвэр гаргасан.
Сав шим
500 САЯ ЖИЛИЙН ТУРШ МАНАЙ ДЭЛХИЙ 5 МӨХЛИЙГ ҮЗЖЭЭ.
Сав шим
Нойргүйтлээс салах аргууд
Сэтгэл санааны байдал, ажлын ачаалал зэргээс “insomnia” буюу нойргүйдэлтэй болсон хүмүүс цөөнгүй байдаг. Хүний биеийн хамгийн чухал процессуудын нэг болох нойрыг шаардлагатай хэмжээгээр, бүрэн авч чадахгүй байгаа нь сэтгэц болон биеийн эрүүл мэндэд маш том нөлөөтэй билээ. Тийм ч учраас уг өвчнийг эмчлэхийг олон эмч, сэтгэл зүйчид зөвлөж бас сануулж байдаг.
Тэгвэл асуудлыг хүндрэхээс өмнө авч хэрэгжүүлж байх, тун энгийн мэт боловч маш үр дүнтэй аргуудыг сэтгэл зүйчид зөвлөж байна. Та бүхэн цаашид гарах хор нөлөөллийг бодолцож үзэн, орондоо шаналж, утсаа оролдож эсвэл элдвийг бодож хэвтэхийн оронд эдгээр зөвлөгөөг дагаад үзээрэй.
Нэг. Биеийн хэсгүүддээ анхаарлаа төвлөрүүлж, нарийвчилж шинжиж үзэх. Бүх биеэ суллаж, чангарсан булчин байгаа эсэхийг олж мэдэх. Хэрэв тийм бол унтахаар хэвтэхээс өмнө уг булчин суллаж, иллэг хийх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.
Хоёр. Хэлний үзүүрээр дээд шүдний арын хэсэгт нааж, хэсэг хугацаанд тэр байдлаараа байх.
Гурав. Хэлээ наасны дараагаар хамраараа гүн дөрвөн секундийн турш гүн амьсгаа ав. Үүний дараагаар амьсгаагаа долоон секундийн турш барих хэрэгтэй. Долоон секунд өнгөрсний дараа найман секундийн турш маш тайвнаар найман секундийн турш амьсгалаа гаргах хэрэгтэй. Уг үйлдлийг та өөртөө тааламжтай байдлаар хэдэн ч удаа давтаж хийж болно.
Дөрөв. Дахин биеэ шалгаж чангарсан булчин байгаа эсэхийг үзэж, хэрэв тийм бол иллэг хийх байдлаар суллаж, амраах хэрэгтэй.
(Жич: Уг 4-7-8 секундийн амьсгалын арга нь хэдийгээр жор дээр бичигдэхгүй ч нойрны эмтэй ижил үйлчилгээтэй, эрүүл арга гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэснээр та бодлуудаасаа салж, бие тань тайвширч бага хугацааны дараа нойрны ертөнцөд аялах боломжтой болох юм.
Тав. Уг үйлдлийг хийж дууссаны дараа таны бие маш тайвширсан байх болно. Хэрэв таны нойр хараахан хүрч эхлээгүй байгаа бол ном унших эсвэл биеэ суллаж хэвтэх зэрэг арга хэмжээг авч болох юм.
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Нийгэм4 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө