Улс төр
С.Бямбацогт: УИХ-ын гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоо удирдахыг хориглосон
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар Монгол УИХ-ын тухай болон Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Энэ удаагийн парламентын отгон чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай хууль, тогтоомжуудыг хэлэлцэж байна. Үүний нэг нь Монгол УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага нь Монгол Улсын Их Хурал байхаар хуульчилсан. Иймд эдгээр хуулиудыг шинэчлэн баталлаа.
Монгол УИХ-ын тухай хууль нь 7 бүлэг, 51 зүйлтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн ард түмний засаглах эрхийг хангахад энэ хуулийн зорилго оршиж байна. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага бол ард түмнийг төлөөлөх гол байгууллага гэдгийг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд тодорхой зааж өглөө. Монгол Улс цаашид парламентын засаглалтай байна гэдгийг баталгаажуулсан.
УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн асуудлыг чангаруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, тангаргаасаа няцаж, хууль зөрчвөл хариуцлага хүлээх нарийвчилсан зохицуулалтуудыг оруулж өгснөөрөө чухал ач холбогдолтой болж байна.
УИХ-ын гишүүдийн тодорхой эрхүүдийг хязгаарласан. Тухайлбал, өмнө нь гишүүд тойрог бүртээ төсөв тавиулж, төсвийн орлого болон зарлагын хэмжээг нэмэгдүүлж, өрөнд оруулдаг байдал хавтгайрсан байсныг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд, улсын төсвийн зарлага болон алдагдлыг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлах эрхийг нь хязгаарлав. Мөн гишүүд аливаа хуулийн төслийг санаачлахдаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд ажиллах зохицуулалтыг оруулсан.
Түүнчлэн гишүүд янз бүрийн сонгуульт албан тушаал хашдаг байдлыг хязгаарласан. Тодруулбал, гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоодыг удирдаж болохгүй байхаар тусгасан. Мөн санаачлах хуулийн төсөлд хязгаар тогтоож өгсөн төдийгүй бусдыгаа гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээж байхаар тусгасан.
Ингэснээр УИХ-ын гишүүд үндсэн чиг үүрэг болон хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, ард түмнээ төлөөлөх үүргээ хэрэгжүүлэх бололцоог бүрдүүллээ” хэмээн мэдээллийн эхэнд танилцуулав.
Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчлэлээр УИХ-ын чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг ажлын 75-аас доошгүй хоног байхаар нэмэгдүүлсэн юм. Намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, 02 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар, Хаврын ээлжит чуулган 03 дугаар сарын 15-ны өдөр эхэлдэг байхаар тусгажээ.
Мөн хуулийн хэлэлцүүлгийн тоог нэмэгдүүлж, хуулийн төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, эцэслэн батлах гэсэн дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн батлах төдийгүй, эцэслэн батлахдаа нийт гишүүдийн олонхын саналаар буюу 39-өөс дээш гишүүний саналаар баталж байхаар босгыг өндөрсгөсөн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж, 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.
Энэ хуулийн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 14 бүлэг, 126 зүйлтэйгээр баталсан энэ хуулиар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг бүтээмжтэй, үр нөлөөтэй байлгах, асуудлыг ажил хэрэгч, шударга зарчмаар шийдвэрлэхэд чиглэсэн гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.
Анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулсан байна. Тухайлбал, Ерөнхий сайд томилогдсоноос хойш ажлын 14 хоногийн дотор Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулжээ. Мөн Засгийн газрын гишүүдийн хүн нэг бүрээр УИХ-д танилцуулах бөгөөд УИХ-аас ямар нэгэн шийдвэр гарахгүйгээр танилцуулснаар томилогдсонд тооцно. Засгийн газрын гишүүний тангараг өргөх журмыг УИХ-аас баталжээ.
Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нэгдсэн хуралдаан тухайн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох Байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө санал авах ажлыг зохион байгуулахаар нарийвчлан зохицуулжээ.
Мэдээллийн төгсгөлд гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм15 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр15 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа