Улс төр
Дархан Арьс Ширний Цогцолбор ХХК-тай бодлогын гэрээ байгууллаа
Монгол Улсад жилд дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлэх нөөцтэй . Түүхий эдийн арвин нөөц боломжтой ч бэлтгэх тогтолцоо, тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас малын гаралтай түүхий эдийн үнэ цэнэ, бэлтгэн нийлүүлэлт, нэмүү өртөг шингээсэн экспортын хэмжээ хангалтгүй байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Дархан арьс ширний цогцолбор ХХК нь 2015 оноос туршилт, судалгааг эхлүүлэн Дархан Арьс Ширний Цогцолборыг барих төслийн ажлыг 2018 оноос эхлүүлж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамтай хамтран ажиллаж байна.
Төслийн хүрээнд жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос боловсруулах, ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт , түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжууд Дархан хотноо баригдах юм. Тухайлбал,
- Бог малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт- 9-н үйлдвэр
- Бод малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт- 4-н үйлдвэр
- Ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр – 2 үйлдвэр
- Эсгийний үйлдвэр- 2
- Желатин уургийн үйлдвэр-1
- Судалгаа хөгжил, инновацийн төв
- Үйлдвэрийн зориулалттай цэвэрлэх байгууламж
- Цахилгаан дамжуулах дэд станц зэргийг барихаар төлөвлөжээ.
Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арьс ширний цогцолбор байгуулснаар 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим иргэд байнгын ажлын байртай болох боломжтой. Олон улсын жишигт нийцсэн цогцолборыг байгуулахаар Испани улсын ИПАП Инженеринг компаниар Цогцолборын ерөнхий төлөвлөгөө, үйлдвэрийн технологийн схем зургуудыг хийлгэж байна. Швейцарь улсын Huni компанийн зөвлөгөөн доор салбартаа тэргүүлэгч Итали улсын Deltacque компани арьс ширний үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна. Судалгаа шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийн хүрээнд малын эрүүл мэнд, түүхий эдийн чанарын тогтолцоог сайжруулах болоод төслийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Дархан арьс ширний цогцолбор ХХК-тай Бодлогын гэрээг байгуулж төслийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх алхмыг хийлээ.
Дархан арьс ширний цогцолбор ХХК нь 2019 онд төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээс хойш бохир ус цэвэрлэх байгууламж, цахилгаан түгээх, дамжуулах дэд станц, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын ажил явагдаж байна. 2020 оны 7 сараас эхний үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
Испани улс руу арьс, шир нийлүүлэх гэрээг байгуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлээд байна. Ингэснээр Европын зах зээлд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлэх боломж бүрдэх юм.
Цогцолборын үйл ажиллагаа жигдэрснээр малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хангамж үйлдвэрлэлийг тогтвортой байдлыг хангах бөгөөд малчин өрхийн орлого нэмэгдэх юм.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм17 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр17 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр17 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа