Улс төр
Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг судлаачид ингэж үзэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлалын эргэн тойронд судлаач, ажиглагчдын байр суурийг сонирхлоо.
О.ЖАРГАЛСАЙХАН: АЙЛЧЛАЛЫГ ӨӨДРӨГ ӨНЦГӨӨС ХАРЖ БАЙНА
/Япон судлаач/
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчилж, хоёр улсын Засгийн тэргүүн хамтарсан мэдэгдэл гаргалаа. Үр дүнг нь та хэрхэн дүгнэж байна?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлалыг би их өөдрөг өнцгөөр харж байна. Япон улс манай “гуравдагч хөрш”-ийн улсууд дотроос хамгийн түрүүнд шахам “Стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосон, манай улсын чухал түнш орнуудын нэг шүү дээ. Тиймээс хоёр орны Ерөнхий сайдуудын дээд хэмжээний уулзалт маш нөхөрсөг, халуун дулаан уур амьсгал дор болж, манай орны хувьд нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудыг нарийвчлан хөндөж ярилцсан, хамтарсан мэдэгдэл гарсан нь өөрөө ач холбогдолтой юм.
Мөн дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлэлт дүгнэлт өгчээ. Ялангуяа шинэ нисэх онгоцны буудлын талаарх яриа хэлэлцээ яагаад удаашраад байгаа, концессын гэрээний удаашрал, буудлыг ирэх онд багтаан ашиглалтад ороход манай талаас хийгдэх, хүлээгдэж буй ажлуудыг манай Засгийн газар хүч тавьж найдвартай, тогтвортой бодлогоор хангахад энэ айлчлал нэлээн түлхэц болсон болов уу гэж харж байна.
-Жишээ нь ямар салбарт харилцаа хамтын ажиллагааны ахиц дэвшил гарахаар байна вэ?
-Аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбарт манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа нэлээн түлхүү чиглэгдэх нь, өмнө хэрэгжүүлж ирсэн ажлууд цаашдаа ч хүрээгээ тэлэх нь гэж үзэж байна. Жишээлбэл, АШУҮИС-ийн харьяа эмнэлгийн асуудал, АНУ-тай хамтарсан “Хааны эрэлд” сургуулилтад Японы тал идэвхтэй оролцох нь гэх мэт өөдрөг зүйл байна.
Япон улсын Засгийн газрын хүчин чармайлтаар хэрэгжиж байгаа “ Чөлөөт, нээлттэй Энэтхэг Номхон далай” бодлогыг манай улс бодлогоор дэмжиж, мөн он удаан жил яригдсаар ирсэн хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар урьдын адил хамтарч, санаачилгатай ажиллахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлсэн байна. Японы хэвлэлүүд энэ чиглэл дээр нэлээн ач холбогдол өгч бичсэн байсан.
– Цаашид манай улсад нааштай өөрчлөлтүүд авчрах ямар алхам, шийдлүүд гарах бол?
-Хоёр орны харилцаа дээд түвшиндээ, бичиг цаасны хүрээнд маш амжилттай өрнөж байдаг, харин дэвшигдэж шийдвэр гарсан ажлуудын хэрэгжилт манай талд удаашралтай явж ирсэн асуудлыг нэлээн нухацтай хөндөв үү гэж харж байна. Ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орон даяараа авлигатай хатуу тэмцэхээ илэрхийлээд байгаа энэ үед айлчлал болж байгаа нь авлига хээл хахууль, хулгай дээрмийн асуудлаа бараг “шийдчихсэн” улсын хувьд манай Ерөнхий сайдын энэ алхмыг нухацтай ажиглаж харж байна гэж хэлэхэд буруудахгүй байх.
Үнэхээр хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтуудаар шийдэгдсэн бодлого чиглэлүүд манай улсад яг хэрэгжих дээрээ тулахаар удаашраад ирдэг, ойлголтын зөрүү, ажлын арга барилын зөрүү, бодлогын зөрүү, улс төрийн болон яам, тамгын газар дахь боловсон хүчний бодлого чадамж дээрээ алдаа гардаг, Япончуудыг гайхшируулсан зүйлүүд олон гардаг гэж боддог.
-Тэгвэл манай улс, бид юун дээр анхаарах ёстой гэж та үзэж байна?
-Хоёр орны харилцааг хөгжүүлье, санасан сэдсэн зүйлүүдийг цаад талынхаа “тамирыг баралгүй” шийдээд явъя, зүүгдээд явъя гэвэл япон менежмент, япон хүний сэтгэлгээ, албан байгууллага, хувийн хэвшил, компанийн засаглалын япон соёл, ноу хау, бүүр цаашилбал Японы төрийн байгууллагын ажлын арга барил чиг хандлага руу эрчимтэй суралцах судлах хэрэгцээ байна, энэ тал дээр анхаарах цаг болсон гэж үзэж байна.
Ч.КУЛАНДА: ЯПОНЧУУД ҮНЭ ЦЭНИЙГ МЭДРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ, МАНАЙХАН БИЕЛҮҮЛДЭГГҮЙ
/Японы Осака хот дахь Монгол Улсын консул асан/
-Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын ач холбогдлыг та юу гэж үзэж байна?
-Миний хувьд Япон улсын Осака хотын консулаар ажиллаж байсан дипломат албаны байр сууриас биш харин Японтой ойр байдаг хүний хувьд таны асуултад өөрийн бодлыг л хэлье. Ер нь бол Монголын бүх Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар өөрийн суудлыг эзэлсний дараа Япон руу явдаг. Нэг ёсондоо жижүүрийн алба, үзүүлдэг нэгэн маяг болсон.
Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлал өмнөх Засгийн газрын тэргүүний хийж байсан айлчлалын үеэр ярьсан ажлын үргэлжлэл болж харилцаа болоод яриа хэлэлцээнүүдэд тодорхой өөрчлөлт хийгдсэнгүй. Өөрөөр хэлбэл, дахин давталт маягаар энэ удаагийн айлчлал болж өнгөрлөө гэж харагдаж байна. Япончууд манай улсад болоод монголчуудад маш хүндэтгэлтэй ханддаг. Тэр хүндлэл, ёсоо ч энэ удаа үзүүлж, уламжлалт хүндлэл, ёслолоо ёс алдалгүй үзүүлж байна.
-Таны бодлоор хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-Монголын талаас Япон улсад хандаж маш олон хүсэлт, гуйлт тавьж ирсэн. Японы тал манай улстай харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан улс юм. Монголын талаас эдийн засгийн олон санал, хүсэлт хэлдэг. Япончууд нэг ч удаа үгүй гэж хэлж байгаагүй. Мөн тэд нэг л зүйлийг маш олон жил ярьж байгаа. Тэр нь үр дүн муутай байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед жаахан ахицтай явсан, одоо зогссон.
-Тэр нь ямар асуудал вэ?
-Японы талаас Хойд Солонгостой найрамдалт харилцаатай Монгол Улсын дэмжлэгийг авч Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг өгөөч гэсэн хүсэлт байв. Үүнийг сая Японы Ерөнхий сайд Шинзо Абэ манай Ерөнхий сайдыг очиход нь бас л дурдаж байна лээ. Ер нь Японы тал манайхаас энэ л үнэ цэнийг эрхэмлэхийг хүсдэг гэж болно. Мөн үнэ цэнийг эрхэмлэж үзнэ гэдэгт найддаг.
Хэвлэл мэдээллийнхэн нь ч гэсэн манай төрийн өндөрлөгүүдийг Япон улсад айлчлал хийгээд очиход тавихыг хүсдэг асуулт, зарчим нь энэ. Зарим нь энэ асуултыг шууд тавьдаг. Харин манайхан асуултаас бултчихдаг. Гэвч Японы талаас санал хүсэлт, горьдол тээсээр л байдаг.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм10 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм11 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм11 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм11 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм10 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ