АНУ зэвсэглэлийнхээ тоо хэмжээг БНХАУ-ын түвшинд хүргэж бууруулсан тохиолдолд зэвсгийн хэлэлцээрт нэгдэхэд бэлэн байна хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны зэвсэглэлд хяналт тавих газрын дарга Фу Цон мэдэгджээ. Гэхдээ тэрбээр АНУ хэзээ ч ийм алхам хийнэ гэж найдахгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Түүний хэлснээр АНУ-ын цөмийн зэвсгийн тоо хэмжээ Хятадынхаас 20 дахин их байгаа аж.
“Хятад улс нь олон улсын цөмийн зэвсэгээс ангижрах үйл явцаас зайлсхийхгүй бөгөөд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын таван гишүүний хүрээнд цөмийн эрсдлийг бууруулахтай холбоотой бүхий л асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна” хэмээн Фу Цон мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн АНУ болон ОХУ Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээг сунгаж, уг гэрээний үндсэн дээр цөмийн зэвсгийнхээ тоог үргэлжлүүлэн хорогдуулахыг хоёр талд уриалжээ. Уг гэрээг ОХУ, АНУ 2010 онд байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2021 оны хоёрдугаар сарын 5-нд дуусах юм.
Эх сурвалж: REUTERS