Энтертайнмент
Монголын түүхэн баримтат өвүүд ЮНЕСКО-гийн олон улсын жагсаалтад бүртгэгдлээ

ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-17-нд Парис хотноо боллоо. Гүйцэтгэх зөвлөлийн чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүйс толгойн хөшөөний бичээс” болон “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” баримтат өвүүдийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэжээ.
Ингэснээр Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт 12 баримтат өв бүртгэлтэй болж байгаагийн 10 нь Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс болон тус номын сангийн нэр дэвшүүлэн бүртгүүлсэн дурсгал болж байна.
Энэ удаа Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” баримтат өв нь Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа, тэр дундаа Үнэт ховор номын музейн үзмэрт дэглээтэй, Европын анагаах ухаан, хүний биеийн анатомийн талаар монгол бичгээр бүтээсэн зурагт ном бөгөөд Монголын Анагаах ухааны академи эл сурвалжийг нэр дэвшүүлэн бүртгүүлсэн юм.
“Манж анатоми” нэрээр олон улсад эрдэм шинжилгээний эргэлтэд орж судлагдсан “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх хар бэх, хулсан үзгээр бичсэн 4 дэвтэр ном өдгөө Монгол Улсын Үндэсний Номын Санд хадгалагдаж байна.
Манжийн Энх-Амгалан хаан 1692 онд хумхаа буюу халуун чичрэг өвчнөөр өвдөхөд Францын эрдэмтэн, эмч, Христосын шашны элч, номлогч Жоаким Бүве нар түүнийг эмчилсэн үеэс эхлэн Энх-Амгалан хаан Европын анагаах ухааныг сонирхож, хүний биеийн анатомийн тухай анагаах ухааны бүтээл бэлтгэхийг даалгажээ. Түүний зарлигийн дагуу Ж.Бүве анатомийн ном бичих явцдаа тусгай лекц бэлтгэн Энх-Амгалан хаанд хичээл зааж байсан бөгөөд Франц руу буцах болсны улмаас анатомийн ном бүтээх ажил түр зогссон учир 1698 онд Хятадад ирсэн өөр нэг элч Доминик Пареннин, Жан Франсуа Жербильоны хамтаар уг ажлыг гүйцээж, хүний биеийн эрхтэн систем, тэдгээрийн үйл ажиллагааг үзүүлсэн зурагт тайлбар бүхийг номыг бүтээн хаанд өргөжээ.
Уг бүтээл бэлэн болмогц Бээжин хот, нийслэлээс гаднах Цэнгэлдэх ордон, Манжийн хааны өвөг дээдсийн нутаг Жихолд тус бүр 1 хувь нийт 3 хуулбарыг гараар хуулж хадгалжээ. Харин Пареннин нэгэн тусгай хуулбарыг гараар бичиж, Парис дахь ШУА-д илгээсэн нь “Манж анатоми” хэмээн алдаршиж, эрдэм шинжилгээний эргэлтэд орсон байна.
Энэ номын манж гар бичмэл эхээс монгол хэлнээ хөрвүүлэн 4 дэвтэр болгож, “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээн нэрийджээ. Хожмоо уг номыг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамьян гүн хулсан үзгээр хуулан бичсэн бөгөөд зургийг тухайн үед Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн В.И.Лисовский гэрэлтдэг цааснаа хуулан зуржээ.
“Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх энэхүү ном нь Монголын Манба дацангуудад үздэг хүний биеийн бүтэц зүйн нэгэн сурах бичиг, эрдэмтэн мэргэдийн судалгааны бүтээл байсан төдийгүй сургалт, эмнэл зүйд нэвтрүүлэх, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд гол баримтлал болж байсан онол, практикийн чухал ач холбогдолтой бүтээл байжээ.

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.