Дэлхий дахинд
Хүүгээ алдсан эцэг, эх Хойд Солонгосоос нөхөн төлбөр шаардав
Хойд Солонгосын чанга хатуу дэглэмтэй шоронгоос “ком”-ын байдалтайгаар гэртээ хүргэгдэн очсоныхоо дараа амьсгал хураасан Отто Уормбирийн эцэг эх Пхеньянаас 1.1 тэрбум ам.долларын нөхөн төлбөр шаардсан байна. “Америкийн дуу хоолой”-д өнгөрсөн мягмар гаригт мэдээлснээр Уормберийнхний хуулийн багийнхан Хойд Солонгосын дэглэм тэдний хүүг үхэлд хүргэсэн гэж үзэн, нөхөн төлбөрт шаардаж буй үнийн дүн бүхий нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлжээ.
Отто Уормбирийн эцэг, эх санхүүгийн болон сэтгэл санааны хохиролд 10 сая ам.доллар, мөн Хойд Солонгосын телевизээр хүүд нь ял оногдуулсныг харснаас хойш маш их шаналж, амьдралын хэв маяг нь өөрчлөгдсөн тул тус бүр 15 сая ам.доллар тус тус нэхэмжилсэн байна. АНУ-ын Холбооны шүүхэд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр болох анхны хэлэлцүүлэгт Уормбирийнхэн оролцох ажээ. Отто Уормбирийн эцэг эх өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгос олон улсын хууль зөрчиж, хүүг нь хөнөөсөн хэмээн буруутгаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх хуралд Тафста Их Сургуулийн Флечерын Хууль, дипломатын сургуулийн туслах профессор Ли Сун Юн, Хойд Солонгосын Үндэсний Хорооны гишүүн Дэвид Хаук нар гэрчээр оролцох ажээ. Хойд Солонгосын тал ямар нэг байдлаар хууль эрх зүйн арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 14-нд болсон шүүх хурлын өмнөх урьдчилсан хэлэлцүүлэгт оролцоогүй байна. Виржинийн их сургуулийн оюутан, 22 настай Отто Уормбир 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд жуулчдын группт багтан Бээжингээр дамжин Пхеньянд очсон байдаг. Аялал дуусах өдөр түүнийг зочид буудлын ханан дээрээс ухаалга хуудас урж авсан хэргээр баривчилж, улмаар 15 жил хөдөлмөрийн лагерьт хоригдох ял оноосон юм.
Тэрээр 17 сарын дараа буюу 2017 оны зургадугаар сард “ком”-ын байдалтайгаар суллагдан, эх орондоо буцаж очсоноосоо хойш Цинциннатийн эмнэлэгт зургаан хоногийн турш эмчлүүлж байгаад нас барьсан билээ.
Эх сурвалж: The Korea Times