Улс төр
М.Энхболд: Сонгуулийн өмнө янз бүрийн л санал гаргадаг, түүнээс бүтдэг нь цөөн

УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийж, Бага хурлаар намынх нь гишүүдийн ярьсан ярианд тайлбар хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай өдөр. Чуулганы нэгдсэн хуралдаан тав дахь удаагаа ирц бүрэлдэхгүй, хуралдаж чадахгүй байдалтай байна. Хурлын ирцийг УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд зориуд, зохион байгуулалттайгаар гацааж байна. Үүнийг би хууль зөрчсөн үйл явдал гэж үзэж байгаа. УИХ гэдэг улс орны тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шийдэж, бодлого шийдвэр гаргаж байх ёстой байгууллага. Гэвч энэ ажлаа хийж чадахгүй байгаа нь Засгийн газрын гишүүд хуралдаа суухгүй байгаатай шууд холбоотой гэж би үзэж байна. УИХ-ын нэр бүхий 40 гишүүн намайг УИХ-ын даргынхаа албанаас огцрохыг шаардсан шаардлагаа ирүүлсэн. Би огцрох шаардлагыг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулж, дүгнэлт гаргуулахаар ТББХ-д шилжүүлсэн. Хуульд нийцсэн, хуулийн дагуу шаардлага тавьбал надад УИХ-ын даргын албан тушаалаа өгөхөд татгалзах зүйл алга. Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой. Тэр дундаа УИХ буюу хууль тогтоох дээд байгууллагын гаргаж байгаа шийдвэр, энд ярьж буй бүх зүйл хуулийн дагуу байх ёстой гэсэн байр суурийг баримталж байна.
Өчигдөр манай намын гуравдугаар Бага хурал болсон. Хэвлэлийнхэнд хаалттай хурал хийсэн. Гэвч зарим нэг хүний яриаг зохион байгуулалттайгаар нийтэд цацсан. Би намын даргаар хоёр ч удаа ажиллаж байсан. Намын дотоод асуудалтай холбогдолтой сэдэв ярих бол хаалттай хуралдах тохиолдол байдаг. Гэхдээ эхэндээ нээлттэй байгаад хаадаг, зохих мэдээллийг өгдөг байлаа. Харин өчигдөр хаалттай хурал хийж, хэвлэл мэдээллийнхнийг Тусгаар тогтолын ордонд оруулахгүй байсанд би үнэхээр харамсаж байна. Улс төрийн намын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, болж байгаа үйл явдынхаа талаар мэдээлэл хүргэж байх зайлшгүй шаардлагатай цаг үе. Гэтэл зориуд зохион байгуулалттайгаар нэг хүн рүү, тухайлбал над руу дайрсан. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд Монгол Улсын нийгэмд, хууль, хүчний байгууллагын хүрээнд болсон бүхий л бүтэхгүй, болохгүй зүйлийг надад тохох гэсэн оролдлоготой. Хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан, хууль зөрчсөн шийдвэрийг гаргасан Бага хурал болсонд би харамсаж байгаа.
Энэ хурлын үеэр зарим нэг гишүүн, тухайлбал Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын ярьсан яриаг олон нийтэд шууд цацсан. Би тэр болгонд тайлбар хийсэн ч бичлэгийг нь гаргаагүй. Тийм учраас би хэдэн зүйлд тайлбар хийе. Нэгдүгээрт, МАНАН гэдгийг надтай холбож, М.Энхболд гэдэг хүнийг буруутгах зүйлийг Бага хурлын үеэр ярьсан. Би МАНАН гэдгийг сонгуулийн үр дүнгээр улс төрийн намууд дангаар Засгийн газар байгуулах боломжгүй болсон ч юм уу шалтгааны улмаас Засгийн газраа хамтарч байгуулах шаардлага гардаг. Тэр үед гаргасан шийдвэрүүдийг зөвтгөх, буруутгах байдлаар гаргасан яриа гэж би боддог. МАНАН гэдэг нэрийн дор хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, иргэдийн эрх зөрчигдөж байгаа бүхнийг холбож ярьдаг.
Би 2005 онд УИХ-ын даргаар сонгогдож, тухайн үеийн МАХН-ын даргаар ажиллаж байсан. УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа 67-гийн том бүлгийг тарааж, тухайн үеийн МАХН, АН тус тусдаа, байр байрандаа байх ёстой гэдэг байр суурийг барьсан. 67-гийн том бүлэг дээр үндэслэгдэж байгуулагдсан байсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж байлаа. 2006 онд би Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрын эмхлэн байгуулах үүрэг оногдоход парламентад суудалтай таван намын төлөөллийг оролцуулсан. Ингээд Үндэсний эв нэгдлийн гэх тодотголтой Засгийн газрыг байгуулж ажилласан. Гэхдээ би энэ Засгийн газарт АН-ыг оруулаагүй. Би 2017 онд МАН-ын даргын ажлыг хүлээлгэж өгөхдөө “МАНАН-гүй Засгийн газар байгуулж ажиллах улс төрийн нөхцөл бололцоог бүрдүүлээд, 65 суудалтай, Улаанбаатар хотод олонх болсон, 9 дүүргийн 6-д нь ялсан, 330 сумын 232-т нь ялалт байгуулсан ийм намыг өгсөн. Надад МАНАН гэдэг бүлэгтэй холбогдсон, тэдний яриад байгаа шиг зүйлийг хийсэн удаа байхгүй. Би үүнийг хариуцлагатай хэлье.
Хоёрдугаарт, “Шударга бусын хонгил” гэж яриад байгаа. Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрийн хүргэн Дэнзэнг “Эрдэнэс Таван-толгой” компанийн 17 тэрбумын тендерт оролцуулсан. Мөн тодорхой хэмжээний мөнгө төгрөгийг хүргэнийхээ данс руу шилжүүлсэн. Үүнийг нь хууль, хяналтын байгууллагууд шалгасан. Ингээд эхлэхээр “Би шударга бус хонгилд орчихлоо. Намайг хэлмэгдүүлж байна” гэсэн яриаг гаргаж эхэлсэн. Өнөөдөр “Шударга бусын хонгил” гэдэг зүйл байгаа, энэ нь М.Энхболд гэдэг хүнтэй холбоотой гээд л яриад байна. Ямар нэг хууль зөрччихөөд, түүнийг нь шалгаж, үнэн зөвийг нь тогтоох гэхээр өөрийгөө хамгаалах, тэр дундаа хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг харлуулахыг би буруутгаж байгаа юм. Хэрвээ асуудал байгаа бол, шалгах ёстой бол шалгах л ёстой.
ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг шалгаж байгаа талаар ярьсан. Надад нэг ч удаа АТГ-т хэн нэгийг нь шалга, нөгөөг нь битгий шалга гэж хэлж, нөлөөлсөн удаа байхгүй. Нэгэнт хууль бус байдлаар энэ сангаас өөрийн хамаарал бүхий компаниуддаа зээл авсан, олон түмэнд боломж олгох ёстой байсан мөнгийг буруу ашигласан нь үнэн гэж байгаа бол шалгах нь зөв. Үнэн зөвийг нь тогтоох нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ олон түмэнд мэдээлэл хийж, М.Энхболд хууль, хяналтын байгууллагыг зохион байгуулж, үүрэг өгч байгаа мэтээр ярьсан. Би тэр даруйд нь хууль, хяналтын байгууллагуудад албан бичиг бичсэн. Тэр өдөртөө хууль, хяналтын байгууллагууд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн. Ямар нэгэн зохион байгуулаллтай, даалгавартай үйл ажиллагаа хийх гэж байгаа юм байхгүй. УИХ-ын гишүүдийг, ар гэрийнхэн, үр хүүхдийг бөөнөөр нь барьж хорьсон тохиолдол ч байхгүй гэдгийг мэдэгдсэн. Тэнд нэг сэтгүүлч Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг ЖДҮХС-тай холбоотой асуудлаар шалгаж байгаа юу гэж асуусан. Мэдээлэл хийсэн хүн хамаарал бүхий компанийг нь шалгаж байгаа л гэсэн. Гэтэл хэ нэгэн даргыг, тухайлбал намайг үүрэг өгч, ингэж хэлүүлсэн, нэрлүүлсэн гэж яриад байгаа. Би ийм зүйл хийгээгүй, зохион байгуулаагүй.
60 тэрбумын холбогдолтой асуудлыг Бага хурлын үеэр ярьсан. Хууль, хяналтын байгууллага урьд нь 3-4 удаа шалгасан. Би ямар нэг хүнээс мөнгө авч, албан тушаалд томилсон удаа байхгүй гэдгээ хэлж байгаа. ТЕГ шалгаж байгаа. Энэ шалгалтаар үнэн мөн нь тогтоогдох байх. Шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй яриад байх шаардлага. Харамсалтай нь 2016 онд гарсан 60 тэрбумын гэх асуудлыг манай намын гишүүд өөрсдөө дэвэргэж, намынхаа нэр хүндэд муугаар нөлөөлөх байдлыг зориудаар бий болгож байна. Энэ нь цаанаа ЖДҮХС-гийн хэргийг бүдэгрүүлэх зорилготой байгаа нь буруу.
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн Бага хурлын үеэр ярьсан зүйлд би товч товч тайлбар хийе. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилсан асуудалд намайг оролцоотой мэтээр, хааж хамгаалж байгаа гэж ярьсан. Би 2016 оны зургадугаар сарын 23, 24-ний үед шиг санаж байна, энэ мэдээллийг бүдэг бадаг сонссон. ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Хангайг би дуудаж, энэ яриа үнэн үү гэдгийг асуусан. Тийм зүйл яригдсан бололтой, тодорхой мэдээлэл алга гэсэн. Би ийм л мэдээлэлтэй зургадугаар сарын 28-ныг хүргэсэн. Зургадугаар сарын 28-нд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн. Тэр өдөр сонгуулийн сурталчилгаа дууссан байсан юм. Тийм учраас нэр дэвшсэн хүмүүсээр юм яриулах нь зохимжгүй гэж бодоод штабт амиллаж байсан Су.Батболдыг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг МАН сонгуульд ялбал шалгана” гэж ярь хэмээн үүрэг өгч, олон түмэнд мэдээлүүлсэн. Дараа нь УИХ ажлын хэсэг байгуулсан. Би энэ ажлын хэсгийг өөрөө байгуулсан. Ажлын хэсгийн дүнг УИХ авч үзэж, ярьсан. УИХ тогтоол гаргасан. Би энэ тогтоолыг хэрэгжих ёстой гэж бодож байгаа. Хоёр ч Засгийн газар энэ тогтоолыг хэрэгжүүлж чадахгүй байгаа” гэх мэт маш олон зүйлд тайлбар хийлээ. Түүний дараа сэтгүүлчдийн цөөн хэдэн асуултад хариулсан юм.
-60 тэрбумын схемийг ярих үед та тэнд байсан гэдгийг бүгд хэлж байна. Та яагаад тэднийг эсэргүүцэж болоогүй юм?
-60 тэрбумын схемээр ажил, албан тушаал арилжаалсан тохиолдол байхгүй гэдгийг би хэлсэн. Ер нь сөрөг хүчин байхад намын даргад янз бүрийн санал хэлж, барьж орж ирдэг тохиолдол цөөнгүй. Тэр дундаа сонгуулийн өмнө санхүүтэй холбоотой янз бүрийн л санал гаргадаг. Түүнээс нь бүтдэг нь цөөн, бүтдэггүй нь их. Өнөөдөр ТЕГ энэ асуудлыг шалгаж байгаа.
-Таныг эсэргүүцээд 40 гишүүн УИХ-д оролцохгүй байна. Одоо тэгээд ямар гарц байгаа юм бэ?
-40 гишүүн гарын үсэг. 40 гишүүн гарын үсэг зурсан ч гэсэн хуулийн хүрээнд энэ асуудал үндэслэлтэй байна уу гэдгийг ТББХ-гоор цэгүүлэх гээд өгчихсөн.
-Та хоёрын хэн нэгэн нь буулт хийчихэж болдоггүй юм уу?
-Би ойлголцох асуудлыг өчигдөр Бага хурлын үеэр ч хэлсэн. Буулт хийх, хуйвалдах, хууль зөрчсөн алхмыг би зөв гэж үзэхгүй. Намайг Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, өөрөө хүлээж авсан гэсэн. Би УИХ-ын гишүүний хувьд гарын үсэг зурсан, даргын хувьд хүлээж авсан.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм10 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм12 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм11 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм11 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм11 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ