Дэлхий дахинд
Шинэ Зеланд баячуудаас авах татвараа нэмэх замаар цар тахлын үед тавьсан өрөө барагдуулна
Ирэх сарын дундуур Шинэ Зеландад парламентын сонгууль болох гэж байна. Хэрвээ сонгуульд ялбал одоогийн эрх баригч Хөдөлмөрийн нам өндөр орлоготой иргэдээс авах татвараа нэмэх замаар коронавирусийн цар тахлын үед нэмэгдсэн өрөө барагдуулахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд Жасинда Ардерны тэргүүлсэн одоогийн эрх баригч нам сонгуульд илүү олон санал авах төлөвтэй нь судалгаанаас харагдаж байгаа. Тэдний төлөвлөгөө ёсоор жилийн 180,000-аас дээш шинэ зеланд долларын ($118,908) орлоготой иргэдээс 39 хувийн татвар авах ажээ.
Ийм орлоготой иргэд Шинэ Зеландын хүн амын 2 хувь болдог гэнэ.
Ингэж чадвал засгийн газар нь жилд 550 сая шинэ зеланд долларын ($365 сая) нэмэлт татварын орлого бүрдүүлэх ажээ.
Хэдийгээр ингэж татвар нэмсэн ч Шинэ Зеланд нь OECD (Эдийн Засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн Байгууллага)-ын гишүүн орнуудын дотор хамгийн бага татвартай гурав дахь улс болж байгааг сангийн сайд Грант Робертсон тайлбарласан байна.
Тухайлбал хөрш Австрали улсад 180,000 австрали доллароос ($130,000) дээш орлоготой иргэдийн татварын хэмжээ 47 хувь байдаг гэнэ.
Одоогоор Шинэ Зеландад жилийн 70,000 шинэ зеланд доллароос ($46,000) дээш орлоготой иргэдээс 33 хувийн татвар авдаг нь хамгийн дээд хэмжээ юм байна.
Жасинда Ардерны засгийн газар цар тахлын үед эдийн засгаа тэтгэж, ажлын байрыг хадгалахын тулд олон тэрбумыг зарцуулаад байгаа юм.
Ардерн дараагийн засгийн газар нь бүрэн эрхийнхээ хугацаанд төлөвлөж байгаагаас өөрөөр татварыг нэмэхгүй гэдгээ амлажээ.
Эх сурвалж: Reuters