2020 оны хоёрдугаар улирлын байдлаар банкны карт хэрэглэгчдийн тоо буурсан талаар ОХУ-ын Төв банк мэдээллээ. Энэ байдал депозит болон кредит картын аль алин дээр ажиглагдсан байна. Хоёрдугаар улиралд хэрэглэхээс татгалзсан картны тоо 2,3 хувиар буюу 4,5 сая болсон нь сүүлийн таван жилд үзэгдээгүй өндөр үзүүлэлт болохыг Төв банк онцолсон байна. Ингэснээр карт хэрэглэгчийн тоо 190,3 сая болсон нь 2015 оны үзүүлэлттэй дөхөж очсон гэсэн үг юм.
Карт хэрэглэгчийн тоо ийнхүү буурсан нь коронавирусийн цар тахлын улмаас эдийн засаг хумигдсан учраас банкууд карт олгох шалгуураа чангатгасантай холбоотой хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа ч өөр шалтгаан бас байгаа гэж зарим шинжээч үзэж байна. Тухайлбал, хэрэглэгчид картаар хахсан гэж үзэх шинжээч байгаа ажээ.
Нэг хүн дунджаар гурван карт хэрэглэж байгаа бөгөөд нэг нь үндсэн гол хэрэглээнд байдаг бол нөгөө хоёрыг нь хэрэгтэй үед хэрэглэх нөөц маягаар ашигладаг хэмээн зээлийн түүхийн судалгааны “Эквифакс” товчооны захирал Олег Лагуткин хэллээ. Санхүүгийн шинжилгээний “БКС” компанийн захирал Егор Дахтлер “Олон карттай байх моодноос гарч, нэг юм уу хоёр карт байхад хангалттайг хэрэглэгчид ойлгосон” гэжээ.