Connect with us

Улс төр

М.Энхболд: “Шударга бус-ын хонгилыг би байгуулаагүй. Асуудал байгаа бол шалгах л ёстой

Нийтэлсэн

-

УИХ-ын дарга М.Энхболд сэтгүүлчидтэй уулзаж, МАН-ын Бага хурлын үеэр болон сүүлийн үед өөртэй нь холбогдуулан ярьж байгаа асуудлаар мэдээлэл, тайлбар хийсэн юм. Мэдээллийг бүрэн эхээр нь толилуулж байна. 

-УИХ-ын нэгдсэн хуралдаан 5 дахь өдрөө 3 дахь 7 хоногтоо ирц бүрдэхгүй, хуралдаж чадахгүй байна. Хурлын ирцийг Засгийн газрын гишүүд, нэр бүхий УИХ-ын гишүүд зориуд зохион байгуулалттайгаар гацааж, Монгол төрийн, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг зориудаар тасалдуулж байна. Үүнийг би хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа.

УИХ-ын нэр бүхий 38 гишүүн (сүүлд 2 хүн зурсан гэсэн) УИХ-ын даргад огцрох өргөдлөө өгөх шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагыг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуульд нийцсэн, хуулийн дагуу шаардлага тавих юм бол энэ албан тушаалыг өгөхөд татгалзах зүйл надад байхгүй. Би аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой, тэр дундаа УИХ-ын аливаа шийдвэр хуульд заавал нийцэж байх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа.

Өчигдөр манай МАН-ын III Бага хурал болж өнгөрсөн. Энэ хурал хаалттай болсон. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим хүний яриаг олон нийтэд хүргэх ажлыг хийлээ. Би МАН-ын даргаар хоёр ч удаа сонгогдон ажиллаж байсан. Намын дотоод ажил амьдралын зарим асуудлаар хаалттай хуралдах явдал байдаг. Гэхдээ гаргасан шийдвэр, ярьсан зүйлээ хэвлэл мэдээллийн байгууллагад хүргэдэг байсан. Харамсалтай нь өчигдрийн манай хурал хаалттай, хэвлэл мэдээллийнхнийг Тусгаар тогтнолын ордонд оруулахгүй байдалтайгаар хийгдсэнд харамсаж байна. Гэсэн хэрнээ сүүлийн 20 жилийн дотор нийгэмд, хууль хяналтын байгууллагын хүрээнд үүсэж бий болсон болохгүй, бүтэхгүй бүх юмыг нэг хүн рүү чиглүүлж, тухайлбал надад тохох гэж оролдож, хуульд нийцээгүй, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан шийдвэр гаргах байдлаар зохион байгуулагдлаа.

Энэ хурал дээр намын Бага хурлын зарим гишүүд тухайлбал, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлсэн үгийг олон нийтэд хүргэж, тараасан. Харамсалтай нь миний ярьсан хэлснийг олон нийтэд огт хүргээгүй. Ийм учраас хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна.

Нэгдүгээрт, МАНАН гэдэг үзэгдлийн талаар, үүнийг М.Энхболд гэдэг хүнтэй холбож буруутгах зүйлийг Бага хурал дээр ярьсан. МАНАН бол сонгуулийн үр дүнд улс төрийн намууд дангаар Засгийн газар байгуулах боломжгүй болсон юм уу, бусад шалтгааны улмаас Засгийн газраа хамтарч байгуулсан үед гаргасан шийдвэрүүдийг зөвтгөх, буруутгах байдлаар үүсгэсэн яриа.

МАНАН гэдэг нэрэнд хууль тогтоох байгууллага, иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаатай холбоотой зүйлийг холбож ярьж байгаа. Би 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, тухайн үеийн МАХН-ын даргаар ажиллаж байсан. Энэ үедээ 67-гийн “бүдүүн” бүлгийг тарааж, МАХН, АН тус тусдаа байх ёстой гэдэг байр суурийг баримталж, 67-гийн бүлэг дээр үндэслэж байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж байсан.

2006 онд би Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрыг хамтран байгуулах нөхцөл үүсэхэд парламентад суудалтай 5 намыг багтаасан “Эв нэгдлийн” Засгийн газрыг байгуулж ажилласан. Гэхдээ Засгийн газарт АН-ыг оруулаагүй.

Би 2017 онд МАН-ын даргын ажлыг өгөхдөө МАНАН-гүй ажиллах улс төрийн бололцоог бүрдүүлээд, 65 суудалтай, нийслэлийн 6 дүүрэгт олонх болсон, Монгол Улсын 330 сумаас 232 суманд ялалт байгуулсан намыг хүлээлгэж өгсөн. Надад  энэ хүмүүсийн ярьж байгаа шиг эдийн засгийн, хууль хяналтын байгууллагатай холбогдсон МАНАН гэдэг бүлэглэлтэй холбоотой, хийсэн үйлдсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Хоёрдугаарт, “Шударга бусын хонгил” гэдэг зүйл ярьж байна. Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрийн хүргэн Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн 17 тэрбум төгрөгийн тендерт оролцуулж, тодорхой хэмжээний мөнгийг хүргэнийхээ дансанд шилжүүлж,  үүнтэй холбоотой маргаантай асуудлууд үүсэж, хууль хяналтын байгууллагад шалгагдаад эхлэх үед намайг “шударга бусын хонгилд” оруулж хэлмэгдүүлж байна гэсэн зүйл ярьж эхэлсэн.

“Шударга бусын хонгил” гэдэг зүйлд М.Энхболд гэдэг хүн холбоотой гэж байгаа. Хууль зөрччихөөд, түүнийг нь шалгаж, үнэн зөвийг нь тогтоох гэхээр өөрийгөө хамгаалах зорилгоор хууль хяналтын байгууллагыг буруутгах байдлаар асуудалд хандахыг би буруушааж байна. Хэрвээ асуудал байгаа бол шалгах л ёстой.

Гуравдугаарт, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг шалгаж байгаа асуудалд намайг хамаатуулж ярьсан. Би нэг ч удаа АТГ-т хэн нэгнийг шалга, битгий шалга гэж хэлж, нөлөөлсөн зүйл байхгүй. Хэрвээ хууль бус байдлаар энэ сангаас өөрийн хамаарал бүхий компаниуддаа зээл авсан, иргэдийн амьжиргаагаа сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зориулалттай зээлийг буруу ашигласан нь үнэн бол хуулийн байгууллага шалгах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж “Засгийн газрыг огцруулахгүй гээд байгаа хүмүүст хэрэг үүсгэж шалга гэсэн үүргийг УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагуудад өгсөн” мэтээр ярьсан. Би УИХ-ын даргын хувиар тэр даруйд нь прокурор, цагдаа, тагнуул, АТГ-т албан бичиг явуулж, тэдгээр байгууллагууд тэр өдөртөө өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Ямар нэгэн захиалга даалгавраар, улс төрийн зорилготойгоор хийгдэж байгаа зүйл байхгүй. УИХ-ын гишүүдийн ар гэр, хань ижлийг бөөн, цөөнөөр нь барьсан хорьсон зүйл байхгүй гэж хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн. Тэнд нэг сэтгүүлч Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг ЖДҮХС-тай холбоотойгоор шалгаж байгаа юм уу гэж асуусан. Тэр сэтгүүлч энд байгаа ч байж магадгүй. АТГ-ын албаны хүн хамаарал бүхий компанийг нь шалгаж байгаа зүйл бий л гэсэн. Ингэсний төлөө намайг үүрэг даалгавар өгч хэлүүлсэн, нэрлүүлсэн гэж байгаа. Би ийм зүйл зохион байгуулаагүй.

Дөрөвдүгээрт, 60 тэрбумын асуудлыг өчигдрийн Бага хурал дээр ярьсан. Энийг хууль хяналтын байгууллага өмнө нь 3-4 удаа шалгасан. Ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө авч, хүнийг томилсон зүйл байхгүй. ТЕГ-т шалгагдаж байгаа. Шалгалтаар үнэн зөв нь тогтоогдох байх аа. Нэгэнт шалгагдаж байгаа хэргийн талаар дахин давтаж яриад байх зүйл алга.

Харамсалтай нь 2016 онд болсон энэ 60 тэрбумын гэдэг асуудлыг манай намын нэр бүхий гишүүд өөрсдөө дэвэргэж, намынхаа нэр хүндэд муугаар нөлөөлөх зүйлийг зориудаар бий болгож, үүний цаана ЖДҮ-гийн хэргийг бүдгэрүүлэхээр оролдож байгааг буруу гэж үзэж байгаагаа би өмнө хэлж байсан.

Тавдугаарт УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өчигдрийн Бага хурал дээр ярьсан зүйлүүд дээр товч тайлбар өгөх нь зүйтэй гэж бодож байна.   

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалд намайг оролцсон гэж, би хааж, хамгаалаад байгаа мэтээр ярьсан. Би 2016 оны зургадугаар сарын 23-24-ний үед шиг санаж байна, энэ мэдээллийг бүдэг бадаг сонссон. ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайг дуудаж, та Москвад байгаа таньдаг мэддэг хүмүүсээсээ үүнийг тодруулж өгөөч гэж гуйсан. Хангай сайд асуугаад “Яригдсан зүйл байгаа юм шиг байна, тодорхой мэдээлэл алга” гэсэн. Ийм л мэдээлэлтэйгээр би зургаадугаар сарын 28-ныг хүрсэн.

Зургадугаар сарын 28-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн. Энэ бол сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр. Тиймээс нэр дэвшсэн хүмүүс ямар нэгэн юм ярих нь буруу гэж бодоод штабт ажиллаж байсан, сая хотын дарга байсан С.Батболдод намын даргын хувьд үүрэг өгч, хэрэв МАН сонгуульд ялалт байгуулах юм бол “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг шалгаж, үнэн зөвийг нь тогтоож, шалгаж, шийдвэрлүүлнэ гэдэг мэдэгдлийг олон түмэнд хүргүүлж байсан.

Дараа нь УИХ Ажлын байгуулсан. Энэ ажлын хэсгийг би өөрөө байгуулсан. Ажлын хэсгийн дүнг УИХ авч хэлэлцсэн, тогтоол гаргасан. УИХ 49 хувийг төрийн өмчид авах, авахдаа 49 хувийг авсан компанийн талтай яриа хэлцэл хийж, шийдвэрлэ гэсэн 3-4 заалттай тогтоол гаргасан. Энэ тогтоол хэрэгжих ёстой гэж үзэж байгаа. Хоёр ч Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байгаа. УИХ асуудлыг шийд гэдэг шийдвэр гаргаж өгчихөөд байхад тогтоолд заагдсан хэлцлийг хийлгүй байсаар шүүх дээр очиж янз янзын шийдвэр гарч байгаа. Энэ 49 хувийг ямар нэгэн байдлаар хамгаалаад хаацайлаад байгаа зүйл надад байхгүй.

Зургадугаарт, ХХБ-ны хувьчлалд намайг холбоотой мэтээр Нямдорж ярьсан. Намайг Ерөнхий сайдаар томилогдоход ХХБ-ны хувьчлалын асуудлууд шийдэгдчихсэн байсан. Засгийн газар шийдвэрээ гаргачихсан, хэрэгжчихсэн байсан. Тэгэхээр би ХХБ-ны хувьчлалтай огт холбоогүй. Намайг мөн Улаанбаатар хотын банкны хувьчлалтай холбоотой мэтээр ярьсан. “Улаанбаатар” банкийг “Улаанбаатар сан”-гийн хөрөнгөөр байгуулсан. Гэтэл УИХ банкны дүрмийн сан 4 тэрбум төгрөг байсныг 8 тэрбум болгох хууль гаргасан. Нийслэлийн төсөв болон “Улаанбаатар сан”-гаас дахин 4 тэрбум төгрөг гаргаж, “Улаанбаатар” банкийг хуульд заагдсан хэмжээнд ажиллуулах боломж санхүүгийн хувьд байгаагүй. Тийм учраас “Улаанбаатар” банк татан буугдаж, нэр бүхий 2-3 хүн тодорхой хувийн хөрөнгөө гаргаж, хуульд заагдсан шаардлагад нийцүүлэн “Улаанбаатар хотын банк” гэдэг шинэ банкийг “Улаанбаатар сан”-тай хамтарч байгуулсан. Тэрнээс хойш энэ банк хувьчлагдсан зэрэг асуудал бол миний дараа дараагийн ажиллаж байсан хотын дарга нарын үед хийгдсэн ажил аа.

 

Долдугаарт, АТГ-ын удирдлагыг намайг томилсон, би удирддаг, миний хүн гэдэг байдлаар ярьдаг. Намайг Улаанбаатар хотод, Засгийн газарт ажиллаж байхад энэ хүн Замын цагдаагийн газрын дарга, орон нутагт ажиллаж байсан, таньдаг мэддэг хүн мөн. Гэхдээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж өмнөх Парламентын бүрэн эрхийн хугацааны үед энэ хүнийг АТГ-ын даргаар томилуулах хүсэлтээ оруулаад, тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хороонд цохолт хийгээд, ХЗБХ энэ асуудлыг хэлэлцээд, АТГ-ын даргаар томилъё гээд дэмжсэн шийдвэр гарчихсан байсан. 2012-2016 онд ажилласан УИХ төгсгөлийнхөө хурлыг ном дүрмийнхээ дагуу хийж чадалгүй бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөж, өнөөгийн УИХ-ын үйл ажиллагаа эхэлсэн. Ингээд төрийн ажил залгамж шинж чанартай байх ёстой гэдэг үүднээс Байнгын хорооны шийдсэн асуудлыг чуулганаар батлуулсан.

Энэ хүнийг чөлөөлөх тухай асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байгаа. Хуульд нийцсэн шийдвэр байх юм бол энэ хүнийг чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганаар оруулахад бэлэн гэдгээ Ерөнхийлөгчид хэлсэн. Харин хуульд нийцээгүй асуудлыг УИХ хэлэлцэх боломжгүй. Одоо Үндсэн хуулийн Цэц дээр яригдаж байгаа асуудлаар гарсан шийдвэрийнх нь дагуу УИХ хандана. Түүнээс биш хувь хүний зүгээс хамгаалж, хаацайлаад байгаа зүйл байхгүй гэдгийг хэлье.

Наймдугаарт, Улсын ерөнхий прокуроруудыг М.Энхболд томилж байсан мэтээр Ц.Нямдорж ярьсан. Д.Дорлигжавыг ерөнхий прокуророор томилогдоход би намын дарга, УИХ-ын дарга байгаагүй. Би Шадар сайдаар л ажиллаж байсан. Өмнө нь ажиллаж байсан прокурорын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан уу гэвэл дуусаагүй байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч тэр хүний өргөдлийг нь аваад Дорлигжав гэдэг хүнийг оруулж ирсэн. Харин харамсалтай нь тэр үед бид олонхи байсан хэрнээ манай Намын бүлгийн хурал дээр Дорлигжавыг Ерөнхий прокуророор томилох гэж байгаа тухай асуудлыг огт яриагүй. Шууд Байнгын хороо, чуулганы хурлаар ороод, энэ хүн томилогдсон.

Дараа нь өнөөдрийн ажиллаж байгаа М.Энх-Амгалан прокурорыг томилох үед бид цөөнх байсан. Гэхдээ өмнө нь Ерөнхий прокурорыг томилоход Намын бүлгийн хурлаар яриагүй гэдэг асуудлаар санал шүүмжлэл гардаг юм байна лээ. Ийм учраас энэ хүнийг Бүлгийн хурлаар ярих нь зүйтэй гэсэн саналыг би гаргаж, 26-гийн цөөнхийн бүлэг дээр энэ асуудлыг ярьсан. Тухайн үед Ц.Нямдорж “Би энэ хүнийг сайн танина. Яахын аргагүй миний бэлдсэн, миний боловсруулсан, энэ ажлыг хийж чадах хүн мөн. Бид дэмжих нь зөв” гэдэг байр суурийг Бүлгийн хурал дээр гаргаж, томилуулж байсан. Тэр нь протоколд бий.

Энэ томилогдсон хүмүүсийг өнөөдөр намайг буруутгах болоод ирэхээрээ бүгдийг нь би томилуулж байсан юм шиг, би удирдаж байгаа юм шиг ярихыг би шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байгаа.

Есдүгээрт, өчигдөр Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Сингапурт байхад нь Т.Бадамжунай гэдэг хүнийг очуулаад Ерөнхийлөгчөд нэрийг нь дэвшүүлэх асуудлыг тохирсон, М.Энхболд өөрөө захиалсан гэж ярьсан. Би Т.Бадамжунай гэдэг хүнийг Сингапур явуулж, Х.Баттулга гэдэг хүнтэй уулзуулж байсан удаа, тохиолдол байхгүй. Ер нь хүний хувьд Ерөнхийлөгчийг тухайн үед янз бүрийн асуудалд ороод байх үед нь асууж сураглаж, болж өгвөл дэмжих юмсан гэдэг байр сууринаас хандаж байсан хандлага бол байгаа.

Аравдугаарт, уул уурхайн салбарын олон лиценз, будлиантай байгаа асуудлуудын талаар мөн надтай холбож ярьсан. Надад уул уурхайн нэг ч лиценз байхгүй. Манай гэр бүл, үр хүүхдүүдэд байхгүй. Би харин уул уурхайн салбарыг эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, хамгийн сүүлийн үеийн технологиор Монголд ээлж дараа, эрэмбэтэй хөгжих ёстой гэдэг байр суурьтай байдаг. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 49 орд газрыг стратегийн орд болгоё гэдэг саналыг УИХ-д өргөн барьж байсан. Харин УИХ-ын даргаар Ц.Нямдорж ажиллаж байхдаа 49-ийг 15 болгон баталж өгч байсан.

Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн ордыг ашиглах гэрээний төслийг боловсруулж, 2007 оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьж байсан. Миний өргөн барьж байсан гэрээ өнөөдрийн гэрээнээс хамаагүй илүү гэрээ байсан. 34 хувь нь зээл биш, Монголд дивидент олгосон хойно нь өгөөжөөс төлбөрөө хийх, 2007-2011 онд 2.8 тэрбум доллараар гүний уурхайг барьж, байгуулах, гүний уурхайг барьж байгуулахгүй бол 2011 оноос 68%-ийн татварыг авч, дөрвөн жилийн хугацааны олборлосон орлого дээр нь нөөц ашигласны төлбөрийг тавих, 95 хүртэл хувьд нь Монгол ажилчид ажиллах, 21-р зууны уул уурхайн салбарын жинхэнэ нарийн мэргэжлийн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 100 залууг бэлдэх, Оюутолгой, Тавантолгой хоёрын дунд 80 орчим мянган хүнтэй хот байгуулах гэсэн олон зүйлийг багтаасан гэрээг өргөн барьж байсан.

Би 2015 онд Тавантолгойн орд газрыг ашиглахаар Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-аар оруулахгүйгээр шийдэх гэж байсан асуудлыг тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд дээр орж, уг асуудлыг УИХ татаж үзэх нь зүйтэй гэж хэлж байсан. Яагаад ингэсэн гэхээр Чалкотой тонныг нь 70 доллараар 10 жилийн хугацаатай худалдах гэрээг 2012 онд байгуулагдсан шинэ Засгийн газар цуцалсан. Тиймээс УИХ энэ асуудлыг ямар ч байсан авч үзэх ёстой гэж үзэж, “Би гарын үсэг зуръя, УИХ-ын дэд дарга Л.Цогоор зуруулъя, та зур, Р.Гончигдорж даргаар мөн зуруулъя” гээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гэрээний төслийг УИХ-д татаж авч, зогсоож байсан.

Энэ мэтчилэнгээр ярих юм бол уул уурхайн салбарын үр ашгийг дээшлүүлэхийн төлөө л би ажиллаж байсан болохоос, өчигдрийн Ц.Нямдоржийн ярьж байсан шиг олон лиценз цуглуулчихсан хүн биш ээ.

Өчигдрийн хурлын үеэр Намын дарга надтай уулзсан. Хоёулхнаа ярих зүйл байна гээд. Нэгдүгээрт, намайг өргөдлөө өг гэсэн. Үүнийг хуулийн дагуу шийднэ гэдгийг хэлсэн. Хоёрдугаарт, хоёулаа өргөдлөө өгчихвөл яасан юм бэ гэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн бид хоёрын дунд үлдэнэ гэсэн. Би ямар хариулт өгсөн бэ гэхээр, “Би хэн нэгний албан тушаалтай барьцаалж зууралдаад УИХ-ын даргын албан тушаалыг өгөх, өгөхгүй тухай асуудал яриад байгаа юм биш ээ, Намын дарга аа. Би УИХ-ын даргыг чөлөөлдөг тэр хууль эрх зүйн үндэслэлээр нь явъя гэдэг байр суурьтай байгаа. Надад таны албан тушаалтай барьцаад байгаа зүйл байхгүй шүү” гэж хэлсэн.  Гэхдээ харамсалтай нь намын дарга маань ингэж ярьснаа өөрөө дэлгээд ярьчихна лээ.

Энэ мэт яригдсан зүйлүүдээр би нэр төрөө сэргээлгэх ёстой гэж үзэж байгаа. Би Ц.Нямдоржийг энэ ярьсан, хэлсэн зүйлүүдээ нотол, нотолж чадахгүй бол надаас уучлалт гуй гэдэг шаардлага тавьж, шүүхэд өгнө гэж шийдсэн.

Сүүлийн 6-7 сарын турш над руу янз, янзын л дайралт давшилт ирж байгаа. Нэгдүгээрт, би Намынхаа нэг залуу гишүүнтэй сайдаж муудаж байгаа юм шиг хэрүүл үүсгээд яах вэ гэдэг байр сууриар тэвчээртэй хандаж байгаа. Хоёрдугаарт, нийгэмд янз бүрийн сөрөг мэдээлэл түгж байгаа үед бас дахин хар буруу ч юмуу мэдээлэл нэмж, нийгмийн бухимдлыг нэмэгдүүлээд яах вэ гэдэг үүднээс би чимээгүй, тэсэж тэвчиж явсан. Нэгэнт намын зарим нөхөд маань ингэж над руу дайрч, намын төлөөллийн байгууллага маань төрийн дээр гарсан шийдвэр гаргаж, УИХ-ын ажлыг зааж зааварлах гэсэн хандлага гаргаж байгаа учраас бодит байдлыг олон нийтэд ярьж хэлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Би хууль ёсоор УИХ-ын даргаар томилогдсон. Чөлөөлөгдөх, огцрох нь бас хуулийн хүрээнд л байх ёстой.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.

Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.

Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг  санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.

Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.

Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.

Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.

Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.

Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.

Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.

Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.

“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.


Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.

Тухайлбал, хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.

Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1.     “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.     “Эрдэнэс алт ресурс” ХК
4.     “Эрдэнэс Монгол нэгдэл”
5.     “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6.     “Энержи ресурс” ХХК
7.     “Шивээ овоо” ХХК
8.     “Багануур” ХК
9.     “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм10 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм11 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр11 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм11 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм11 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм11 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм12 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм12 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм12 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент12 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад12 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр12 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим