Connect with us

Улс төр

Д.Дорлигжав: Цаадуул чинь С.Эрдэнээрээ оролдох нь л дээ

Нийтэлсэн

-

Монгол Улсын хууль цаазын тэргүүн зөвлөх, Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Ийгл телевизэд ярилцлага өгчээ.

-Та даваа гаригт манай зочны ярилцлагад уригдсан боловч ирээгүй. Өнөөдөр баасан гариг. Ярилцлагаа хойшлуулах ямар шалтгаан гарсан бэ?

-Нэгдүгээрт хуулийн байгууллага надаас мэдүүлэг, байцаалт авсан. Түүний дараа “Та ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллээр гармааргүй байна. Бидний ажлыг ойлгож байгаа биз дээ” гэсэн. Гэхдээ үүнээс өмнө ч бас ярьчих бололцоо байсан л даа.

-Олон нийтийн хувьд бол мэдээж хүлээлт их байлаа. “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд гэдэг хүн таныг 4 сая долларын авилга дарамталж байгаад авсан гэж ярьсны дараа яагаад Д.Дорлигжав гэдэг хүн өөрөө яагаад энэ талаар тайлбар хийхгүй байна вэ гэж?

-Иймэрхүү хэл үг гарахад манайхан хамгийн түрүүнд хэвлэлийн бага хурал хийгээд л орь дуу тавьдаг л даа. Орилохдоо хүртэл бодох ёстой юм. Би бол үнэхээр гайхширсан. Тэгээд энэ хүний ярьж байгааг няцаах баримттай болж байж ард түмнийхээ өмнө гаръя гэж бодсон. Зүгээр л “Энэ хүн намайг гүтгэж байна. Би огт тэгээгүй” гэвэл хүмүүс бас надад итгэх үү, үгүй юу? Тийм учраас жаахан цаг алдлаа. Нөгөө талаас хуулийнхан “жаахан азнаж байгаач ээ” гэсэн  учраас.

Нэгдүгээрт энэ хүний зорилгыг би огт ойлгохгүй байна, зүгээр тааж байна. Хоёрдугаарт энэ бол огт ор үндэсгүй гүтгэлэг. Би бичиг баримтыг харуулна. Дөрвөн сая долларын түүх ингэж эхэлсэн. “Алтан Дорнод Монгол”-ын захирал Паушок гэдэг хүн Монголын Засгийн газартай алтны 68 хувийн татвар төлөхгүй, би гадаадын хөрөнгө оруулагч гээд Олон улсын арбитр дээр маргаан үүсгэсэн. Тогтвортой байдлын гэрээ байгуулаагүй учраас чи татвараа төлөх ёстой гэдэг шийдвэр гарсан. Ингээд Паушок “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал асан Ч.Бямбаад “Миний компанийг менежментийн гэрээгээр аваад яваач ээ” гэсэн байдаг. Гэтэл хуулийн байгууллагууд энэ компанийг ажиллуулаагүй. Эрүүгийн хэрэг үүсгээд бүх техник, тоног төхөөрөмжийг нь лацадсан. Эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болчихоод байхад хүртэл нээж өгдөггүй. Компанийг нь авах гэсэн нөхдийн л ашиг сонирхол байсан юм байна лээ л дээ. Сүүлдээ Паушок ерөөсөө Монголд юм хийж болохгүй юм байна гээд компаниа зарахаар шийдсэн юм байна лээ. Тэр үед энэ асуудалтай холбоод байгаа манай дүү Баатар Каттерфиллерийн сэлбэг хэрэгсэл оруулж ирэх гээд Голомт банкнаас зээл хөөцөлдөөд явж байсан.

Гэтэл “Голомт”-ын захирал Баясгалан манай дүүд “Каттерфиллерт би зээл өгөхгүй ээ. Чи Паушокийн компанийг худалдаад авчихвал зээл өгье. Манай банк “Алтан Дорнод Монгол”-оос маш их авлагатай. Авлагаа маш хурдан, эхний ээлжинд салгаж авмаар байна. Учир нь энэ компани маш олон газарт өртэй юмаа. Чи худалдаад авчихвал зээл өгье” гэсэн. Тэгээд “Голомт”-той гэрээ хийгээд, манай дүү Баатар, Бямбаа эд нар Москва яваад, Паушокийн компанийг худалдаж авахаар тохироод, төлбөрийн хугацаа графикаа тохирсон. Паушок нь “урьдчилаад 2 сая доллар төл” гэсэн юм билээ. Голомт банкнаас авсан зээлээсээ 2 сая долларыг Паушокт төлсөн.

Ингээд байж байтал Баясгалан гэнэт зээл өгөхөө зогсоосон. Паушокийн компанийг бэлэн мөнгөөр авах хүн гараад олдлоо. Манай банк урьдчилж зээл өгөх шаардлагагүй боллоо гэсэн. Барьцаа баталгаа нь олигтой байгаагүй юм уу, яасан юм. Ямар ч байсан эрсдэл үүснэ гэж бодсон юм шиг байна лээ. Тэгээд бэлэн мөнгөтэй хүнд өгнө гэсэн. Тэр нь одоо энэ Тордайн Ганболд гэдэг хүн.

Тэгээд энэ Ганболд, Баясгалан, манай дүү гурав суугаад “Голомт банкнаас зээлж Паушокт төлсөн 2 сая долларыг манай дансанд хийж “Голомт”-ын өрийг хаагаад тооцоо дуусгана шүү” гэж тохирсон байдаг. 2011 оны 9 сарын 27-нд 2 сая доллар “хоорондын тооцоо” нэрээр Т.Ганболдын  “Эн Ар Ай” компаниас орж ирээд тэр өдрөө эргээд “Зээлийн үндсэн төлбөр” гээд гараад явсан бичиг энэ. Ингээд манай дүү Голомт банкнаас авсан зээлээ хаагаад төлбөр тооцоогоо дуусгаж байгаа юм. Ганболдын 2 саяар 2 удаа нийт 4 сая доллар шилжүүлсэн гээд байгаа нэг баримт энэ.

-Хоёр дахь шилжүүлэг тэгвэл ямар учиртай юм?

-Сарын дараа манай дүүгийн компанийн дансаар дахиад 2 сая доллар ороод гараад явчихсан. Нэлээд олон төлбөр тооцоо өөрт нь мэдэгдэлгүй гараад явчихсан байдаг юм. Тэгээд Голомт банкны захирал руу 2011 оны 11 сарын 14-нд албан тоот явуулсан. Би мэдээгүй байхад манай данс руу юун ийм төлбөр тооцоо ороод, гараад явчихав аа. Банкны хууль тогтоомж зөрчигдөж байна, яагаад миний мэдэхгүй төлбөр тооцоо явдаг юм бэ гэж. Ингэсний дараа Голомтынхон “Хаана юу болов, яав ийв” гээд гүйлгээ хийсэн салбар энэ тэр лүүгээ бичиг сачиг яваад хугацаа авч байснаа эргүүлээд нэг цаас манай дүүд өгсөн байдаг юм. “11 сарын 8-ний өдөр “Pioneer” гэж компани “Рекат Монгол” гэдэг компани луу андуурч 2 сая доллар шилжүүлсэн тул буцааж манай компанийн данс рүү шилжүүлж өгнө үү” гэж бичиг ирсэн. Энэ дагуу манайх гүйлгээг нь хийж өгсөн юмаа. Өөрийн чинь мэдэлгүй гүйлгээ болсон учир энэ, уучлаарай гэж бичиг ирсэн.

Одоо энэ хүний бариад гүйгээд эхний баримт хоорондын тооцоогоор хийсэн 2 сая долларын гүйлгээ. Нөгөө нь андуурч гүйлгээ хийсэн 2 сая долларынхаа баримтыг бариад яваад байгаа хүн. Би тэрийг нь одоо ч биш, анх яригдаж байхад нь мэдсэн. Нэг бол энэ хүн их шорон санаатай хүн. Андуур ч биш, бүр зориуд хийчихээд андуурлаа гэж буцааж аваад түүгээрээ сенсаац үүсгэсэн. Эсвэл ерөөсөө надыг оролдох гэхээрээ манай дүүгийн данс руу орж гарсан хууль ёсны төлбөр тооцооны цаасыг барьж шуугиан дэгдээсэн. Ийм л хүн.

-Тэгвэл яагаад ийм тодорхой баримт байхад таныг ингэж гүтгээд байгаа юм? Та бол гүтгэлэг гэж үзээд байна шүү дээ.

-Үзээд байгаа юм биш, энэ бол гүтгэлэг. Нэгдүгээрт намайг ерөнхий прокурор байхад энэ хүн эрүүгийн хэрэгт холбогдоод шалгагдаж байсан. Шалгагдаж байхдаа надтай холбоо тогтоох гэж олон удаа оролдсон. Таны сайн дүү чинь болъё, наана цаана уулзъя гэж олон удаа ярьсан. Хэрэг нь шалгагдаж байгаа хүнтэй би юу гэж уулзах вэ. Ер нь энүүхэндээ гэж хэлэхэд би энэ хүнтэй нэг ч удаа уулзаж, гар барьж үзээгүй. Телевиз сонингоор л харж байсан. Гэтэл намайг дарамталж байгаад мөнгө авчихсан гэж яриад байдаг. Төрийн алба хашиж байгаа хүнийг ийм их зоригтойгоор гүтгэнэ гэдэг чинь нэгдүгээрт ард нь тодорхой зорилгоор өөгшүүлж байгаа хүмүүс байна гэсэн үг. Хоёрдугаарт хувийн жаахан өс хөнзон байдаг байх. Гуравдугаарт манай төрийн арчаагүй байдлыг луйварчин улсууд ингэж ашиглаж байна.

-Т.Ганболд гэдэг хүн ямар хэрэгт шалгагдаж байсан юм бэ?

-Ер нь бол их ноцтой хэрэгт холбогдсон байсан. 27 сая төгрөгийн татварын өрнөөс болж намайг хорьсон гэж яриад байна лээ. 27 саяын татварын өрний төлөө надад 4 сая долларын хахууль өгсөн ч юм шиг, би тэрийг нь өөрийнхөө дансанд хийгээд авсан ч юм шиг. Юм эргэцүүлээд боддог хүнд бол үнэмшилгүй л юм ярьж байна лээ. Хүмүүс мэдээж цочирдож хүлээж авсан байна лээ, арга байхгүй. Татвараас болсон юм биш ээ. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхад нь нэг эмэгтэй баахан том хохиролтой гэж гомдол гаргасан нэг хэрэг бий. Түүн дээр нь эрүү үүсгэсэн байх. Нөгөөх нь бүр их ноцтой. Т.Ганболд гэж хүний ах нь УИХ-ын гишүүн Дэмбэрэл гэж байлаа даа. Энэ хүний хүүхдийн нэрээр Хонконгод байгуулсан компани нь Хар төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ байгуулаад ган бөмбөлөг худалдаж аваад тэрийгээ эргүүлээд Эрдэнэтэд өндөр үнээр шахсан. Одоо сайн санахгүй байна, 1-3 сая долларын зөрүү ашиг гаргасан байдаг юм. Өөрийнхөө дүүг аваачиж гадаадад компани байгуулаад гадаадын компанид ган бөмбөлөг өгсөн нэрээр цаашаа ашиг гаргасан, улсын үйлдвэрийг хохироосон маш ноцтой хэрэг байсан. Энэ хэрэг шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болгосон байна лээ. Манай нөхдүүдийн ажлын алдаа л гэж би бодож байгаа. Яалт ч үгүй хэрэг байсан.

-4 сая долларын асуудал 4 жилийн өмнө ч яригдаж байсан. Тэр үед нь та яагаад энэ тухай яриагүй юм?

-Би Хууль зүйн сайд байхдаа энэ хэргийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж байсан. Тэгээд байж байтал АТГ энэ хэргийг яагаад ч юм Тагнуулын газар луу шилжүүлсэн байдаг юм. Дараа нь сонгууль энэ тэр гээд өнгөрсөн. Сая очиж байцаагдахдаа дахин гомдол гаргасан. Үүнийг шинээр шалгаж тогтоож өгөөч гэж. Ер нь бол наад нөхөр чинь зоригтой байгаа нэг шалтгаан бол Эрүүгийн шинэ хуулиар хүнийг гүтгэх, доромжлохыг ялгүй болгочихсон шүү дээ. Би Хууль зүйн сайд байхдаа энэ хуулийн төслийг хэлэлцэж байхад зөндөө хэлсэн. Сэтгүүлчид гүтгэдэг эрх чөлөө нь байж болно оо. Хувь хүн нэгийгээ гүтгэж доромжилж болохгүй ээ. Тэрнээс их том хохирол гарна аа, сэтгэл санаагаар унана аа, амь насаа алдана аа, энэ хэрэг эрүүгийн ялтай байх ёстой гэдгийг хэлээд ядсан. Одоо бол энэ хүн Зөрчлийн хуулиар хэдэн цаас өгөөд, болохгүй бол торгуулчихна даа гээд явж байгаа. Би үүнийг ингээд орхихгүй. Монгол Улсын Иргэний хуулиар нэр төрөө сэргээлгэнэ. Нэр төрөө сэргээлгээд зогсохгүй би нэр төрөө 4 сая доллараар үнэлнэ. Шударга үнэнд баригдаад гараа өргөтөл нь явна.

-Цаана нь улс төр байгаа юм болов уу?

-Наадах чинь их сонин хүн ш дээ. МАН-ын гишүүн гэж яваад Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал болсон. Дараа нь манай Н.Алтанхуягаас нэг хэсэг салахаа байсан. Дараа нь манай АН-ын дарга, УИХ-ын дарга байсан З.Энхболдтой салахгүй л байсан. Дараа нь Архангайн Ж.Мөнхбат билүү, ЗГХЭГ-ын дарга байсан залуутай очоод наалдчихсан л явсан. Эрх мэдэлтэй хүнтэй л очоод наалдчихдаг хүн л дээ. Аз болж би энэ хүнтэй наалдаагүй. Надтай наалдах гэж их оролдсон. Хаана ч явж, юу ч хийж мэдэх, сонирхолтой л хүн байгаа юм.

-Та тэгээд нэг ч удаа уулзаагүй юу?

-Амьдралдаа нэг ч удаа нүүр тулж үзээгүй.

-Та тэгээд энэ хүний эсрэг өргөдөл өгсөн юм уу?

-Одоо өгнө. Нэг зовлонтой нь энэ нөхөр чинь хаяг нь олдож өгөхгүй юм. Шүүхэд гомдол гаргахад хаяг энэ тэрийг нь тогтоож байж өгдөг. Хаана ч байгаа нь мэдэгдэхгүй нэг ийм хүн байдаг юм байна. Болохгүй бол компанийнх нь хаягаар өгнө дөө. Нэр төрөө сэргээлгэхээр 4 сая доллар нэхэмжилнэ.

-4 сая доллараар гүтгүүлсний хариуд 4 сая доллартай болох нээ дээ?

-Энэ хүн тийм хэмжээгээр гүтгэсэн учраас тийм хэмжээгээр нэр төрөө сэргээлгэнэ.

-Та ер нь аль намын хүн бэ? Сүүлийн үед “шударга бусын хонгилын гол хүн” гэх болж?

-Гомдмоор л асуулт байна. АН миний хувьд миний нэг тал. Монголын ардчилсан хөдөлгөөнийг үүсгэж, МоАН байгуулагдахад анхны дарга нь байсан. Одоогийн энэ Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулга нарыг сураггүй байхад энэ намыг чинь үүсгэн байгуулаад явж байсан. Дараа нь энэ намын дарга нь байсан. Би энэ намыг унаж явахад нь ч, өгсөж явахад нь ч цуг байсан. Тийм учраас намайг аль намын хүн бэ гэж асуух их сонин байна.

-Уучлаарай. Гэхдээ яагаад ингэж асуусан бэ гэвэл Н.Алтанхуяг дарга таныг “Шударга бусыг хонилыг үүсгэсэн МАНАН-гийн гол толгойлогч нь” гэсэн учраас ингэж асуулаа?

-МАНАН гэдэг үг чинь энэ МАН, АН хоёр нийлж засаг барихаас л эхэлсэн үг ш тээ. Тэр утгаар яривал манай Н.Алтанхуяг үүнийг үүсгэсэн. 2008 онд АН сонгуульд ялагдсан. 7 сарын 1 болж, 5 сайхан залуугийн амь үрэгдсэн. Нийгэм бүхэлдээ цочирдсон. С.Баяр гэдэг хүн байхад МАН-ыг 45 суудалтай ялалт байгуулсан, дангаараа засаг байгуулах бүрэн бололцоотой байсан. Энэ үед Н.Алтанхуяг намын дарга болсон. Би ерөнхий нарийн бичгийн дарга байж байгаад ажлаа Д.Эрдэнэбатад хүлээлгэж өгсөн. Энэ хоёр ямар ч шаардлагагүй газар МАН-тай эвслийн Засгийн газар байгуулж Н.Алтанхуяг тэргүүн шадар сайд болсон. Тэгэхэд С.Баяр “Оюутолгой, Тавантолгой, том төслүүдээ урагш нь явуулмаар байна” гэдэг гэгээн сайхан үг хэлсэн. Ингэж МАНАН эхэлсэн түүхтэй юм аа, уучлаарай, Алтанхуяг аа. Одоо гомдоллоод, шүүмжлээд байгаа Оюутолгойн гэрээг байгуулахад Алтанхуяг маань Шадар сайд нь л байлаа. Зарим юмаа хүмүүс мартчихсан гэж боддог юм уу, ийм юм яриад байх юм. Н.Алтанхуяг маань “Элбэгдорж, Хурц, Дорлигжав” гэж хонгил үүсгэж аваад гэмгүй хүмүүсийг тийшээ шидчихсэн ш тээ гэдэг юм ярьж байна лээ. Ер нь тэр яриа төрийн их өндөр түвшний хүн гэхэд төвөгтэй, чавганцын яриа л ярьсан л даа. Тэр бүхнийг би хариулаад явах вэ.

-Танай намынхан яагаад ингээд хуваагдчихав?

-Намайг Ерөнхий прокуророор ажиллаж байхад ажилд хамгийн их төвөг үүсгэж байсан юм бол фракцийн асуудал. Алтангадас гээд Алтанхуягийн фракци байна. З.Энхболд нь УИХ-ын дарга байхдаа Барууны хүчний холбоо гээд нэг фракци байгуулчихсан. Хуучин МоАХ, Баттулга Ерөнхийлөгч, Элбэгдорж гээд нэг фракц. Энэ гурав чинь хоорондоо таарахаа байгаад тэмцэлдээд ирэхээрээ нэгийгээ хуулийн байгууллагад өгдөг. Тэр ч гэмт хэрэг хийсэн, энэ ч гэмт хэрэг хийсэн гээд өргөдөг өгдөг. Нэгийг нь шалгах гэхээр “Намайг улстөржүүлж шалгалаа” гэдэг. Иймэрхүү бэрхшээлийн дунд би ажиллаж байсан. Гэхдээ нэг л зарчим барьсан. Улс төрийн энэ тэмцэл дунд хуулийнбайгууллага, тэр дундаа миний анх хөдөлмөрийн гараагаа эхэлсэн прокурорын байгууллагыг татаж оролцуулахгүй. Эдний тоглоом болгохгүй. Тийм учраас би өөрийнхөөрөө байсан. Өөрийнхөөрөө байсан учраас энэ гурван фракцийн нөхдүүд надад одоо ч гэсэн тийм сайн ханддаггүй.

Хар л даа. Нөгөө нэг хонгилын хүн гээд байгаа Б.Хурц нь гарч ирээд “Энэ Алтанхуяг, Дорлигжав Нямдорж эд нар чинь нийлээд 49 хувийг эсэргүүцдэг фракцийнхан байгаа юм. Тэр 49 хувийг чинь би Москвад аваачиж хэлэлцээр хийж байж авчирсан” гээд ярьж л байсан биз дээ. Яахаараа тагнуулын дарга хүн бизнесийн хэлэлцээр хийгээд явж байаг юм. Тийм замбараагүй юм ярьж л байсан.

Тэр үед АТГ-ынхан хууль давсан, дураараа авирласан юм гаргаад байхаар нь би олон удаа ил, далд тэмцэл хийж байсан. Гэхдээ улс төржүүлж яваагүй. Эцсийн дүндээ Алтанхуяг гуайн яриад байгаа шударга бусын хонгил гэдэг юм чинь хэдийд эхэлсэн гэхээр АТГ дураараа дургиж эхэлснээс бий болсон. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэж байлаа. Хуулийг нь өөрчлөөд прокурорыг мөрдөнг АТГ-ын дэргэд авчирч тавьсан. Энэ үеэс АТГ бурантгийг нь эвхээд тавьсан тэмээ шиг болсон. Прокурорын мөрдөнг тийшээ шилжүүлэх хуулийг АТГ-ынхан гишүүдээр санаачлуулаад  явж байхад би Алтанхуяг руу утасдаж хэлсэн. Засгийн газрын хуралдаанаар наадахаа дэмжиж болохгүй шүү, ийм юм болно шүү гэж хэлсээр байтал дэмжээд явуулсан. Би УИХ-ын дарга З.Энхболд руу ярьсан. Хуулийн байгууллага нэг систем гэвэл нэг нь хэт хүчирхэг болчихоор бусдыгаа ажиллагаагүй болгочихдог юм. Систем дотроо байгаа нэг байгууллагыг хүчирхэг болгож болдоггүй юм аа. Яг ийм зорилгоор наадуул чинь хууль өөрчлөх гээд байна шүү гэхэд хүлээж аваагүй. Би сонинд ярилцлага өгсөн, Б.Хурцад бас хэлсэн. “Чи наанаа насаараа суухгүй ээ, нэг байгууллагаа ингэж хүчирхэг болгож системээ эвдэж болохгүй ээ” гэж зөндөө хэлсэн. Ерөнхийлөгчид хандах гэсэн чинь Сочигийн өвлийн олимпод оролцохоор явчихсан байсан. Энэ хооронд хууль нь гараад, аваад явчихсан шүү дээ.

Шударга бусын хонгил үүсэх юмыг өөрөө өөрсдийнхөө гараар хийчихээд сүүлд нь хэзээ хойно, Засгийн газар огцорсны дараа Н.Алтанхуяг “Ерөөсөө прокурорын дэргэдэх мөрдөнг дахиад байгуулья” гээд хуулийн төсөл бариад гүйж л явсан. Энэ зутанг бүгдээрээ нийлж зуурчихаад “ганцхан чи зуурсан” гээд, өөрөө нэг их цэмцгэр болох байж болохгүй л дээ. Буруу л байгаа юм.

-Ерөнхий прокурорын хувьд танд ямар нэг давуу эрх байсан уу?

-Тодорхой шалгаж байгаа хэрэг дээр л давуу эрх байна уу гэхээс тэр байгууллагын менежмент руу давхиж ороод, буруу зөв гээд хүмүүсийг нь шийтгээд, арга хэмжээ аваад явах эрх байхгүй л дээ.

-Та Ерөнхий прокурор байхдаа хувийн ашиг сонирхлоор хэрэг зогсоож, хааж байсан уу?

-Ер нь бол би гурван хэргийг шалгахгүй зогсоож, хааж байсан. Гурван хүнтэй холбоотой асуудал дээр.

-Ерөнхий прокурорт тийм эрх байдаг уу?

-Би нөхөддээ хэлсэн, хэрэггүй л гэсэн. Тэд миний үгийг хүлээж авсан. Нэг нь түрүүн хэлсэн Дэмбэрэлийн хүү. Нөгөө нь Н.Алтанхуягийн охин Сангийн яаманд ажиллаж байсан жаал охин. Цэвэр агаар сантай холбоотой, хууль бус шилжүүлэг хийгээд 600 гаруй сая төгрөгөөр улсыг хохироосон гэсэн юм байсан. Гурав дахь нь АТГ-ыг тагнуул нь, тагнуулыг АТГ нь, Хууль зүйн сайд нь цагдаагаа, цагдаа нь Хууль зүйн сайдаа хууль зөрчсөн гээд, хүчний хэдэн байгууллага тойроод бүгд нэг нь нэгийгээ эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан байсан. Би тэр Дэмбэрэлийн хүүгийн тухайд “Наад 22 настай хүүхэд чинь юугаа мэдэх юм бэ, цаадах чинь томчуулынх нь хийж байгаа ажил ш тээ. Хүний ийм жаахан хүүхдийг хориод, сэтгэл санаагаар дарамтлаад яах юм, хэрэггүй. Зүгээр гэрчээр байцаагаад гол нөхдүүд дээр нь эрүү үүсгэж шалгаарай” гэсэн. Алтанхуягийн охины тухайд Цэвэр агаар сангийн хээл хахууль, хохирол тодорхой, Цэвэр агаар сан хариуцах нь тодорхой болчихсон байсан. Би тэгээд “Та нар бод. Ерөнхий сайд дээр өөр дээр нь хэрэг үүсгээд, ойр тойрных нь хүмүүс дээр хэрэг үүсгээд, дээр нь хүүхэд дээр нь хэрэг үүсгээд явахаар нийгэмд яаж зөв харагдах юм. Тэртэй тэргүй хохирол нь Цэвэр агаар сан төлнө, хариуцлагаа хүлээнэ. Гэр бүл, хүүхдээр оролдсон ийм юмаа боливол яасан юм” гэж хэлсэн.

Гурав дахь нь нөгөө хууль хүчний байгууллагуудын асуудал. Тагнуулын дарга нь Ариунсан гэж Алтанхуягийн томилсон хүн байх жишээтэй. Гэх мэтээр манай гурван фракцийн төлөөлөл болсон нөхөд энэ хуулийн байгууллагуудын толгой дээр очоод тус тусынхаа даалгавраар хоорондоо тэмцээд прокурор дээр гүйж ирээд байсан. Би “Та нар фракцийн төлөөлөл болж ороод төрийн нүд чих болсон байгууллагыг битгий бузарлаад бай. Та нарын алины чинь ч гомдлыг би хүлээж авахгүй. Улс төрийн хэрүүлээ хийдэг газраа очиж хий” гэж хэлсэн. Ийм гурван хэрэг дээр тодорхой чиглэл өгсөн.

-УИХ-ын дарга М.Энхболд 25-р суваг телевизэд өгсөн ярилцлагадаа “60 тэрбумын бичлэгийг “эвлүүлэг биш” гэж дүгнэлт гаргасан хүн нь Д.Дорлигжавын дүү байгаа юм. Тухайн үед Шүүх шинжилгээний төвийн даргаар ажиллаж байсан. Дараа нь эрүүгийн хэрэг үүсгээд шалгах явцад эвлүүлэг мөн гэж тогтоосон” гэж ярьсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Би тэр үед АН-ын сонгуулийн штабыг удирдаж байсан. Манай нийслэлийн сонгуулийн штабаас албан ёсоор цагдаад энэ бичлэгийг шалгуулахаар өгсөн. Цагдаа нь шүүхийн шинжилгээний газар өгч дүгнэлт гаргуулсан. Тэр шүүхийн шинжилгээний даргыг би томилоогүй, намайг ирэхэд ажлаа хийж байсан. Энэ бол эвлүүлэг биш гэж дүгнэлтээ гаргасан. Би үг хэлсэн болгонд хариу өгч гүйгээд байдаггүй юм аа. Тэртэй тэргүй олон түмэн дуу хоолойноос нь эхлээд наад хүнийг чинь таньж байгаа. Ийм ойлгомжтой юман дээр гарч ирээд уралцаад яахав гэж бодсон. Төд удалгүй наад хүн чинь өөрөө энэ наймдугаар сард байх, бас нэг ярилцлага өгсөн. Ийм яриа болсон. Гэхдээ хэрэгжүүлж амжаагүй ч гэлүү, би зөвшөөрөөгүй ч билүү нэг зүйл ярьсан. Өөрөөр хэлбэл, эвлүүлэг биш гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Одоо бол энэ талаар ярих утгагүй болчихлоо ш тээ.

Ер нь бол хоёр CD байдаг юм. Нэг нь бидний өгсөн оригинал бичлэг, нөгөө нь тэдний өгсөн эвлүүлсэн бичлэг. Хэргийг хэрэгсэхгүй болгохдоо зориуд эвлүүлсэн биллэгээ шинжилгээнд өгчихсөн байхгүй юу.

-Одоо тэгээд оригинал бичлэг нь байхгүй болчихсон уу?

-Байлгүй яадаг юм, надад ч байгаа.

-Олон нийт бол Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дарга нь солигдонгуут дүгнэлт нь өөрчлөгдөөд байдаг юм байна гэж ойлгоод байгаа шүү дээ?

-Үгүй дээ, тийм юм байхгүй.

-Би бас гайхаад байна л даа. Ганболд гэдэг хүн нэг юм яриад, Алтанхуяг дарга араас нь бас яриад. Яагаад Дорлигжав гэдэг хүний нэр гэнэт ойр ойрхон дундагдаад унав аа?

-Яахав, манай намын зодоон л явж байгаа юм. Наадуул чинь С.Эрдэнээрээ л оролдох гэж байгаагийн шинж. С.Эрдэнийг солино барина гээд зарим нь мэдэгдэл хийгээд янз бүр болоод байна шүү дээ. Тэгээд намайг өрсөлдөгч гэж харсан юм байлгүй.

-Та АН-ын даргад өрсөлдөх гэж байгаа юм уу?

-Үгүй дээ, үгүй. Надад тийм зав алга. Барилдаж байгаа бөхийнхөө дархан мэхийг мэддэг гэгчээр би нөхдийнхөө юу хийж байгааг мэднэ шүү дээ. Хэний мэх вэ, хаанаас, яах гэж явж байгааг мэднэ.

-Хэний мэх вэ?

-Намын даргад зүүдэлж яваа нөхдийн л ажил.

-Нам доторх фракц гэдэг юм ер нь юунаас үүссэн юм бэ? Би бол үзэл бодлын өрсөлдөөн гэж боддог байлаа?

-Нам доторх фракц гэдэг юмаа устгаач ээ гэж би Хууль зүйн сайд байхдаа З.Энхболд даргад хэлж, намын дүрэмд оруулах өөрчлөлтийн төсөл хүртэл бичээд өгч байсан. Энэ намыг, төрийг, найз нөхдийн харилцааг самарч байгаа юм бол энэ жижигхэн эрх ашигт захирагдсан фракциудаас болж байна шүү гэж. Түүнээс биш АН-ын өнгөрсөн 4 жил хийсэн ажил чамгүй их байсан. Одоо хүмүүсийн өмнө очоод сонгуульд орох гэж байна. Та нар алдаагаа зөв хүлээж сур. “Энэ фракциас болсон бидний алдаа. Бид нам дотроо фракцийг устгалаа” гэж хэлээд сонгуульдаа ор гэсэн. Энхболд дарга цаашаа очоод бүлэг дээр ярьсан, хүлээж авахгүй байна л гэсэн. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Фракци бол намын дотоод асуудал гэж хүмүүс ярих гээд байдаг. Үгүй. Энэ фракц гэдэг асуудал эхлээд намын асуудал, хувь хүний асуудал байснаа сонгуульд ялаад УИХ-д яваад очихоор төрийн асуудал болж хувирдаг. Төрийн эмгэнэл, ард түмний эмгэнэл болж хувирдаг. Тийм учраас энэ жижиг жижиг эрх ашгийн хуваагдал, фракцилдаг юмаа дарах, устгах хэрэгтэй. Зөвхөн тодорхой асуудлаар үзэл бодлын ялгарал гаргаж болно. Түүнээс биш нам дотор нам байгаа юм шиг фракци байж болохгүй гэдгийг хуульчлаад, намын дүрэмдээ хийгээд өгөөч гэж зөндөө гуйсан.

-Дахиад нэг асуулт тавья. Талийгаач охины тань дансанд 5 сая доллар ч билүү, 2,3 тэрбум төгрөг байсан гэж мэдээлэл гарч байсан. Нэгэнт таньтай нүүр тулж уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Охин маань өнгөрөөд хөдөөлүүлж амжаагүй байхад анх энэ мэдээлэл фэйсбүүкт тавигдсан шүү дээ. Би тэр үед ямар юмыг уулын чинээ болгож тавьж байна вэ гэдгийг анзаарч л байсан. Намайг “Энэ нөхөр 49 хоног нь өнгөртөл ам ангайж чадахгүй, тэрнээс наана тараагаад авья” л гэж бодсон байх л даа.

Манай охин бизнесийн удирдлагаар сурч байсан. Зун амралтаараа ирчихээд миний нэг таньдаг хүнд, гаднын компанид орчуулга хийгээд явж байсан. Тэгээд надад ярьж байсан. Би Лондонгийн бирж дээр хувьцаа нь худалдагддаг гаднын компанийн хүмүүст орчуулга хийлээ. Хувьцаагаа зардаг юм байна. Би нэг хэсэг хувьцаа авч үзье. Дадлага ч болог, цаашдаа бизнес болбол тэр биз гэсэн. Тэгээд 3000 орчим доллараар хэдэн ширхэг хувьцаа авлаа л гэж байсан. Цаашаа яасныг би сонирхоогүй. Охин өнгөрсний дараа би ажил явдлыг нь өнгөрүүлчихээд Лондоны хөрөнгийн бирж рүү хандсан. Албан ёсны бичиг баримтаа явуулсан. “Энэ хувьцааг эзэмшиж байсан охин маань өнгөрсөн тул миний нэр дээр шилжүүлж өг өө” гээд. ХОМ-тээ оруулах хэрэгтэй болж байна шүү дээ. Ингээд Лондоны хөрөнгийн биржээс 2016 оны 9 сарын 19-нд миний нэр дээр болгосон хариу ирсэн. Хувьцааны нийт үнэлгээ нь 24,553 фаунд. Анх авсан хувьцааны үнэ өсөөд ийм болсон байна гэдэг мэдээлэл ирсэн. Үүнийг итгэхгүй байгаа хүмүүс нь Nova Resources Limited гэсэн хаягаар ороод харчихаж болно.

-Та бол “Эрдэнэт” үйлдвэртэй хувь заяагаар холбогдсон хүн. 49 хувийн хувьчлал дээр та ямар бололтой байдаг вэ? Үүнд таны оролцоо бий юу?

-Манай Алтанхуяг л намайг нийлүүлж аваад “тэр хавьцаа байдаг юм” хэлсэн шүү дээ. Дахиад түүх ярья. 2016 оны сонгууль өндөрлөхөд долоохон хоног дутуу байхад намын дарга З.Энхболд намайг “Сонгуулийн штаб удирдаад энэ ажлыг дуусгаач, штабын ажил жаахан төвөгтэй байна” гэсэн. Долоо хоног дутуу байхад очсон хүн чинь үлдсэн хугацаанд ажлаа төлөвлөөд хийгээд яг төгсгөлийн мөчид, маргааш сонгуулийн сурталчилгаа хаана гэж байхад фэйсбүүк дээр “Эрдэнэтийн 49 хувийг Монголын компани авлаа. Засгийн газар шийдвэр гаргалаа” гэсэн юм гараад ирсэн. Сурталчилгаа хийж байсан манай хүмүүс “Дарга аа энийг яах вэ, аюул болно шүү дээ” гээд бариад ороод ирсэн. Би ч гэсэн хараад л ойлгосон. Сонгуулийн үр дүнд аймшигтай нөлөөлнө гэдгийг мэдсэн. Тэгээд Ч.Сайханбилэг рүү утасдаад “Та нар юу хийгээд байгаам бэ, юун 49 хувь бэ?” гэж асуусан. Засийн газрын хуралдаад “нууц материал” гэж нэг удаа танилцуулсан. Хууль зүйн яамнаас энэ том гэрээ контрактыг цуцлах талаар, хэн нэгэнд шилжүүлэх талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт ч аваагүй байсан. Тэгээд “Юу болоод байгаа юм бэ, та нар?” гэсэн чинь “Өө мэдэхгүй, намын чинь энд байна” гээд З.Энхболдод утсаа өгсөн. Тэр хоёр хамт сууж байсан шиг байгаа юм.

З.Энхболдод “Сонгуулийн торгон агшинд яаж байгаа юм бэ, та нар?” гэсэн чинь “Монгол хүн аваа л биз, сайн л биз” гэсэн. Сайн муугийн тухай би яриагүй. Энэ чинь сонгуулийн дүнд нөлөөлнө, санаа зовдоггүй юм уу, та нар? гэхэд “Өө яахав, яахав”… Ингээд л өнгөрсөн. Ер нь бол 49 хувийг монгол хүн авсан нь буруу гэж би хэлдэггүй. Буруу гэж хэлдэг ганц л юм байдаг. Хуулийн дагуу аваагүй л байхгүй юу. Үүнийг би хаана ч хэлнэ. Тиймээс тэр 49 хувь чинь надаас 100 метрийн зайтай, за юу.

-Элбэгдорж Ерөнхийлөгчтэй та хоёрыг үй зайгүй найз гэдэг. Гэхдээ амьдрал дээр найзлах уу, улс төрийн найз нөхөд үү?

-Манай Алтанхуяг намайг “Элбэгээгийн хүн” гэж томьёолж байна лээ. Би бол хэний нь ч хүн биш. Элбэгдоржийнх ч биш, Энхболдынх ч, Алтанхуягийнх ч биш. Би хэн нэгний хүн байхыг хүсдэггүй. Би үргэлж өөрийнхөөрөө байж ирсэн. Миний алдаа оноо минийх л байх ёстой. Тийм учраас би хэнийх ч байгаагүй. Алтанхуяг маань “Намын дарга, гишүүн хүн байж нам шиг хандсангүй” гэх гээд байна лээ. Хуулийн хүн хуулийнх л байх ёстой. Л.Гансүх ч миний найз, бидний найз. Тэглээ гээд “Алтанхуягийн зөвлөх учраас шалгахгүй” гэх юм уу? Тэгвэл хуулийн байгууллагыг хүмүүс, улс төрийнхөн яаж ойлгох юм. Шалгах ёстой юм байвал шалгахаас өөр аргагүй. Элбэгдоржтой бид 30-аад жил улс төрийн хатуу ширүүн тэмцэлд дунд явж байна. Олон удаа төрийн хариуцлагатай албан тушаалд намайг томилж байсан. Зарим дээр нь би очихгүй гэж байхад “Өөр очих хүн алга, чи чадна даа” гэж байгаад томилж байсан. Хүнийх нь хувьд ч, чадварын хувьд ч итгэдэг учраас тэгсэн байх гэж бодож итгэж очсон ажил болгоноо өөрийнхөө хэмжээнд сайн хийхийг хичээсэн. Энэ бол байх ёстой асуудал. Үүгээр намайг хэн нэгний хүн гэж харж байгаа бол тийм юм байдаггүй юм.

-Та дараачийнхаа улс төрийн амьдралыг яаж харж байна. Улс төрд байх уу?

-Би одоонохондоо АН-ын гишүүн, ҮБХ-ны гишүүн. Гэхдээ надад улс төр лүү орох ямар ч зав алга. Үнэхээр зав алга.

-Тийм ч байх гэж болсон. Яагаад гэвэл нөгөө цахилгаан машин олон улсын үзэсгэлэнгээс шагнал хүртээд ирсэн? Тэр ажил юу болж байна?

-Цахилгаан машин бол үндсэндээ шалгагдаад, тестлэгдээд дууссан. Хамгийн гол нь бидэнтэй томоохон хэмжээний хамтын ажиллагаа өрнүүлэх гэж байгаа гадаад түншүүд маань цахилгаан машин гэхээсээ илүү цахилгаан эх үүсгүүрийг нь сонирхоод байгаа. Цахилгаан станц гэсэн үг л дээ. Нөхөд бол “Та нэг 150 кВт орчим хүчин чадалтай (ойролцоогоор нэг сумын төвийг хангах хүчин чадалтай) цахилгаан станц хийчихээд биднийг уриач. Тэгвэл том хэмжээний хамтын ажиллагаа өрнүүлье гэсэн. Би энэ он дотор багтааж тэрийгээ дуусгана гээд амлачихсан, гар хөлийн үсэг зурчихсан учраас босч суух ч зав алга.

-Гэвч Засгийн газар яаж энэ мэдээг яаж хүлээж авсан бэ? Монголдоо үйлдвэрлээд утаанаас салья л даа?

-Орондоо орох завгүй олзлолдон тэмцэж байгаа улсад тэрийг мэдсэн хүн байгаа юм уу?

-Та өөрөө санал тавьсан уу?

-Санал тавиагүй. Би бол ийм зүйл болсон гэдгээ л танилцуулсан. Юу хийхээ төр өөрөө хэлэх ёстой шүү дээ. Наадхыг чинь аваад утааны эсрэг хэрэглэе, үнэгүй цахилгаантай больё, ийм ийм бодлого хөтөлбөр гаргана, ингэж санхүүжүүлнэ гэдгээ төр хэлэх ёстой.

-Дорлигжав өөрөө өөрийгөө цэнэглэдэг утаагүй цахилгаан станц хийчихсэн гэхээр итгэхгүй байгаа юм болов уу?

-Тэгж итгэхгүй, үл итгэсэн, доромжилсон, басамжилсан юм бас дээд талын улсаас сонссон шүү, нөхдөөсөө. Ямар мундаг юм бэ, баяр хүргэе гэж лав хэлээгүй. Гэхдээ би юмаа хийнэ ээ, цаана нь гарна аа. Эрчим хүчний салбарт ирээдүйд хувьсгал болно.

-Манай урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Утаатай Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийн хувьд үнэхээр нүүрс түлэхгүй, утаа гаргахгүй эрчим хүчтэй болно гэдэг хичнээн аз завшаан билээ. Танд амжилт хүсье!

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.

Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.

Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг  санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.

Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.

Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.

Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.

Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.

Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.

Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.

Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.

“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.


Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.

Тухайлбал, хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.

Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1.     “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.     “Эрдэнэс алт ресурс” ХК
4.     “Эрдэнэс Монгол нэгдэл”
5.     “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6.     “Энержи ресурс” ХХК
7.     “Шивээ овоо” ХХК
8.     “Багануур” ХК
9.     “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм16 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр16 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм16 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм16 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм16 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм16 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм17 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм17 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент17 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад17 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр17 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим