Нийгэм
ОСОЛ ЗӨРЧИЛ УДАА ДАРАА ГАРГАСАН “АРВИН ШАР ЗАМ ХОРШОО”-НЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАВ
Автотээврийн үндэсний төвөөс тээвэрлэлтийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зам, тээврийн осол, зөрчил гаргасаар байгаа хот хоорондын тээвэрлэлт эрхлэгч “Арвин шар зам хоршоо”-ны тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс зогсоожээ.
Энэхүү шийдвэрийг “Арвин шар зам хоршоо”-ноос эсэргүүцэж, АТҮТ-ийн ажлын байранд дайран орж, албан хаагчдыг хэл амаар доромжлон зүй бус харьцаж, шаардлага биелүүлэхээс татгалзан эсэргүүцэл үзүүлсэн байна.
Хот хоорондын тээвэрлэлт эрхлэгч “Арвин шар зам” хоршооны 4100 ОРА улсын дугаартай такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолооч 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Хөшөөтийн даваа, Их хөшөөт орчимд жолоочийн буруутай үйлдлээс зам тээврийн ноцтой осол гарган 2 зорчигчийн биед хүнд гэмтэл учруулсан байдаг. Мөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус хоршооны 2892 ОРО улсын дугаартай такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолооч GPS-ийн төхөөрөмжөө салган мэдээлэл дамжуулалтыг тасалж, гэрээнд заагдсан хөдөлгөөний цагийн хуваарийг зөрчиж, тасалбаргүйгээр буюу хууль бусаар 3 том хүн 1 хүүхэд тээвэрлэх явцдаа зам, тээврийн осолд холбогдсон зэрэг зөрчлүүдийг гаргажээ. Түүнчлэн хоршоонд бүртгэлтэй 53 тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн тохиолдол өмнөх оныхоос 428-аар нэмэгдсэн байна.
Гэрээний үүргийн хэрэгжилтэд анхаарах хууль ёсны шаардлагыг зориудаар мушгин гуйвуулж, жолооч нараа турхиран эсэргүүцэл зарлаж буй нь олон мянган зорчигчдын амь нас, аюулгүй байдлыг үл тоож байгаа үйлдэл боллоо.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.