Элэгний С вирусыг олж нээсэн Харви Ж. Алтер, Майкл Хоутон, Чарлес М. Райс нарт Анагаах ухааны Нобелийн шагнал гардуулжээ. Нобелийн Ассемблей Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Эдгээр гурван эрдэмтний хийсэн нээлтийн үр дүн шинэ буюу С вирусыг нээж, мөн дэлхийн эрүүл мэндийн том асуудал болох элэгний хорт хавдар үүсгэдэг цусаар дамждаг гепатитын эсрэг тэмцэлд маш том хувь нэмэр оруулсан” гэжээ.
Дэлхийн дахинд 71 сая орчим хүн С вирусын архаг халдвартай бөгөөд тэдгээр хүмүүс элэгний хатууралтай болох, хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй гэж ДЭМБ-аас мэдээлжээ.
Элэгний С вирусын улмаас одоогийн коронавирусын тахалтай дүйцэх тооны хүмүүс нас барсан гэж Лондоны Эзэн хааны нэрэмжит Их сургуулийн профессор Гилберт Томсон хэлжээ. Энэ нээлтийн үр дүнд элэгний С вирусыг түүхэнд анх удаа эмчлэх боломжтой болж байгаа бөгөөд тэд уг вирусийн шалтгааныг олж, олон сая хүний амь аврах эмийг гарган авчээ.
Нобелийн шагналын нэг хэсэг нь 10 сая Швед кронор буюу нэг сая ам.доллар аж.
Элэгний С вирусийн ийм том нээлтийг одоо л хийж байгааг онцолж нээлтийг эм зүйн салбарт “Үнсгэлжингийн түүх” хэмээн нэрлэх болжээ. АНУ-д 1960-аад онд сэлбэх цус хандивлаж байсан хүмүүсийн нэлээд хэсэг нь нууцлаг халдварт өвчнөөс архаг гепатит өвчнөөр өвчилсөн байсанд эрүүл мэндийн салбар гацаанд орж байжээ. Бетесда дахь Үндэсний Эрүүл Мэндийн хүрээлэнгийн эрдэмтэн Алтер эдгээр гепатит өвчинтэй өвчтөнүүдийн цусыг шимпанзед сэлбэхэд шимпанзед халдвар дамжиж байгааг нотолжээ. Нууцлаг өвчнийг “А, В биш” (non-A, non-B) гепатит гэж нэрлэсэн байна. Одоо Канадын Албертагийн Их сургуульд ажиллаж буй Британийн эрдэмтэн Хоутон 1980-аад онд Кирон корпорацид ажиллаж байхдаа гепатит С гэж нэрлэгдэх шинэ вирусийн генетик дарааллыг тусгаарлах зорилгоор туршигдаагүй арга хэрэглэж байжээ. Харин Райсын хувьд энэхүү нээлтийн гол зангилааг тайлсан гэж хэлж болох ба тэрээр С вирус нь дангаараа гепатит вирус үүсгэж болно гэх хамгийн том таамгийг баталсан хүн юм.
Одоогоор С вирусаас үүдэн жилд 400 мянган хүн нас бардаг аж. Тэр дундаа АНУ-д уг вирус ихэвчлэн тариураар халддаг байна.
Эх сурвалж: CNN.COM