Нийгэм
Эрдэнэс Тавантолгойн хувьцааны 30 хувьд IPO гаргах асуудалд чиглэл өгчээ
Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Монгол ХХК-д шууд хамаарах зарим асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсад арилжаалахтай холбогдуулан хийж байгаа бэлтгэл ажлын талаар Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумьяабазар танилцуулсан байна. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал байна. Иймээс санхүү, хууль, техник болон бусад нарийвчилсан үнэлгээний зөвлөх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх ур чадвартай хуулийн этгээдийг яаралтай сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзлээ. “Нарийн сухайтын төмөр зам” компанитай хамтарсан төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Шивээхүрэн төмөр зам” компани байгуулж, тус компанийн нийт хувьцааны төрд ногдох 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” компанид эзэмшүүлэхээр болов. Боомтын зориулалттай 13 км төмөр замын суурь бүтцийг ажлыг III улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлэлцсэн асуудлуудаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын төмөр замын барилгын ажлыг 2019 онд багтаан ашиглалтад оруулах чиглэлээр салбар салбарын сайд нарт үүрэг даалгавар өгсөн. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор тээврийн зардал 3-4 дахин буурч, нүүрсний экспортын зах зээл өргөжин төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ 800 тэрбум төгрөг хүртэл өсөх, экспортын хэмжээ 3-4 дахин нэмэгдэх тооцоолол гарсан” гэлээ. Цаашид “Тавантолгойн 30 хувьд IPO гаргах асуудалд гаднын мэргэжлийн зөвлөх компанитай хамтарч ажиллах чиглэл өгсөн” гэв. Түүнчлэн ” ‘Өмнийн говь’ эрчим хүчний төслийн хүрээнд ‘Оюутолгой’ компани үйлдвэрлэлийн цахилгааны хангамжаа дотоодоос авах тухай яриа хэлэлцээр явагдаж байна. Монголын талаас цахилгаан станцыг Тавантолгой дээр байршуулах ёстой гэдэг байр суурийг ЗГХЭГ илэрхийлсэн” гэлээ.
Мөн хуралдаанаар “Багануурын 700 МВт-ын цахилгаан станц” төслийн хэрэгжилтийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, цаашид хэрэгжүүлэх эсэх талаар чиглэл авахаар шийдвэрлэжээ.
Боловсруулсан: С.Хүрэл
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.