Нийгэм
“Цагаан хад”суурьшлын бүсэд эрүүл мэндийн үзлэг хийж эхэллээ
Манай улсын нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд зөвшөөрөлтэй 161 аж ахуйн нэгжийн 13079 тээврийн хэрэгсэл 24 цагаар нүүрс тээвэрлэлт хийж байна. Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн албан хаагчид болон жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах талаар шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК болон холбогдох яамдад үүрэг болгосон.
Энэ дагуу “Эрдэнэс Монгол” компани Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Автотээврийн үндэсний төв болон “Гашуун Сухайт Авто Зам” компанитай хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дахь “Цагаан хад” суурьшлын бүсэд амьдарч буй иргэд, албан хаагчид болон тээврийн жолооч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үнэ төлбөргүй үзлэгийг энэ сарын 16-нд эхлүүллээ.
Энэхүү үзлэг нь долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд үзлэгийг УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран хийж, шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж, эм, холбогдох тусламжийн материалуудыг олгож байна. Мөн энэ хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар Ханбогд, Цогтцэций сумын иргэд болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэрлэлт хийж буй жолооч нарт дуудлагаар яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Үзлэгийн хүрээнд дотор, зүрх судас, зүрхний цахилгаан бичлэг, мэс засал, мэдрэл, нүд, чих хамар хоолой, эрүү нүүрсний мэс засал, халдварт өвчин судлал, сүрьеэ, рентген оношилгоо, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд, шүд эрүү нүүр, сэтгэл засал болон хооллолт, орчны эрүүл мэндийн зөвлөгөөг өгөх аж. Мөн лабораторийн шинжилгээг газар дээр нь хийж байгаа бөгөөд энэ хүрээнд цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ болон биохимийн шинжилгээг хийж байна. “Цагаан хад” суурьшлын бүсэд зохион байгуулж буй эрүүл мэндийн үзлэг оношилгооны зардлыг “Эрдэнэс Монгол” компани бүрэн хариуцаж байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Ар гэрээсээ амьдралын эрхэнд хол байгаа жолооч нар маань их баярлаж байна. Хүнд хүчир хөдөлмөр эрхэлж улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа жолооч нар энэхүү үзлэг оношилгоонд идэвхтэй оролцох хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд тээвэрлэлт хийж буй жолооч нар болон энэхүү суурьшлын бүсэд ажиллаж, амьдарч буй иргэдэд зориулан үйлчилгээний цогцолбор байгуулахаар ажиллаж байгаа. Уг цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төв бий болно” хэмээв.
Мөн энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар, үйлчилгээ болон бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж буй Гашуунсухайт авто замын 228 дахь километрт 2600 автомашины зогсоол, эмнэлэг, цагдаагийн байр, 300 хүний багтаамж бүхий хоолны газар, 200 хүний үзвэрийн танхим бүхий “Тайван цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Жолооч нарын аюулгүй байх үндсэн нөхцөл нь тав тухтай, тохилог орчноор үйлчлүүлэх явдал гэж үзэж, цогцолборыг ашиглалтад оруулахаар шуурхай ажиллаж буйг Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд тээвэрлэлт хийж буй жолооч нар төрийн үйлчилгээг авах боломжтой болох юм. Үүнээс гадна Гашуунсухайт авто замын хоёр дахь километрт 1000 машины зогсоол бүхий цогцолбор байгуулахаар ажиллаж байна. Дээрх цогцолборууд 2019 оны эхний улирлаас эхлэн шат дараатайгаар ашиглалтад орох юм.
“Эрдэнэс Монгол” ХХК ирэх онд замд үүссэн эвдрэл гэмтлийг дэвшилтэт технологи ашиглан жилийн дөрвөн улиралд цаг алдалгүй шуурхай засварлах, зам дагуу түр зогсоолуудыг нэмж барих, эвдэрч осолдсон автомашин, жолоочид тусламж үзүүлэх зорилго бүхий явуулын засварын үйлчилгээ бий болгохоор ажиллаж байна. Мөн 2019 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, жолооч, ажилчдын эрүүл мэнд, ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллахаар төлөвлөсөн.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиг үүргийн дагуу тээвэрлэлт хийж буй жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлж, зам тээврийн осол зөрчлийг бууруулах чиглэлд “Эрдэнэс Монгол” компани тодорхой арга хэмжээ авч, жолоочийн амь нас, эрүүл мэнд болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажиллаж байна.
Боловсруулсан: Б.Даваатогтох
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
-
Бусад22 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм4 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Нийгэм4 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр4 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ