Нийгэм
“Вансэмбэрүү” үзэсгэлэн гурав дахь жилдээ олны хүртээл болно
УИХ-ын гишүүн А.Ундраа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар хамтран баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, экспортыг дэмжих зорилгоор “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэн худалдаа, экспо нь оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудаас шилдэг бүтээл шалгаруулж, гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах аяллын онцгой эрхээр урамшуулж олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулж харилцаа холбоогоо өргөжүүлэх боломж олгодгоороо онцлог юм.
Энэ жилийн арга хэмжээ арваннэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд шилдэг бүтээлийн эзнийг АНУ-д туршлага судлах аяллын эрхээр урамшуулах ажээ.
Танд сонордуулахад, 2016 онд зохион байгуулсан анхны үзэсгэлэнгийн “Шинэ санаа, шилдэг бүтээл”-ийн уралдааны ялагч “Хас гутал” ХХК-ийн захирал М.Золзаяа, “Эм Ар Эс Би” ХХК-ийн санхүүгийн албаны дарга Д.Цэрэндулам нар Итали Улсын Милан хотод болсон томоохон арьс, арьсан бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн яармагт амжилттай оролцоод ирсэн юм.
Оролцогчдын тоо хоёр дахин нэмэгдсэн хоёр дахь удаагийн үзэсгэлэнд органик арьс арчилгааны бүтээгдэхүүнээрээ шалгарсан “Spirit of Nature” ХХК-ийн захирал Н.Тунгалаг энэ оны 6 дугаар сард Япон Улсын Токио хотноо болсон Монгол-Японы бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцон туршлага судалсан байна. Мөн нийт оролцогч компаниудаа Төрийн ордонд урьж экспорттой холбоотой мэдээ мэдээллээр ханган, сургалт зохион байгуулсан.
Баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч та бүхний өмнө үргэлж нээлттэй байдаг “Вансэмбэрүү” үзэсгэлэнд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг 2018 оны аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 08-ны өдөр хүртэл www.vansemberuu-expo.mn хаягаар бүртгэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88098251, 90809886 болон www.vansemberuu-expo.mn болон www.facebook.com/vansemberuuexpo-оос авах боломжтой.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.