Улс төр
“Атаман” Б.Галсансүх

Ч.ҮЛ-ОЛДОХ
Бүгд л бурханд мөргөж, шүтдэг атал “Болор цом”-ын тайзнаас “Бурхан битгий хуц” гэсэн нөхрийг “атаман” гэхээс яахав. Тэр шүлгээрээ 2006 оны “Болор цом”-ыг авсан ч “Тэрслүү байх гээд ядчихсан…” зэрэг шүүмжлэл хэсэгтээ л өрнөсөн. Харин Ардын уран зохиолч П.Бадарч “Бурхан битгий хуц гэж байгаа хүнийг яруу найрагч гэхгүй яах юм бэ” гэж өмөөрч билээ. “Болор цом”-ын эзэн болох хүртэлх замд тэр айраг, аман хүзүүнд багтаж байв. 2005 онд яруу найрагч Ж.Мөнхбаттай үзүүр, түрүүнд үлдэж байлаа. Бас “Болор цом шиг хэрэггүй юм алга гэсэн ярилцлага өгч шүүмжилж явсан ч удаатай. Гэхдээ цаг үе, нийгэм, улс төрийн нөхцөл байдал, монгол хэл цаашид байх уу, үгүй юу гэдэг асуудалд сэтгэл зовниж “Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ” гэж шүлэглэсэн нь бий. Мөн “Болор цом шиг наадам зайлшгүй хэрэгтэй, байх ёстой. Монгол хэл оршин тогтноход, ялангуяа өнөөдөр шиг шүлэг, зохиол уншихаа байсан цагт хэрэгтэй” гэсэн эргэцүүлэл нийтлэлээрээ нийгэмдээ дохио өгч байв.
“Муур хочит, муухай аашт, сайхан зант…”
Анх түүний “Муур”, “Муурын гийнаан”, “Миний Өндөрхаан-Миний Шарльвиль” тэргүүтэн шүлгүүд нь “Ил товчоо” сонины “Болор эрхи” буланд хэвлэгдэхэд хөрш зэргэлдээ Баруун-Уртад амьдарч агсан хүүхдийн нэрт зохиолч Н.Доржцэрэн “Өндөрхааны энэ хүү хол явж, овоо юм дуулганаа” хэмээсэн гэдэг. Өвгөн зохиолчийн үг удалгүй батлагдаж Б.Галсансүх 1990-ээд оны Монголын яруу найрагт хаалга тогшиж бус цонхоор үсэрч орж ирээд “Модернист командлагч” болчихсон.
Муурын тухай шүлэг түүний уран бүтээлд нэгээр тогтохгүй. Үл ойлгогдом, утга нь яг муурын нүд шиг нэг тийм хялбар тайлагдамгүй. Дээр нь тэр өөрөө хүзүүндээ өргөн гинж зүүн, үсээ хусуулж, савхин хүрмээр гангарч явдаг этгээд нөхөр. Шүлгээс нь болсон уу, эсвэл яагаад ч юм бэ түүнийг урд насандаа “муур” байсан байх гэх шооч бодол хэн хүнд төрдөг байж мэднэ. Харин өөрөө “Та дандаа шахуу муурны тухай шүлэглэх юм. Арай урд насандаа муур байсан юм биш биз” гэсэн сониуч асуултад “Магадгүй ээ. Гэхдээ би урд насанд юу байснаа, хойд насанд юу болж төрөхөө мэдэхгүй” гэсэн нь бий. Гэвч өөрийн тухай “Би…” шүлэгт нь
“Би… буриад, хүү, эцэг, ах, гон бие
Бас яруу найрагч, тамхичин, сэтгүүлч
Муур хочит, муухай аашт, сайхан зант
Үүд тогшигч, үрэлгэн загнагч, үүрээр унтагч
Үүл шохоорхогч, үсээ засуулагч, өмд худалдан авагч…гэсэн мөрүүд бий.
Энэ шүлэг цааш,
“Би…мөрөөдөгч, азгүй нууц амраг, анархист,
Мөнгөнд дурлагч, уншигч, тэнүүлчин
Даарамтгай ч халуунд дургүй, юм угаах дуртай
Гэнэтхэн гуниглагч, хуурамч даруу загнагч, салхинд зугаалагч
Хөгжим сонсогч, худлаа яригч, ханиад хүрэгч
Харандаа үзүүрлэгч, өрөө хөлслөгч, өрөнд баригдагч
Явган зорчигч, яриасагч чалчаа биш
Яаруу адгуу ч хойрго бус хааяа найрлагч
Шашингүй үзэлтэн ч шинжлэх ухаан ч биш панк
Шуугиан таригч, чимээгүй амьдрагч, сар шүтэгч.
Шинэчлэлийг гүйцэтгэг ч уламжлалыг судлагч мөн идеалист
Шөнө зүүдлэгч, чихэр идэгч, сахлаа хусагч….” хэмээн үргэлжилдэг юм. Өөрөөс нь өөр хэн ч түүнийг ингэж тодорхойлж чадахгүй.
Тэр бусдаас ийм өөр, хамгаас содон ч уулзаад ярилцахад энгийн. Мэдээж тийм ч нээлттэй хүн бас биш л дээ. Тиймээс өнөө хүртэл хэн ч түүний хувийн амьдралын талаар энд тэндээс уншиж, ам дамжуулан ярьж байсангүй. Өөрөөр хэлбэл, шүлгүүд нь “хит” болсон ч тэр оньсого шиг амьдарч ирэв.
Яруу найрагч бол гээд хөлийнх нь шөрмөс татчихжээ
Б.Галсансүх анхны шүлгээ 10 настайдаа бичжээ. Дунд сургуулийн хоёрдугаар ангийн хүү хөдөө гэрийнхээ гадаа юм оёж шидэж суугаа ижийнхээ дэргэд хэвтээд наран сөрөг саравчилж ахуйд нь ер бусын алтан зөгийнүүд нисэлдэж, ялаа хүртэл үлгэр ярих мэт дүнгэнэлдэх мэт ер бусын санагдаж үзэг, цаас шүүрч авсан нь тэр. Гэхдээ тэр заавал яруу найрагч л болох ёстой нэгэн байж. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, мань эр бүжигчин болох гээд “Хан Хэнтий” чуулгын бүжгийн дугуйланд явтал хөлийнх нь шөрмөс татаад больжээ. Тэгэнгүүт “Хөгжимчин болдог хэрэг” гээд морин хийлийн ангид шалгуултал “сонсголгүй” гээд авсангүй. Зураач болохоор шийдэж сансрын нисгэгч Ж.Гүррагчаа баатраас сэдэвлэн зурсан зургаа “Пионерийн үнэн” сонины гар зургийн уралдаанд явуулахаар харж суутал өөрт нь нэг л таалагдсангүй. Ингээд усан будгаар гараа гаргаж зурсан зургаа пийшиндээ хийгээд шатаачихаж. Нэг өдөр “Пионерийн үнэн” сонины шинэ дугаараас яруу найргийн уралдааны зарласныг уншаад бичсэн шүлгүүдээ явуултал хариу ирсэнгүй тул тэгсхийгээд мартав. Гуравдугаар ангид орсон намар гэрийн хаяанд гудас хаяад эмээтэйгээ цуг хэвтэж байтал ах нь “Утга зохиол урлаг” сонинд талх боочихсон өдрийн цайндаа ирж таарчээ. Сонинг нь аваад гарчиглаж суутал нэг буланд нь уралдааны дүн гарлаа гэсэн мэдээн дотор “Хэнтий аймгийн II найман жилийн сургуулийн 2 А ангийн сурагч Б.Галсансүх “Сансарт хүрсэн найрамдал” шүлгээр гуравдугаар байрт оров” гэсэн байх нь тэр. Баярлаад гэрээ тойрон баахан гүйж, ингээд маргаашаас нь үзэг дэвтэр бэлдэж аваад шүлэг бичдэг хүн болохоор шийджээ. Намар оройхон хотоос шүлгийн уралдааны шагналд зургийн дэвтэр, хичээлийн хэрэгсэл ирснийг хичээлийн эрхлэгч,багш нар олон хүүхдүүдийн өмнө гардуулан өгсөн нь бүр ч урам нэмэв. Ингээд уран зохиолд шимтэн дурлаж, Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн”, “Манан будан”-г уншиж, шүлэг тэрлээд гүйж явтал Ломбын Нямаа багш нь хичээлийн эрхлэгчээр томилогдоод ирж. Багш, шавь бололцсоны дараа багш нь тэмдэглэлийн дэвтэр өгч өдөрт таван шүлэг бичээд шалгуулж байхыг даалгав. Ийнхүү явсаар долдугаар ангид орсон жил Л.Нямаа багш нь “Одоо багшийнх нь чамд заах юм дууссан. Чамайг хоёр хүнд шавь оруулна. Чи хэнд нь шавь орохоо өөрөө мэд. Нэг нь Нямбуугийн Нямдорж гэж манай Хэнтийн уугуул, Р.Чойномын найз, яруу найрагч хүн, одоо “Эрдэнэт”-д манаач хийж байгаа. Нөгөө нь Д.Пүрэвдорж гэж мундаг яруу найрагч бий. Хоёр хоногийн дараа ирээд хэнд нь шавь орохоо хэлээрэй гэжээ. Хоёр хоног бодсоны эцэст “Н.Нямдорж гуайд шавь оръё” гэхэд нь “Миний хүү боломжтой бол Эрдэнэт рүү явж уулз” гэснээр Л.Нямаа багшаараа захиа бичүүлж аваад гараад шидчихэж. Үүнээс хойш зуны амралт болгоноор “Эрдэнэт” рүү очиж, Н.Нямдорж багштайгаа хамт манаанд гарч, шүлэг бичиж суудаг болжээ. Н.Нямдорж багш нь Л.Нямаа багшаас нь өөр арга барилтай. Өдөрт таван шүлэг бичихийг үүрэгдэхгүй, хоёрыг л бичүүлдэг. Харин тэрийгээ 20-30 удаа хуулж бич, ингэхдээ өөрт таалагдахгүй нэг үгээ заавал засч бич гэнэ. Ийм школоор аравдугаар анги төгстлөө явсан Б.Галсансүх хавар нь Гадаад хэлний дээд сургуулийн орос, герман хэлний ангид шалгалт өгч тэнцжээ. Түүний дараа аймгийн даргын охин оноогоор жагссан байна. Гэтэл “Энэ нөхөр хөдөлгөөнтэй, ер нь их сахилгагүй. Ц.Элбэгдорж нарын ардчилсан хөдөлгөөний жагсаал хотод болоход Хан-Хэнтий чуулгын солгой Н.Төмөрхуяг нартай хамт явж оролцсон. Аймагт болсон ардчиллын жагсаалын хамгийн эхэнд гүйж явсан. Ийм хүүхдэд дээд сургуулийн хуваарь өгч болохгүй, хармааны оноог нь харна” гэхчлэн шалтаг гаргаад сургуульгүй үлдээчихэв. Гэртээ иртэл ах нь “За яахав, аймгийн уурын зууханд галч хий, эсвэл цэрэгт яв. Тэгээд дараа жилээс конкурс өг” гэсээр угтжээ. Өөрийн тухай яруу найрагч Б.Одгэрэл найздаа захидал бичтэл “Гадаад хэлний дээд сургууль руу очиж уулзлаа. Жилийн төлбөр нь гурван мянга , оюутны байрны жилийн төлбөр нь 140 төгрөг юм байна” гэсэн хариу ирүүлэв. Тухайн үед ээж нь олон таван юм ярилгүй хадгаламжиндаа байсан мөнгөн дээр сарын цалингаа авч өгөөд хүүгээ хот руу үджээ.
Дөрвөн хүүхэд, таван номтой
Б.Галсансүх сургуульдаа орсон ч дараа жил нь сургалтын төлбөргүйн улмаас Ү.Хүрэлбаатарын эрхлэн гаргаж байсан “Улаанбаатар” сонинд идэвхтэн бичигчээр орж, удалгүй сурвалжлагч, хэлтсийн даргаар дэвшив. 19 настайдаа Монголын анхны офсет хэвлэл, дэргэдээ гаалийн газрын харъяа “Алтан босго”, ЦЕГ-ын дэргэдэх “Нүгэл буян” зэрэг дагуул сонинтой Улаанбаатар сонины орлогч эрхлэгч болжээ. Сургуулиа тэр чигт нь хаян цэрэгт явж, хүндэт харуулын 032 дугаар ангид алба хааж ирээд төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сурвалжлагчаар орж, дууны шүлгийн нэрт мастер З.Түмэнжаргалын удирдлагад яруу найрагч Н.Билгүүн, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Ц.Хулан, Х.Тэргэл, А.Эрдэнэ-Очир, н.Сарантуяа, Эмүжин нарын хамт ажиллажээ. Ийнхүү сэтгүүлзүйн гал тогоонд “чанагдсан” тэрээр 1995 оноос “Ноцтой мэдээ” сонинг эрхлэн гаргаж өнөө хүртэл 20 гаруй жил авч яваа юм. Өнөөдөр телевиз, цахим сайт, сошиал орчин гэхчлэн үнэгүй мэдээлэл цацдаг суваг олширч, цаасан хэвлэл уналтад орсноор “Сэрүүлэг”, “Хүмүүс” зэрэг 20-30 мянган хувь борлуулагддаг байсан хувийн сонингууд үүдээ барьсан бол тэрээр “Ноцтой мэдээ” сониноо тасралтгүй гаргасаар яваа сүүлчийн “Могикан”. Цаашид ч хүмүүс цаасан хэвлэл уншихаа болихгүй. Яагаад гэвэл гарт үлдэх баримт шүү дээ. Харин түүнийг гаргаж буй бид мэт нь байгаадаа ханачихаад шинэ зүйл эрэлхийлэхгүй байж магадгүй гэж тэр ярьж байна.
Нөгөө талаас “Ноцтой мэдээ” сонин түүний гэр бүлийн компани. Сониноо гаргаж талхны мөнгөө олж яваа, цаас үзэгтэй нөхөрлөсөн жирийн уран бүтээлчид. Б.Галсансүхийн нэг зарчим нь гэр бүлийнхээ тухай олон нийтэд ярьдаггүй. Зураг, хөргөө ч дэлгээд байдаггүй. “Би ийм зүйлд дургүй. Надаас битгий тийм зүйл шаардаарай” гэж тэр хэнд ч шуудхан хэлчихдэг. Нэгэнт тийм хойно хэн ч шахаж шалгаагаад байх вэ.
Б.Галсансүх бол Монголын яруу найргийг хөгжимтэй зүйрлэвээс сондгой эгшиг, бидний доторх этгээд дүр, өөрийнх нь шүлгэлсэнчлэн … “…Буриад, хүү, эцэг, ах /одоо өрхийн тэргүүн, дөрвөн хүүхдийн аав/
Бас яруу найрагч, тамхичин, сэтгүүлч
Муур хочит, муухай аашт, сайхан зант”
Үүд тогшигч, үрэлгэн загнагч, үүрээр унтагч”, үүн дээр нэмээд “Модернист командлагч”, “Болор цом”-ын эзэн билээ. Найрагчийн гэргий Архангай нутгийн бүсгүй. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг герман хэлний орчуулагч мэргэжлээр төгсч “Ноцтой мэдээ” сонины нэг гол багана болж сэтгүүлзүйн салбарт ажиллаж ирсэн. Өдгөө Б.Галсансүх дөрвөн хүүхэдтэй, таван номтой. “Хүн судлал”, “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн”, “Постмодерн дөрвөн улирал”, “Сэтгэл гэдэг эрхтэн”, “Бурханд хэлэх зөвлөгөө” номоо уншигчдад хүргэсэн. Анхны номынхоо эхийг яруу найрагч С.Анударийн “4 биш 4”-ийн хамт хоёр талаасаа уншдаг нэг ном болгож гаргахаар тухайн үеийн “Цоморлиг” гэдэг хэвлэлийн жижиг үйлдвэрт өгөөд мөнгийг нь төлж чадаагүй тул тэгсхийгээд орхигдсон байдаг. Чухал эрхтэнийхээ урд архины шил барьсан нүцгэн зургаараа хавтсыг нь чимж шуугиан тарьж байсан “Хүн судлал” анхны номыг нь тухайн үед Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, зохиолч, яруу найрагч Д.Төрбат МЗЭ-ийн “Зөн” цувралд оруулан хэвлүүлж байсан түүхтэй.
Б.Галсансүхийн хувьд анх аравдугаар ангийн хүү ардчилсан хөдөлгөөнийг дэмжиж явсан ч 1996 онд МАХН-д гишүүнээр элссэн байдаг. Тус нам нэрнээсээ “Х” үсгийг авч хаяхад “нам хэрэггүй юм байна” гээд гарсан. Үүнийгээ “Би хувьсгалд дуртай учраас” хэмээн тайлбарласан. Түүнээс хойш “Хөх Монгол” бүлгэмдээ үнэнч үлдэж, Хонхэрээдийн Б.Энхбатын хамт хүчин зүтгэж байгаа. Уран бүтээлийн тухайд өдөр болгон шүлэг бичихийг боломжгүй гэж үздэг. Яг түүн шиг байнга ном хэвлүүлж гаргах нь ч боломжгүй хэмээдэг. “Бурханд хэлэх зөвлөгөө” номоо хэвлүүлснээс хойш шинэ ном гаргаагүй. Удахгүй шинэ бүтээлээр уншигчидтайгаа уулзах биз ээ. Түүнийг хамтдаа хүлээе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм17 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм19 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм18 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр18 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна