Улс төр
Гурван яам АНХ УДАА нэгдсэн бодлого зохицуулалттайгаар ГАДААД сурталчилгаанд анхаарч ажиллахаар боллоо

Монголыг дэлхий дахинаа таниулан сурталчлах ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яам хамтран хийхээр болж, бодлого үйл ажиллагаагаа нэгтгэн амралтын энэ өдөр гурван сайд холбогдох албан тушаалтнуудын хамтаар уулзалт зохион байгууллаа.
Монгол улсын Засгийн газраас Монголын гадаад нэр хүндийг өсгөх, эх орноо таниулан сурталчлах, энэ хүрээнд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэх зорилт дэвшүүлсэн. Монгол Улсыг гадаадад сурталчлах томоохон ажлыг нэгдсэн имиджтэй болох нэгдсэн бодлого чиглэлээр сурталчлах тухай чухал ажил хэрэгч уулзалт зохион байгуулсан нь удахгүй үр дүнгээ өгнө. Азийн цээжинд орших Монгол Улсыг дэлхий дахинд Чингис хаанаар гадарлах биш түүх, соёлоо илүү таниулан сурталчлах нь зүйтэй хэмээн үзэж байгаа нь энэ юм.
Жил бүр холбогдох яамдууд гадаадын олон оронд Монгол Улсаа сурталчилсан үзэсгэлэн, уулзалт арга хэмжээ зохион байгуулдаг ч нэгдсэн бодлогоор өнөөдрийнх шиг хандаж байсан удаагүй. Нөгөөтэйгүүр, 5 сарын 1-нд хилээ нээж, 7 сард хөшигийн хөндийн үйл ажиллагааг нээнэ. Тиймээс БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Соёлын яам цаашид тусгаар Монгол Улс, бусдаас ялгарах, нэгдсэн сурталчилгааны богино, дунд урт хугацааны стратeги төлөвлөгөөтэй ажиллахаар боллоо.
Уулзалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Цаашид бид цахим технологи, нийгмийн сүлжээ, хиймэл оюун ухааны давуу талыг ашиглаж, зөв, үр дүнтэй сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаануудыг нэгдсэн бодлоготойгоор хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Монгол Улсын аялал жуулчлалын хувьд нүүдлийн аж ахуй, уламжлалт соёл, түүх нь олон улсын зах зээлд өрсөлдөх гол ялгарал, давуу талыг бий болгодог. Энэ ч утгаараа Монгол наадмыг үзэх гэж жил бүрийн 7 дугаар сард 100 гаруй мянган жуулчид Монгол Улсад аялдаг, мөн нүүдлийн соёл, ахуйг сурталчлах, өвлүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгждүүлэх чиглэлээр Бүргэдийн баяр, Түмэн тэмээний баяр, эсгийн баяр зэрэг 40 гаруй арга хэмжээг манай яамнаас зохион байгуулж байна. Цаашид эдгээр арга хэмжээний менежтентийг сайжруулах, цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр Соёлын яамтай нягт хамтран ажиллах саналтай байна. Өнөөдрийн хурал бидний нэг ойлголттой, нэг зорилготой хамтын ажиллагааг бий болгоход чухал үр дүнг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох зорилт тавьж, энэ хүрээнд 200 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр болов. Энэ хүрээнд БОАЖЯ-наас тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжиж тухайн аймгийн дэд бүтцийг сайжруулах, нутгийн иргэдийг чадвахжуулах зэрэг аялал жуулачлалын урсгалыг татах томоохон бүтээн байгуулалтыг хийхээс гадна аялал жуучлалын сургалтын төв байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд анх удаа 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын салбартаа хийж байна.
Түүнчлэн БОАЖЯ-наас Аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, бизнесүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд олон улсын хэмжээний урлаг, соёл, спорт, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг жуулчны идэвхгүй улирал буюу жил бүрийн 9 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Гадаад сурталчилгааны цахим платформ, шинэлэг контент баяжуулалтын ажлыг хийх, мэдээллийн төвийг ажлуулах, соёл, түүхийн хөтөч бэлтгэх, нэгдсэн гарын авлага боловсруулах гарц шийдэлийг эрэлхийлсэн олон ажил төлөвлөсөн маш ач холбогдолтой уулзалт боллоо.

Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

-
Энтертайнмент7 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг11 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм11 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм9 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм11 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ