Нийгэм
БОАЖ-ЫН САЙД Н.УРТНАСАН – 30 ХОНОГТ
Аялал жуулчлалын салбарыг анхаарлынхаа төвд авлаа
Дэлхий нийтэд COVID19 цар тахлын нөлөөнд хамгийн их автаж, алдагдалд орсон салбар бол аялал жуулчлал. Монгол Улсын хувьд ч энэхүү хямралыг тойрч гарсангүй, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний компаниуд бүхлээрээ хүнд байдалд ороод буй учир Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг салбарыг нэн тэргүүнд анхаарч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар аялал жуулчлалын салбарын төлөөллүүдээ сонсох, гарц шийдэл хэлэлцэх томоохон уулзалтыг 3 удаа зохион байгууллаа.
Үүний үр дүнд яаралтай шийдүүлэх 17 асуудлыг тодорхойлж, богино хугацаанд Засгийн газрын түвшинд шийдүүлж чадлаа. Тухайлбал, жил гаруй хугацаанд хаалттай байсан агаарын хилээ нээж, жуулчдыг хүлээн авахаар болж байна. Мөн Хөшигтийн хөндийн нисэх буудлын үйл ажиллагааг товлосон хугацаанд нээх үүрэг чиглэл өглөө.
Монгол Улсыг гадаадад сурталчлахад 3 яам бодлогоо зангидаж ажиллана
Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого өнөөдрийг хүртэл нэгдсэн бодлого зохицуулалтгүй явж ирснийг шинэ Засгийн газрын 3 яам хамтарч стратеги боловсруулан, нэгдсэн байдлаар бодлогоо зангидаж ажиллахаар боллоо. Өөрөөр хэлбэр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яам өөрсдийн чиглэлийн дагуу гадаад сурталчилгаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэхэд уялдаа холбоогоо сайжруулж ажиллах юм.
Салбарын гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлж, Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг нэмэгдүүлнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ажлаа авсан даруйдаа НҮБ, Дэлхийн банк, Германы Сэргээн босголтын зээлтийн банк зэрэг Олон улсын томоохон байгууллагуудын төлөөллүүд болон Унгар, Япон улсын элчин сайдуудтай уулзаж, өнөөдрийг хүртэл явж ирсэн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах, Монгол орны унаган байгалийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, үр дүнг сайжруулахад хамтран ажиллахаар боллоо.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтарч Ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжилд засаг захиргааны нэгжийн зохин байгуулалт, орон нутгийн иргэдийн оролцоо чухал үүрэгтэй байдаг. Тиймээс салбарын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд салбарын сайд 2021 онд нийслэл болон орон нутгийн Засаг дарга нартай гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр орон даяар мод тарих хөдөлгөөнийг идэвхжүүлж, иргэн бүрийг оролцоог хангах, урамшууллын хөшүүргийг бий болгоход аймаг, сумдын удирдлагуудтай хамтарч ажиллах юм.
“Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Н.Уртнасан Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзан, байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, эвдэрч сүйдсэн газар нутгийг унаган төрхөнд нь оруулах “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.