Дэлхий дахинд
Nissan Motor-ын захирлуудын зөвлөлийн дарга өөрийгөө буруугүй гэлээ
Авто машин үйлдвэрлэлийн хамгийн нэртэй менежер Nissan корпорацийн захирлуудын зөвлөлийн дарга асан Карлос Гон Токиогийн шүүхэд сонсгол хийх үеэр өөрийг нь санхүүгийн гэмт хэрэгт буруутган, удаан хугацаагаар хорьж байгаа нь үндэслэлгүй гэж мэдэгдсэн байна. Энэ мэдээллийг шүүхийн танхимаас Kyodo агентлагийн сурвалжлагч дамжуулжээ.
Гоныг бараг 50 хоногийн өмнө арваннэгдүгээр сарын 19-нд баривчилсан юм. Эхлээд түүнийг орлогоо нуусан гэж буруутгасан бол дараа нь өөр хэрэг тохсон. Мөрдөн байццалтын явцад 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үед Гон өөрийн хувийн хөрөнгийн алдагдлыг компанидаа нялзааж байсан гэсэн байна. Гоныг баривчилснаас гурав хоногийн дараа Nissan Motor түүнийг захирлуудын зөвлөлийн даргаас чөлөөлсөн байна. Энэ үед компанийн хувьцааны үнэ өнгөрсөн 2,5 жилд байгаагүй доод хэмжээнд хүртлээ унасан юм.
Шүүхийн сонсголын үеэр Карлос Гон бүхий л ажлаа компанидаа зориулж, компанийн үйл ажиллагааг хуулийн дагуу удирдаж байсан гээд өөрийг нь буруутгаж байгааг хууль бус гэсэн байна.