Дэлхий дахинд
ЖО БАЙДЕН:ХЯТАД ДЭЛХИЙН ХҮЧИРХЭГ УЛС БАЙЖ ЧАДАХГҮЙ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден анхны бие даасан хэвлэлийн бага хурлаа пүрэв гарагт хийлээ. Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр тэрээр АНУ дахь “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх, Америк-Мексикийн хил дээрх цагаачдын бөөгнөрөл, нийгмийн чинээлэг хэсгээс авах татварын хэмжээг нэмэгдүүлэх, Япон, Австрали, Энэтхэгийн төрийн тэргүүн нартай хийсэн “QUAD” бүлгийн уулзалтын үр дүн, Солонгосын хойг болон БНХАУ-ыг тойрсон асуудлуудын хүрээнд чухал сэдвүүдийг хөндсөн юм .
Жой Байдены хэвлэлийн хурал нэг цаг гаруй үргэлжилсэн бөгөөд энэ үеэр яригдсан онцлох агуулгуудыг тоймлон хүргэж байна.
Жой Байден эхний 100 хоногтоо иргэдээ 200 сая тун вакцинд хамруулах зорилт дэвшүүллээ
Жой Байден Цагаан ордны тэргүүнээр ажиллах эхний 100 хоногтоо иргэдээ “COVID-19”-ийн эсрэг 100 сая тун вакцинд хамруулах зорилт дэвшүүлсэн. Тэгвэл тэрээр пүрэв гаригт уг зорилтыг хоёр дахин өргөжүүлж эхний 100 хоногтоо 200 сая тун вакцины тарилга хийхээ мэдэгдсэн юм.
Жой Байден энэ талаар “Би Ерөнхийлөгчөөр ажиллах эхний 100 хоногтоо 100 сая тун вакцины тарилга хийх зорилт тавьсан. Тэгвэл бид 58 хоногийн дотор уг зорилгодоо хүрлээ. Дахинд 42 хоног байна. Тиймээс би эхний зорилтыг хоёр дахин нэмэгдүүлж Байдены засаг захиргаа эхний 100 хоногтоо 200 сая тун вакцины тарилга хийх зорилт тавьж байна. Анхны зорилгоо хоёр дахин нэмэгдүүлж байгаа нь хэт өндөр тоо шиг сонсогдож байгаа байх. Гэхдээ өнөөдөр дэлхийн нэг ч улс бидний одоогийн дархлаажуулалтын хүчин чадал, хурданд ядаж ойртож ч чадаагүй байна. Бид үүнийг хийж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэжээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус улс пүрэв гаригийн байдлаар нийт хүн амынхаа 26.3 хувийг “COVID-19”-ийн эсрэг вакцины нэг тунд хамруулсан бол 14 хувийг хоёр тунгаар дархлаажуулаад байна.
Жой Байден Америк-Мексикийн хил дээр үүссэн цагаачдын бөөгнөрлийн асуудалд Доналд Трампыг буруутгав
АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден сүүлийн өдрүүдэд Америк-Мексикийн хил дээрх цагаачдын бөөгнөрлийн асуудлыг нэлээд онцолж, чухалчилж байгаагаа илэрхийлж, цагаачдын хуаранд хэвлэл мэдээллийн сурвалжлагчдыг чөлөөтэй нэвтрүүлдэг болгох амлалт өгсөн. Хэдий тэрээр цар тахалтай холбоотойгоор цагаачдыг хүлээн авах боломжгүй гэсэн ч цагаачлалын бодлогыг сайжруулж, шинэчлэл хийхээ мэдэгдсэн.
Тэгвэл хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид цагаачлалын бодлогыг сайжруулна гэсэн нь итгэл найдвар, горьдлого тээн АНУ-ыг зорих Латин америк иргэдийн тоог нэмэгдүүлж, Мексикийн хил дээрх цагаачдын бөөгнөр улам нэмэгдэх шалтгаан болж байна. Тиймээс цаашид цагаачдын бөөгнөрлийн асуудалд ямар арга хэмжээ авах вэ гэж асуусан юм.
Жой Байден энэ талаар “Зусардаж хэлэхэд, би их сайн хүн болохоор хүмүүс наашаа ирсээр байна. Тиймээс л Мексикийн хил дээр ийм асуудал үүсээд байна. Намайг Ерөнхийлөгч болсноос хойш Америк-Мексикийн хил дээрх цагаач хүүхдүүдийн тоо 28 хувиар өссөн. Үнэндээ жил бүрийн эхний гурван сард цагаачдын урсгал нэмэгддэг. Трампын засаг захиргааны үед буюу 2019 онд энэ тоо 31 хувиар нэмэгдэж байсан. Гэхдээ энэ бол Трамп сайн хүн, эсвэл тэр цагаачдад сайн ханддаг болохоор тэд наашаа ирсэн хэрэг биш. Тэд өөрсдийн эх оронд нь нөхцөл байдал хэцүү болохоор амь өрсөн байж цөл гаталж ирдэг. Би өмнө нь дэд Ерөнхийлөгч байхдаа хүмүүс эх орноо орхиж АНУ-ыг чиглэсэн цагаачдын урсгал бий болж буй шалтгаануудыг арилгах чиглэлд жилд 700 сая ам.долларын төсөвтэй хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь Трамп төсвийг нь танаснаар уг ажил зогссон. Үүгээр зогсохгүй тэр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд илүү олон хүн эх орноо орхин дүрвэх шалтгаануудын суурийг тавьсан” гэсэн байна.
Байден Сенатын танхимын хууль батлах доод босгыг бууруулж, Конгрессын шийдвэр гаргалтыг ард түмэнд амласан амлалттайгаа нийцүүлэхийг хүсэж байна
Конгрессын Төлөөлөгчдийн танхим энэ сарын эхээр АНУ-ын Сонгуулийн тухай хуульд реформ хийх хуулийн төслийг баталж, Сенатын танхимд өргөн барьсан. Уг хуулийн төсөлд сонгуулийн санал хураалт явуулах журмыг шинэчилж, муж улсуудаас хараат Конгрессын тойргуудыг хараат бус комиссод шилжүүлэхээр тусгасан юм. Хуулийн төслийг Конгресс баталж, Ерөнхийлөгчид өргөн барихын тулд Сенатын танхимын 60 гишүүн дэмжих шаардлагатай.
Гэвч сонгуулийн хуульд реформ хийх асуудал Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар гацаанд ороод байгаа билээ. Тухайлбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын сонгуулиар бүрэлдсэн Сенатын танхимын бүрэлдэхүүн Бүгд найрамдах нам 50 суудал, Ардчилсан нам 48 суудал, бие даагч хоёр гишүүн болж өөрчлөгдсөн. Хэдий Ардчилсан нам бие даагч хоёр гишүүний дэмжлэгийг авч, дээр нь Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын саналаар “51:50” гэх давуу харьцаа үүсгэж болох ч 60 гишүүний босгыг давахад хангалтгүй юм.
Тиймээс Ардчилсан намын нэр бүхий Сенаторууд Конгрессын дээд танхимын хууль батлах доод босгыг Төлөөлөгчдийн танхим шиг ердийн олонхийн байдлаар өөрчлөх саналыг дэвшүүлсэн. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден хэвлэлийн хурлынхаа үеэр уг асуудлыг дэмжихээ илэрхийлсэн бөгөөд энэ нь түүний Засаг захиргааны хувьд зорьж төлөвлөсөн өөрчлөлтүүдээ саадгүй хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг онцолсон юм.
Тэрээр “Би амлалтуудаа биелүүлэхийг хүсэж байна. Би Конгрессын шийдвэр гаргалтыг ард түмэнд амласан амлалттайгаа нийцүүлэхийг хүсэж байна. Хэрэв Сенатын танхимын санал 50:50 харьцаатай тэнцсэн тохиолдолд АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн санал хайнааг хагалах ёстой. Эсвэл Сенатын танхим дэд Ерөнхийлөгчийн оролцоогүй 51 гишүүний буюу ердийн олонхийн саналаар хууль баталдаг байх ёстой. Хэрэв аливаа асуудал, шийдвэр энэ мэтчилэн бүрэн гацаанд орсоор байвал үүнээс гарах сөрөг үр нөлөө нь миний ярьж байгаагаас ч хэтрэх болно” гэжээ.
АНУ цэргүүдээ Афганистанаас хэзээ татах нь тодорхойгүй байна
Жой Байден ирэх тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд Афганистан дахь АНУ-ын цэргийн хүчийг бүхэлд нь эх оронд нь буцаана гэж мэдэгдсэн.
Тэгвэг тэрээр холбоотнуудын хүсэлт, Ойрхи дорнод дахь тогтвортой байдал, бүс нутгийн аюулгүй байдлын үүднээс цэргүүдийг татах ажил хойшилж байгааг мэдэгдлээ. Жой Байден энэ талаар “Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен энэ долоо хоногт уг асуудлаар НАТО болон бусад холбоотнуудтай уулзалт хийнэ. Батлан хамгаалахын сайд Ллойд Остин саяхан энэ асуудлаар бусад төлөөлөгчидтэй уулзсан. НҮБ-аар удирдуулсан бүлэг Афганистан дахь дайныг дуусгах үйл явцыг тун удахгүй эхэлнэ. Тиймээс бид Афганистанаас цэргүүдээ удахгүй татах болно. Гэхдээ надад яг хэзээ гэдэг талаар төсөөлөл алга” гэсэн байна.
Хойд Солонгос зөрчилдөөн хүсвэл бид зохих хариуг нь өгнө
Хойд Солонгос улс өнгөрөгч лхагва гаригт Япон тэнгист хоёр ч баллистик пуужингийн туршилт хийсэн. Энэ нь Жой Байдены Засаг захиргааны үед Пхеньяны хийсэн анхны зэвсгийн туршилт болсон юм. Тэгвэл хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид түүнээс Хойд Солонгостой хийх харилцаанд баримтлах бодлого, өдөөн хатгалгыг нь тэвчих доод хязгаар нь хаана байх талаар тодрууллаа.
Тэрээр энэ талаар “Хэрэв тэд зөрчилдөөн хүсвэл бид зохих хариуг нь өгнө. Мэдээж бид асуудлыг дипломат замаар шийдвэрлэхэд бэлэн. Гэхдээ аль ч замыг сонгосон эцсийн үр дүн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг эцэслэх нөхцөл дээр тогтох болно” гэх байр суурийг илэрхийллээ.
Жой Байден 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө Доналд Трамптай өрсөлдөнө
Цагаан ордны өмнөх тэргүүн Доналд Трамп 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө мэдэгдсэн. Тэгвэл сэтгүүлчид Жой Байденаас 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө өрсөлдөх эсэх ээ шийдсэн эсэхийг асуусан юм.
Жой Байден энэ талаар “Манай найз намайг 2024 оны сонгуульд өрсөлдөх хэрэгтэй гэсэн. Би ч Доналд Трампыг их үгүйлж байна шүү. Хариулт бол мэдээж тийм. Би 2024 оны сонгуульд өрсөлдөх болно. Ямар ч байсан би хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө өрсөлдөнө гэж төсөөлж байгаа” гэж нэлээд хошигносон байдлаар хариулсан байна.
Хэрэв тэд 2024 оны сонгуульд дахин өрсөлдсөн тохиолдолд Доналд Трамп 77 настай байх бол Жой Байден 81 настай байх юм.
Америкийн хамгийн баян хэсгээс авах татварыг нэмэгдүүлнэ
Цагаан ордны албаны эх сурвалж өнгөрөгч долоо хоногт Жой Байдены Засаг захиргаа Холбооны Засгийн газрын татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлсэн. Хэвлэлүүдийн олж мэдсэнээр татвар нэмэгдүүлэх асуудал нь Жой Байдены сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дэвшүүлсэн нийгмийн хамгийн чинээлэг хэсгээс авах татварыг нэмэгдүүлэх хүрээнд боловсруулагдаж байгаа юм.
Тэрээр хэвлэлийн хурлын үеэр энэ талаар “Доналд Трампын Холбооны Засгийн газрын татварын хэмжээг бууруулах арга хэмжээний хүрээнд хоёр их наяд ам.долларын татварын орлого үгүй болж чөлөөлөгдсөний 83 хувь нь хамгийн чинээлэг хүн амын нэг хувьд ногдсон. Холбооны Засгийн газрын төсөв бол ард түмний амь насыг аврахад зориулагдсан. Гэвч хамгийн өндөр үнэлгээтэй 500 компани дундаас 90 орчим нь хэдэн арван тэрбум ам.долларын орлого олсон хэрнэ нэг ч цент татварт төлдөггүй. Бодоод үз эмч, багш, цагдаа нарын төлж байгаа дундаж татвар жил бүр хэдэн тэрбум ам.долларын орлого олдог нийгмийн хамгийн чинээлэг хүмүүсийн төлж байгаа дундаж татварын хэмжээнээс өндөр байна. Ямар нэгэн зүйл буруу биш байна гэж үү. Би гуравхан зүйлийн төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. Нэгд, Америкийн улс төрийн тогтолцоонд нэр төр, шударга байдал, ёс суртахуун, ил тод байдлыг дахин авчрах. Хоёрт, АНУ-ыг авч явдаг тулгуур багана буюу дундаж давхаргын хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих. Тэд бол энэ улсыг бүтээж, цаашид авч явах хүмүүс. Гуравт, АНУ-ын эв нэгдлийг дахин сэргээх. Магадгүй би Конгрессыг нэгтгэж чадахгүй байх. Гэхдээ би энэ улсыг, ард түмнээ нэгтгэж чадна. Тоо баримтуудыг харсан ч бид хамтдаа явах ёстой” гэжээ.
Намайг АНУ-ын Ерөнхийлөгч байгаа цагт БНХАУ дэлхийн хамгийн хүчирхэг улс болж чадахгүй. Ши Жиньпин бол яг Путин шиг нэг хүний аутократ засаглал ардчиллын ирээдүй гэж боддог хүн.
Жой Байден Цагаан ордны ажлаа хүлээн авсан даруйдаа Бээжинтэй хийх харилцаанд Доналд Трампын хэрэгжүүлж байсан хатуу бодлогыг үргэлжлүүлэн авч явахаа мэдэгдсэн. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид түүнээс БНХАУ-тай үүссэн зөрчилдөөнийг тойрсон худалдааны маргаан, Шинжаан дахь хүний эрхийн асуудлаар хориг арга хэмжээ авсан зэрэг сүүлийн үеийн сэдвүүдийн хүрээнд тодруулсан юм.
Жой Байден энэ талаар “БНХАУ-тай зөрчилдөж буй өнөөгийн асуудлууд бол Вашингтон болон Бээжингийн дунд бий болсон сөргөлдөөний ердөө өчүүхэн хэсэг. Би Ши Жиньпинийг нэлээд дээр үеэс сайн мэднэ. Би дэд Ерөнхийлөгч байх хугацаандаа дэлхийн бусад орны төрийн тэргүүн нар дундаас БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хамгийн олон удаа уулзаж, ойр байж ирсэн. Барак Обама Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн үеэс л бид Ши Жиньпин Хятадын дараагийн төрийн тэргүүн болно гэдгийг мэдэж, түүнтэй ойр байж ирсэн. Бид хоёр нэлээд олон цагаар орчуулагчдаа байлцуулан нэлээд нарийн зүйлсийг дэлгэрэнгүй, гүнзгий ярилцдаг байлаа. Түүнд ардчиллын талаар ямар ч ойлголт байхгүй. Ши Жиньпин бол яг Путин шиг нэг хүний аутократ засаглал ардчиллын ирээдүй гэж боддог хүн. Гэхдээ тэр бол маш ухаалаг хүн.
Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа Ши Жиньпин залгаж баяр хүргэсэн. Бид бараг хоёр цаг гаруй ярилцсан. Тэгээд бид хэд хэдэн зүйл дээр маш тодорхой байр суурь солилцсон. Би түүнд цаашид хоёр орны харилцааг улам муутгах сөргөлдөөн, өрсөлдөөн хүсэхгүй байгаагаа тодорхой хэлсэн. Дараа нь би Бээжин олон улсын дүрэм журамд нийцэхгүй шударга бус өрсөлдөөн хийж байгаа явдалтай санал нийлэхгүй гэдгээ хэлсэн. Гуравт би хэрэв энэ байдал үргэлжилбэл бид ч гэсэн үр дүнтэй аргаар хариу барих болно гэдгээ ойлгуулсан.
Бид шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийх болно. Манай улс 1960-аад онд ДНБ-ийнхээ 2 хувийг зөвхөн шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулдаг байсан. Одоо энэ тоо ердөө 0.7 хувь болсон. Бид ирээдүйд үүний ашиг тусыг хүртэх хүмүүсийн төлөө энэ байдлыг өөрчилж, шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулах хөрөнгө оруулалтыг ДНБ-ийн 2 хувьд ойртуулах болно. Ирээдүй хойч маань квант тооцоолуур, хиймэл оюун, технологи, эрүүл мэнд, биотехнологийн салбарын бүх дэвшлүүдийг түрүүлж хүртэх болно. Хятад улс алсын хараандаа биднээс илүү хөрөнгө оруулалтыг хийж байна. Учир нь тэд ирээдүйг эзэгнэхийг хүсэж байгаа.
Дараа нь бид холбоотнуудтайгаа хийх харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлнэ. Үүнийг Хятадын эсрэг эвсэл, хүч үүсгэж байна гэж харж болохгүй. Гэхдээ бид Бээжингийн түрэмгийлэлд холбоотнуудтайгаа хамтран хариуцлага тооцох болно. Би саяхан Япон, Австрали, Энэтхэг буюу “QUAD” бүлгийн бусад гурван орны төрийн тэргүүнтэй дөрвөн талт уулзалт хийсэн. Бидэнд байгаа нийтлэг үнэт зүйл бол ардчилал юм. Бидэнтэй ижил ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэгч орнуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй. Ирээдүйн талаар хэлэлцэхийг урьж байна.
Эцэст нь би аль ч орны төрийн тэргүүн тухайн улсынхаа үнэт зүйлсийг төлөөлж чадахгүй бол албан ташаалдаа тогтвортой оршин тогтнож чадахгүй гэдгийг онцолмоор байна. АНУ-ын үнэт зүйл бол эрх чөлөө, хүний эрх, ардчилал юм. Тиймээс хэрэв дэлхийн аль нэг улс хүний эрх, эрх чөлөөг боогдуулсаар байгаа тохиолдолд АНУ түүний эсрэг зогссоор байх болно. Би үүнийг Ши Жиньпинд ч маш тодорхой хэлсэн. АНУ-ын өөр ямар ч Ерөнхийлөгч Тайвань, Хонконг, Шинжаан дахь Уйгур иргэдийн асуудлыг хараагүй мэт дуугүй сууж чадахгүй. Энэ бол бидний мөн чанар. Хэрэв АНУ-ын хэн нэг Ерөнхийлөгч ардчилал, хүний эрх, эрх чөлөөг боогдуулж байгаа асуудлын дэргэдүүр чимээгүй өнгөрөх нь бид өөрсдөөсөө урваж, ухарсан хэрэг болно.
Тиймээс би ирэх жилүүдэд Бээжинтэй нэлээд ширүүн зөрчилдөнө гэж харж байна. БНХАУ дэлхийн хамгийн баян, хамгийн хүчирхэг тэргүүлэгч улс болох зорилт тавьсан. Би үүнийг үгүйсгэж, шүүмжлэхгүй. Гэхдээ намайг АНУ-ын Ерөнхийлөгч байгаа цагт ийм зүйл болохгүй. Учир нь АНУ улам хөгжиж, өргөжин тэлэх болно” гэсэн юм.
Эх сурвалж: CNBC, CNN, USA Today
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ