Улс төр
Чуулган шөнийн 04 цаг өнгөртөл хуралдав

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр шөнийн 02 цаг 12 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа.
Прокуророос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Иймд уг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Энх-Амгалан нар гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 59 гишүүний 57.6 хувь нь дэмжлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага байгаа талаар тайлбарлан, өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулах горимын санал гаргав. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.3 хувь нь дэмжлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийг санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.
Улсын Их Хурлын 40 орчим гишүүн УИХ-ын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд гацаж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг заажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороо үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ нар асуулт асууж, тодруулга хийлээ. Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт нар илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар төсөл дэх зохицуулалт парламентын засаглал бүхий ардчилсан Монгол Улсын төрийн дархлааг сулруулах эрсдэл дагуулах магадлалтайг сануулж байв.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 54 нь буюу 97.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын прокурорын саналыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/91 тоот албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан танилцуулсан.
Улсын Их Хурлын дээрх нэр бүхий гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар тус тус танилцуулав. Энэхүү асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо тус бүр Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг нар Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж болон Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нараас асуулт асууж, хариулт авсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж цаг хэт орой болсон байгаа тул нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх асуудлаар дөрвөн цагийн завсарлага авч буйгаа мэдэгдэв.
УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь завсарлага авахтай холбоотой зохицуулалтын талаар Тамгын газраас тодруулга авсны дараа УИХ дахь АН-ын бүлэгт 6 цагийн хугацаатай завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ. Ийнхүү 04 цаг 30 минутад Улсын Их Хурлын чуулган өндөрлөв.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм21 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм22 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм22 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр21 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна