Улс төр
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЖИЛ БҮР 420-ООС ДООШГҮЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо.
Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, “Богдхан төмөр зам”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганд үг хэлэхдээ:
– Хот, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангана
– Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн жам ёсны урсгалтай уялдуулж шинээр зохион байгуулна
– Хотын төвлөрлийг багасгах цогц арга хэмжээ авна
– Нийтийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийг үе шаттай шийдвэрлэнэ
– Хүн амын тал нь оршин сууж байгаа хотын асуудлыг нийслэлийн удирдлагуудад даатгаж орхихгүй, нийслэлчүүдтэйгээ хамт байж, сэтгэл гарган хамтран ажиллана гэдгээ мэдэгдэж байсан юм. Энэ дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр явууллаа.
Хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар тухайн салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав.
Түгжрэлийг бууруулахад жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөг зарцуулна
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор 2022-2024 онд жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж байхыг сайд Б.Жавхланд даалгав. Түгжрэлийг бууруулах, нийтийн тэврийн үйлчилгээний чанарыг сайжруулах гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах гэрээ, хэлэлцээр байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
Дээрх хөрөнгийг автозам, замын өргөтгөл, шинэчлэл, зогсоол, уулзвар, нүхэн гарц, гүүрэн байгууламж, хурдны зам барих, нийтийн тээврийн парк шинэчлэл зэрэг цогц арга хэмжээнд зарцуулах юм. Мөн багтаамж ихтэй, үр ашигтай байх нийтийн тээврийн шинэ төсөл, арга хэмжээг энэ онд боломжит эх үүсвэрээр санхүүжүүлнэ.
Нийслэл хот өнгөрсөн хоёрдугаар сард зургаан дүүргийн 400 орчим мянган хүний дунд судалгаа явуулахад 85 хувь нь “түгжрэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” гэсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын танилцуулгаас үзвэл:
– Замын хөдөлгөөний хурд 13 км/цаг, оргил цагт 8.9 км/цаг, өөрөөр хэлбэл нэг км замыг дунджаар 10 минутад туулдаг
– Нийт замын 78 хувь нь түгжрэлтэй. 2010 онтой харьцуулахад гол замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн
– Иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөдөг. Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарчээ.
Хотын даргын хэлснээр хөдөлгөөн тэг зогсолтын хэмжээнд, зам байгууламж болон зорчих хөдөлгөөн хамгийн муу буюу сүйрлийн түвшинд байна.
Нийслэл хот багтаамж ихтэй нийтийн тээвэр, суурь дэд бүтэц, замын сүлжээг нэмэх, дагуул хот, дэд төвийг хөгжүүлэх, цэцэрлэг, сургууль болон “Богдхан төмөр зам” барьж хэт ачааллыг бууруулах бодлого боловсруулжээ.
Ялангуяа багтаамж ихтэй нийтийн тээвэр нэвтрүүлэх, паркийг нь шинэчлэх, замын дэд бүтцийг сайжруулах, автомашины зогсоол нэмэх нь нэн тэргүүнд хийх ёстой ажил гэж үзэж байна.
2024 он гэхэд байгальд ээлтэй 500-1,000 автобус үйлчилгээнд гаргаж, 290 буудлыг шинэчлэн, 5,000 автомашины зогсоол шинээр байгуулахаар төлөвлөсөн. Мөн гол гудамж зам, тойрог замын сүлжээ, хороолол дундах холбоос зам, зургаан нүхэн гарц, зургаан уулзвар, долоон гүүр, 98 км явган, 249 км дугуйн замыг шинээр барьж, өргөтгөж, шинэчлэх юм. Цогц арга хэмжээ авснаар 2024 он гэхэд түгжрэлийг 50 хувь бууруулах зорилт тавиад байна.
“Богдхан төмөр зам” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, суурьшлын бүсийг үе шаттай байгуулах зорилгоор “Богдхан төмөр зам”-ыг барьж ашиглалтад оруулах ажлаа эрчимжүүлэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, Богдхан уулсын дархан цаазат газрын хилийн заагт өөрчлөлт оруулах эсэх, нийслэл Улаанбаатар хот, Төв аймаг хооронд үүссэн газрын хилийн цэсийн маргааныг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгав.
Богдхан уулын урд талаар Мандал өртөө-Багахангайг холбосон 175 км төмөр зам барьж ачаа тээвэр, транзит тээврийн урсгалыг нэмэхээр төлөвлөөд байна. “Богдхан төмөр зам” нь Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор дагуу байрлах тул түүнийг түшиглэн Шинэ Зуунмод /Аэросити/ хотод ачаа тээврийн нэгдсэн зангилаа төв байгуулах юм.
Энэ дагуу 135,8 км замыг шинээр тавьж, одоо байгаа 39 км-ыг нь сайжруулах, тахир тойрууг багасгах техникийн шийдлийг нь гаргаж байна.
Хотын дөрвөн хэсэгт төмөр болон автозам нэг түвшинд огтлолцож байгаа нь түгжрэл үүсэхэд нөлөөлж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Тухайлбал:
– Таван шарын уулзвараар хоногт 57 галт тэрэг өнгөрөхөд нийт 171 минут
– Энхтайвны гүүрний зүүн талын түр гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут
– Дүнжингарав худалдааны төв орчмын гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут
– Амгалан орчмын гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут автомашины хөдөлгөөнийг хааж байна.
Улаанбаатар хот болон бусад төвийн хоорондох зорчигчийн, дулааны цахилгаан станцуудад нүүрс хүргэдэг галт тэргээс бусад ачааны галт тэргийг “Богдхан төмөр зам”-аар явуулах боломжтой. Ингэснээр автомашины хөдөлгөөн хааж байгаа хугацааг дунджаар 62 минут болгож бууруулах судалгаа гарчээ. Мөн дээрх гармуудад гүүр, нүхэн гарц хийвэл хөдөлгөөн хаах шаардлагагүй болох хувилбар ч байна.
Мөн хот дотор байгаа нефть бааз, худалдааны томоохон зах, тээвэр логистикийн төв зэргийг “Богдхан төмөр зам”-ын трассын дагуу Хөшигийн хөндийн логистикийн төвийг түшиглэн үе шаттай шилжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр хот руу чиглэх галт тэрэгний хөдөлгөөн 15-20 хувь буурах юм.
4,000 орчим хүн 271 тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна
2021 оны 05 дугаар сарын 17-ны байдлаар 3,944 хүн 271 тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их гэсэн үг юм. Цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулахын тулд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даах талаар судалж байна.
Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр орон сууцны найман хороолол барих төсөл хэрэгжүүлж байгаа. Ингэснээр 100 орчим мянган иргэн 28,569 айлын орон сууцанд амьдрах юм.
Засгийн газар “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Нийслэлд 100,000 айлын орон сууц барих бөгөөд 2020 оны жилийн эцсийн өссөн дүнгээр 47,149 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.
Улсын хэмжээнд 897 мянга гаруй өрх байдаг. Нийслэлийн 411 мянга гаруй өрхийн нь 201 мянга нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц, бие даасан тохилог сууцанд, үлдсэн 209 мянга нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон гэрт амьдарч байна. Нийслэлийн 411 мянган өрхийн 10.3 хувь буюу 42.3 мянга нь өөрийн гэсэн сууцгүй гэсэн статистик мэдээ гарчээ.
Хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг шийднэ
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд салбарын сайд нар цэвэрлэх байгууламж, усан хангамж, дагуул хот, дулаан, цахилгаан, эрчим хүчний дэд бүтцийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан хотын цахилгаан дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны гуравдугаар цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн тус станцыг өргөтгөж шинэчлэх төсөлтэй уялдуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Мөн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, авч байгаа хариу арга хэмжээ, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны талаар хэлэлцэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр21 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент22 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна