Нийгэм
ОРОН НУТГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ДОТУУР БАЙРНУУДЫН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АСУУДЛЫГ ШИЙДНЭ
Өнөөдөр БШУЯ, БОАЖЯ, БХБЯ-ны гурван сайд Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдтэй уулзаж сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халж ариун цэврийн байгууламж барих болон сурагчдын хичээлийн хоцрогдолыг арилгах цогц төлөвлөгөөний асуудлаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрнуудын модон жорлонг халж, орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэх болсон. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 21 аймгийн 330 сумын 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр модон жорлонтой байгаа бөгөөд үүний долоон сургууль нь Улаанбаатар хотод байна. Нүхэн жорлонг эко ариун цэврийн байгууламжаар шинэчлэхэд тулгардаг асуудлууд болох орон нутгийн усны хүртээмж, цахилгаан эрчим хүч, ашиглалтын зардал, дэд бүтэц зэрэг томоохон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр гишүүд санал солилцож, ярилцсан юм.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг холбогдох стандартад нийцүүлэн шинэчилснээр сурагчдын орчны бохирдлоос үүдэлтэй халдварт өвчний тархалтыг бууруулах, тав тухтай орчинд суралцах боломжийг хангахаас гадна хөрсний бохирдлыг бууруулах, гүний усны чанарыг сайжруулах зэрэг байгаль орчинд ээлтэй эерэг үр дүнгүүд гарна. Тиймээс сургууль цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, ариун цэврийн байгууламж барих асуудлыг яаравчлахын зэрэгцээ зөв технологийг сонгох асуудал хамгийн чухал” гэсэн юм.
Уулзалтаар хэлэлцүүлсэн асуудлыг гурван яамны хамтарсан ажлын хэсэг ирэх даваа гарагт Намын бүлэгт танилцуулснаар Орон нутагт сургууль , цэцэрлэг, дотуур байрны Ариун цэврийн байгууламж барих ажлын технологийн шийдэл, байршлын судалгааны ажлууд эхлэхээр байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.