Дэлхий дахинд
Трамп, Ким Жон Ун нар ирэх сарын дундуур уулзаж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун нарын уулзалт ирэх сарын дундуур Вьетнамд болж магадгүй. Энэхүү хувилбарыг Цагаан ордны тэргүүн санал болгосон тухай Yonhap News өнөөдөр мэдээллээ.
Өнгөрсөн оны 06 дугаар сарын 12-ны өдөр АНУ, Хойд Солонгосын тэргүүнүүдийн түүхэн дэх анхны уулзалт болж, уулзалтаар талууд хамтарсан баримтад гарын үсэг зурсан билээ. Тухайлбал, Пхеньян Вашингтоноос аюулгүйн баталгаа авсны хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход бэлэн байгаагаа зарласан.
Харин 12 дугаар сарын 2-нд Трамп БНАСАУ-ын удирдагчид 2019 оны 1, эсвэл 2 дугаар сард уулзалт товлох санал тавьжээ. Түүнчлэн тэрбээр эрт орой хэзээ нэгэн цагт Хойд Солонгосын төрийн тэргүүнийг АНУ-д албан ёсны айлчлалаар урих болно гэжээ.