Энтертайнмент
Д.Миндиашвилигийн нэрэмжит тэмцээнд Г.Мандахнаран хүч үзнэ
Олимп, дэлхийн аварга цуут бөх Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов тэргүүтэй олон шилдэг хүчтэнүүдийн анхны багш, ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит тэмцээн энэ сарын 18-20-нд ОХУ-ын Красноярск хотноо болно.
ОХУ-ын чөлөөт бөхийн холбоо тус тэмцээнээс долоо хоногийн дараа болох Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д уг тэмцээнд түрүүлсэн бөхчүүдийг оролцуулахаар шийдвэрлээд байгаа юм.
Манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Т.Түвшинтулга, Д.Хүдэрбулга, О.Үйтүмэн, Ө.Батзул, Б.Нэмэхбаяр, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Г.Идэрхүү, Г.Отгонбаатар, Б.Хаш-Эрдэнэ, Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Бямбадорж, Г.Ганхуяг тэргүүтэй 70 гаруй бөхчүүд зодоглоно.
ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран өнөө жилээс 70 кг-д, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 57 кг-ын жинд барилдахаар болоод байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.