Сав шим
ИНДОНЕЗЫН ИРГЭД МАТРЫН ХҮЗҮҮНЭЭС ТАВАН ЖИЛИЙН ТУРШ ЗҮҮГДСЭН ДУГУЙГ САЛГАЖЭЭ
Индонезын Сулавеси арлын Палу хотын иргэд нэгэн зэрлэг матрын хүзүүнд таван жилийн турш зүүлттэй байсан мотоциклын дугуйг амжилттай салгаж чаджээ.
5.2 метр урт биетэй уг матар 2016 оноос хойш хүзүүндээ дугуйтай явсан юм байна.
Сайн санаат хүмүүс өмнө нь матрын хүзүүнээс дугуйг салгах гэж хоёр удаа оролдоод бүтэлгүйтэж байжээ.
Гурван долоо хоног үргэлжилсэн ажиллагааны үр дүнд Даваа гарагийн орой тэд тахиагаар өгөөш хийж урхидаад аварга матрыг голын эрэг дээр чирч гаргасан байна. Матрыг олсоор чирч гаргахад арав гаруй хүн оролцжээ.
Өмнө нь иргэд завь чирэхэд ашигладаг олсоор матрыг чирсэн нь даалгүй тасарч байсан гэнэ.
Энэ удаа илүү бөх материалтай олс ашигласан нь үр дүнд хүрсэн байна.
“Би зовж байгаа амьтанд туслахыг хүссэн юм. Матрын бие итгэмээргүй хүнд байсан тул бүгд маш их ядарлаа” гэж аврах ажиллагааг санаачилсан 34 настай Тили орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Матрын хүзүүнээс дугуйг салгасны дараа голын усанд буцааж тавьсан байна. Палу хотын ойролцоох энэ голд одоо 30 гаруй матар амьдардаг гэнэ.
2020 оны эхээр орон нутгийн захиргаа матрын хүзүүнээс дугуйг салгаж чадвал шагнал өгөхөө амлаж байсан ч матрын аюулгүй байдлыг бодолцоод удалгүй уралдаанаа зогсоож байжээ.
Хэдийгээр уралдаан цуцлагдсан ч Палу хотын захиргаа аврах ажиллагааг санаачилсан Тилид тусгай шагнал олгохоор болсон байна.
Матрыг анх хэн нэгэн барих гэж оролдох үеэр хүзүүнд нь дугуй зүүлгэсэн байж болзошгүй гэж байгаль хамгаалагчид дүгнэжээ. Индонезын арлуудад дөрвөн төрөл зүйлийн матар амьдардаг байна.
Эх сурвалж: AFP
Сав шим
ӨТЦИ МУМИ ОЛДСОН ӨДӨР
Германы аялагчид болох Хелмут болон Эрика Саймон / Helmut, Erika Simon/ нар 1991 оны есдүгээр сарын 19-ний өдөр Австри-Италийн хил дээр орших Өтцтал Алпийн /Ötztal Alps/ нурууны зүүн хэсгийн Симилаун уулны /Similaun/ Тизенжочийн /Tisenjoch/ давааны орчимд 3210 метрийн өндөрт нэгэн ер бусын цогцостой таарчээ. Тэд анх харсан даруйдаа саяхан шиг нас барсан уулчны цогцос гэдэгт бат итгэлтэй байв. Маргааш нь тухайн уулыг хариуцсан байгаль хамгаалагчид, ойролцоох Симилаунхюттийн /Similaunhütte/ хамгаалагчидтай нийлэн цогцсын мөсөн дор барьцалдан хөлдсөн хэсгийг өрөм болон, сүх ашиглан гаргах гэж оролдсон боловч цаг агаарын таагүй байдлаас болоод чадалгүй буцан буужээ.
Дуулианаар богино хугацаанд найман бүлэг газар дээр очсоны дотор уулчин Ханс Каммерландер, Райнхольд Месснер /Hans Kammerlander, Reinhold Messner/ нар ч байлцав. Эцэст нь есдүгээр сарын 22-нд цогцсыг бүрэн гаргаж авч чадсан бөгөөд маргааш нь аюултай бүсээс холдуулжээ. Түүнийг ойролцоо олдсон бусад эд зүйлсийн хамтаар Инсбрук /Innsbruck/ дахь эмнэлгийн шинжилгээний газарт хүргэв. Олдворыг анх есдүгээр сарын 24-ний өдөр Инсбрукийн Их Сургуулийн археологич Конрад Спиндлер /Konrad Spindler/ судалжээ. Спиндлер хамт ирсэн эд зүйлсийн дунд байгаа сүхний байдлаас хараад түүнийг “дор хаяж дөрвөн мянган жилийн настай” хэмээн анхны он цагийг тогтоожээ.
Цогцос болон дагалдах эд зүйлсийн дээжийг шинжилсний эцэст уг цогцос нь МЭӨ 3359-3105 оны хооронд буюу одоогоос даруй таван мянга орчим жилийн өмнө амьдарч байсан хүн гэсэн эргэлзээгүй дүгнэлт гаргажээ. Түүнийг олдсон уулынх нь нэрээр “Өтци” /Ötzi/ гэж онцлох болсон ч зарим тохиолдолд “Мөсөн хүн” /Iceman/ ч гэж бичсэн байдаг. Өтци бол Хальколитын (зэс зэвсгийн үе) /Chalcolithic (Copper Age)/ үеийн төлөөлөл болж Европоос олдсон хамгийн эртний байгалийн хүн муми юм.
Мөн анх олсон Саймоны гэр бүл олон жил түүхэн дурсгал олсны 25 хувь авах талаар маргаан үүсгэсэн. Тэдний дундуур ахиад хоёр ч “нээлт хийгч” гарч ирсэн ч баталгаа олдоогүй. Харин мужийн зүгээс тэдний нэхэмжилсэн 300 мянган ам.доллар их хэмээн давж заалдаж байх хооронд 2004 онд нөхөр Хелмут нь нас баржээ. Ийнхүү 2008 онд мужийн захиргаа хатагтай Саймонд 150 мянган евро олгох шийдвэр гаргасан.
Сав шим
500 САЯ ЖИЛИЙН ТУРШ МАНАЙ ДЭЛХИЙ 5 МӨХЛИЙГ ҮЗЖЭЭ.
Сав шим
Нойргүйтлээс салах аргууд
Сэтгэл санааны байдал, ажлын ачаалал зэргээс “insomnia” буюу нойргүйдэлтэй болсон хүмүүс цөөнгүй байдаг. Хүний биеийн хамгийн чухал процессуудын нэг болох нойрыг шаардлагатай хэмжээгээр, бүрэн авч чадахгүй байгаа нь сэтгэц болон биеийн эрүүл мэндэд маш том нөлөөтэй билээ. Тийм ч учраас уг өвчнийг эмчлэхийг олон эмч, сэтгэл зүйчид зөвлөж бас сануулж байдаг.
Тэгвэл асуудлыг хүндрэхээс өмнө авч хэрэгжүүлж байх, тун энгийн мэт боловч маш үр дүнтэй аргуудыг сэтгэл зүйчид зөвлөж байна. Та бүхэн цаашид гарах хор нөлөөллийг бодолцож үзэн, орондоо шаналж, утсаа оролдож эсвэл элдвийг бодож хэвтэхийн оронд эдгээр зөвлөгөөг дагаад үзээрэй.
Нэг. Биеийн хэсгүүддээ анхаарлаа төвлөрүүлж, нарийвчилж шинжиж үзэх. Бүх биеэ суллаж, чангарсан булчин байгаа эсэхийг олж мэдэх. Хэрэв тийм бол унтахаар хэвтэхээс өмнө уг булчин суллаж, иллэг хийх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.
Хоёр. Хэлний үзүүрээр дээд шүдний арын хэсэгт нааж, хэсэг хугацаанд тэр байдлаараа байх.
Гурав. Хэлээ наасны дараагаар хамраараа гүн дөрвөн секундийн турш гүн амьсгаа ав. Үүний дараагаар амьсгаагаа долоон секундийн турш барих хэрэгтэй. Долоон секунд өнгөрсний дараа найман секундийн турш маш тайвнаар найман секундийн турш амьсгалаа гаргах хэрэгтэй. Уг үйлдлийг та өөртөө тааламжтай байдлаар хэдэн ч удаа давтаж хийж болно.
Дөрөв. Дахин биеэ шалгаж чангарсан булчин байгаа эсэхийг үзэж, хэрэв тийм бол иллэг хийх байдлаар суллаж, амраах хэрэгтэй.
(Жич: Уг 4-7-8 секундийн амьсгалын арга нь хэдийгээр жор дээр бичигдэхгүй ч нойрны эмтэй ижил үйлчилгээтэй, эрүүл арга гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэснээр та бодлуудаасаа салж, бие тань тайвширч бага хугацааны дараа нойрны ертөнцөд аялах боломжтой болох юм.
Тав. Уг үйлдлийг хийж дууссаны дараа таны бие маш тайвширсан байх болно. Хэрэв таны нойр хараахан хүрч эхлээгүй байгаа бол ном унших эсвэл биеэ суллаж хэвтэх зэрэг арга хэмжээг авч болох юм.