Дэлхий дахинд
86 настай япон уулчин Өмнөд Америкийн ноён оргилд гарч чадалгүй буцжээ
Японы уулчин, мэргэжлийн цаначин, 86 настай Юичиро Миура далайн түвшнээс 6,959 метрийн өндөрт оршдог Өмнөд Америкийн хамгийн өндөр оргил Аконкагуагаас эмчийн шаардлагаар буух болсноо өнөөдөр мэдээлжээ.
“Би оргилд гарч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ч эмчийн шаардлагыг хүлээж авахаар боллоо” гэж тэр хэлсэн байна. Миура 6,000 орчим метрийн өндөрт орших Плаза Колера уулчдын отогт хүрээд байсан юм.
Юичиро Миура нь 2013 онд 80 насандаа Эверестийн оройд гарч, дэлхийн ноён оргилд гарсан хамгийн өндөр настай хүн болж байжээ.
Тэрээр Аргентинд оршдог Аконкагуа уулын оройд 1985 онд гарч байсан юм.
Баасан гарагт Плаза Колерад хүрээд тохиромжтой цаг агаарыг хүлээж байсан ахмад уулчны биеийг эмч нь үзээд цааш авирвал зүрхний дутагдалд орох аюултай гэж дүгнэсэн байна.
Түүнтэй хамт явж байгаа эмч Казуэ Оширо “Энэ өндөр бол 86 настай хүний хувьд биологийн дээд хязгаар юм. Тиймээс түүнийг гэрт нь эсэн мэнд буцаахын тулд би ийм шийдвэр гаргалаа” гэж ярьжээ.
2003, 2008 онуудад далайн түвшнээс 8,848 метр өндөр Эверестийн оргилд гарсан Миура цанаар гулгаж байгаад авсан гэмтлээ эдгээж, зүрхний мэс засал хийлгэснийхээ дараа 2013 онд дахин гарч дэлхийн дээд амжилтыг тогтоож байв.
Эх сурвалж: Kyodo News