Дэлхий дахинд
БНХАУ-ын нүүрсний олборлолт сүүлийн 3 жилийн дээд түвшинд хүрэв
Сүүлийн өдрүүдэд “China Shenhua Energy” компанийн хувьцааны арилжааны тоо ширхэг сүүлийн 20 өдрийн дунджаас хоёр дахин өндөр байгаа талаар “Bloomberg Intelligence” мэдээллээ.
Хэдий тийм боловч өнгөрсөн долоо хоногт “Deutsche Bank” “China Shenhua Energy”-ийн хувьцааны зорилтот ханшийг 30.5 хонгконг доллар байсныг 24.3 хонгконг доллар болгон бууруулжээ.
Өнгөрсөн оны эхний 11 сард БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний импорт сар тутамд дунджаар 18 орчим сая тонн байсан ч оны сүүлчээс нүүрсний импортоо хязгаарлах бодлого баримталж эхэлсэн юм.
БНХАУ-ын нүүрсний олборлолт 2015 оноос хойш байгаагүй хэмжээгээр өссөн байна
Улмаар 2017 оны түвшинд хүрч буурах төлөвтэй гэж “Deutsche Bank” таамаглаж байна. Мөн нүүрсний ханш буурах төлөвтэй байгаагаас “China Shenhua Energy” 2019 болон 2020 оны орлогын төлөвөө бууруулсан зэргийг “Deutsche Bank” харгалзан үзжээ.
Үүнээс гадна өнгөрсөн онд БНХАУ-ын нүүрсний олборлолт 2015 оноос хойш байгаагүй хэмжээгээр өссөн байна. Тухайлбал, өмнөх жилийнхээс 5.2 хувиар нэмэгдэж, 3.55 тэрбум тонн болсон байна. Ялангуяа зөвхөн 12 дугаар сард л гэхэд 2.1 хувиар өсөж, 320.38 сая тонн болсон талаар БНХАУ-ын Статистикийн товчоо мэдээлжээ. 2018 оны сүүлийн хоёр сард нүүрсний импортоо хязгаарласныг тус улсын дотоодын олборлогчид ашиглаж чадсан гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид дүгнэсэн байна.
2019 онд олборлолт өндөр байна гэж үзэж байгаа аж. Хэдий тийм боловч аюулгүй ажиллагаа сахихтай холбоотойгоор зарим уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа нь оны эхэнд нийлүүлэлтэд нөлөөлж магадгүй байна. Тухайлбал, “Fatal” уурхайн осолтой холбоотойгоор I улиралд нүүрсний нийлүүлэлт 18 сая тонноор багасаж, улмаар ханшид нөлөөлж магадгүй гэж “Citic Securities” таамаглажээ.
Т.Элиса
BloombergTV.mn