Дэлхий дахинд
Криштиану Рональду татвараас зугтсан хэргээр 2 жилийн хорих ял, 19 сая еврогийн торгууль хүлээлээ
Португалийн хөлбөмбөгийн од Криштиану Рональдуд өчигдөр Испаний нийслэл Мадридын шүүхээс 18.8 сая еврогийн торгууль, 23 сарын хорих ял оноолоо.
Тэрээр Испаний Реал Мадрид клубт тоглож байх үедээ татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгагдсан юм. Одоо Италийн Ювентус клубт тоглож байгаа Рональду найз бүсгүй Жоржина Родригезын хамт Мадридын шүүхэд ирээд ердөө 15 минутыг зарцуулсан байна.
Шүүхийн шийдвэрийг урьдчилан зөвшөөрсөн тул тэр зөвхөн баримт бичигт гарын үсэг зурах зорилготой иржээ. 33 настай хөлбөмбөгийн од папарацци нараас зугтаж, автомашинтай шүүхийн хашаанд нэвтрэх хүсэлт гаргасныг Испаний тал зөвшөөрөөгүй байна.
Тиймээс тэр шүүхийн байрны гадна алхаж явахдаа сэтгүүлчидтэй нүүр тулж, гарын үсгээ өгч байсан юм. Испаний шүүх Рональдугийн хэргийг ноцтой гэж үзээгүй тул хоёр жил орчим хугацаанд хоригдох ялыг нь тэнсэн харгалзах ял болгон өөрчилжээ. Тиймээс 5 удаагийн “Алтан бөмбөг”-ийн эзэн маань торны цаана суухааргүй болж байна.
Тэр өмнө нь мөн л татвар төлөхөөс зугтсан хэргээр 13.5 сая еврогийн торгуулийг Испаний засгийн газарт төлж байсан гэдэг.
Эх сурвалж: Russia Today